solongonews
Хятадын уламжлалт таван сарын шинийн тавны ”Дуань Ү” баяр
2017-05-27 20:20
Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Хятадын баярын нэг болох ”Дуань Ү” буюу билгийн тооллын 5 дугаар сарын шинийн тавны баяр юм.

Билгийн тооллын "Дуань Ү" баярын үүсэл гарлын тухай олон яриа бий. Зарим хүмүүс энэ баяр бол эртний Шя улсын үеийн зан үйл гэх бол зарим нь эртний Хөхмөрөн орчмын хүмүүсийн луугийн шүтээнээ тахидаг байсан зан үйл хэмээн ярьдаг. Гэвч Хятадын иргэдийн дунд хамгийн өргөн яригддагаар бол "Дуань Ү" баяр нь эртний эх оронч яруу найрагч Чюй Юанийг дурсах өдөр гэж үздэг. Чюй Юань МЭӨ 3-р зууны Чү улсын үед амьдарч байжээ. Түүний эх орон дайсагнагч оронд эзлэгдсэний дараа тэрээр маш эмгэнэлтэйгээр Ми Ложян мөрөнд үсрэн орж амиа хорлосон байна. Энэ өдөр билгийн тооллын 5 дугаар сарын 5-ны өдөр байсан аж. Түүнээс хойш хүмүүс энэ нэртэй эх оронч Чюй Юанийг дурсаж Зүн зи буюу хулсанд цагаан будаа боож мөрөнд шидэж тахидаг байсан бол сүүлд шүлхий будааг хулсны навчинд боож хийдэг болсон байна.

Хулсны навчинд боосон шүлхий будаа идэх нь таван сарын шинийн тавны баярын хамгийн чухал заншил юм. Таван сарын шинийн тавны баярын өмнөх шөнө айл бүр хулсны навчинд шүлхий будаа боож жигнээд баярын өдөртөө бэлдэж тавина. Yүнийг өөрсдөө идэхийн зэрэгцээ айл саахалт, төрөл садан, найз нөхдөдөө бэлэг болгон өгдөг юм.

Хулсны навчинд боосон шүлхий будаанаас гадна Хятад хүмүүс мөн давсалсан галууны өндөг идэж, шар архи уудаг. Үүнийгээ гай барцдыг арилгаж байна гэж үздэг.

Мөн тус баяраар онцгой содон засал чимэглэл хийх заншилтай.Энэ өдөр тохиоход айл бүр үүдэндээ суйх өвс болон гурвалж өвс өлгөдөг. Энэ нь нэг талаар гай барцдыг арилгах, нөгөө талаар зуны эхээр хур бороо элбэг чийгтэй байж, хорхой шумуул их, өвчин дэлгэрдэг болохоор энэ хоёр төрлийн эмийн ургамал нь эдгээр өвчнөөс зохих хэмжээнд урьдчилан сэргийлж чаддаг байна.

Хятадын өмнөд нутгийн Хөхмөрний дунд доод сав газраар луут завины тэмцээн зохион явуулдаг нь ч энэ баярын чухал зан заншлын нэг юм. Энэ уламжлалт заншлыг мөн Чюй Юаньтай холбож ярьдаг. Уламжлал яриагаар Чюй Юань Ми Ложян мөрөнд үсэрч амиа хорлоход ард иргэд тvvнийг аврахаар усан онгоцоор очсон юм байна. Хожим нь өөрчлөн таван сарын шинийн тавны өдрөөр луут завины тэмцээн зохиодог заншилтай болжээ.

Мөн сүүлийн жилүүдэд тус баярыг Хятад даяар тэмдэглэдэг болж, бүх нийтээрээ 3 хоног амардаг болсон байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл