solongonews
Пол Маккартни-амьдралыг үзэх үзэл
2017-01-23 13:35
Тоглолт дээрээ би үзэгчид шигээ сэтгэл догдолдоггүй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөгжимчин, 73 настай, Лондон

“Нэр цууд гарна гэдэг бол аймшигтай зүүд. Чи түүнийг өөрөө төрүүлсэн атлаа түүнээсээ гарч чадахгүй”

Энд хоёр л шалтгаан байгаа: Энэ нь надад таалагддаг, энэ нь бас миний ажил. Гэвч гурав дахь шалтгаан бий. Энэ бол үзэгчид. Ямар нэг юмыг дуулчихаад зүйрлэшгүй хайрын мэдрэмж төрнө. Таалагдахгүй хүн гэж байх уу?

Тэтгэвэртээ гарах уу? Гэртээ суугаад теливизор үзэх үү гэж үү? Хүмүүс тэгдэг л биз дээ. Цэцэрлэгт зугаалж, гольф тоглоод л. Үгүй шүү, баярлалаа. Аз болоход, аль хэдийн яваад өгсөн миний менежер, хэзээ ч билээ дээ, тавь хүрээд тайван амьдралд шилжихийг надад зөвлөж байж билээ. Нас  ахих тусам чи онцгүй харагдана гэж түүнийг хэлэхэд “Бурхан минь, түүний ч зөв юм бил үү” гэж ч бодож байлаа.  Гэсэн ч би уран бүтээлээсээ таашаал авсаар л байна. Би тайзан дээр гарах боломжоосоо таашаал авсаар л байна. Эргэн тойронд минь тайван амьдралд шилжихээр шийдсэн хүмүүс дүүрэн байна.  

Үе үе би өөрөө өөртэйгөө ярьдаг. Сонсооч, ололт амжилтын энэ өндөрлөг рүүгээ хар даа. Амжилтууд чамд хангалттай л байна ш дээ. Багадаад байна гэж үү? гэсэн асуултад би хариулж байна. Ололт амжилтууд минь арай ч илүү харагдахуйц зүйлийг би гэнэт хийчих ч юм бил үү?

Үзэгчдэд “Yesterday” хэрэгтэй. Хэрэв би тэдний оронд өөрийгөө тавибал, надад ч бас хит дуунууд хэрэгтэйг ойлгоно. Rolling Stones шинэ цомгоо яаж тоглож байгааг би үзэхийг хүсэхгүй, харин надад түүний Satisfaction, Honky Tonk Women болон  Ruby Tuesday гэсэн дуунууд л хэрэгтэй.

Тоглолт дээрээ би үзэгчид  шигээ сэтгэл догдолдоггүй. Тэгэхийн бол би дуулж чадахгүй болно. Тэгэхийн бол би зүгээр л уйлна. Гэхдээ тийм агшнууд байх л даа. Ийм зүйл Өмнөд Америкт болж байсан санагдана. Танхимд би баримал шиг өндөр сайхан биетэй, сахалтай эрийг ажиглаж билээ. Тэр мөрөн дээрээ охиныхоо гарыг барьж байлаа. Би “Let it be” дуугаа дуулж байхад, тэр охин руугаа  хараад л, охин нь түүн рүү хараад л, энэ агшинд тэдний сэтгэлийн догдлол ав адилхан байсан даа. Ийм зүйлийг хараад дуулах ч хэцүү шүү. 

Чи амжилтаа давтана гэж хэзээ ч үгүй. Боб Диланаас “Tambourine Man”-ийн дараачийнхыг яагаад бичихгүй байгааг нь асуухад “Ттэр үед байсан би аль хэдийнээ би биш болсон” гэж тэр хариулсан гэдэг.  

Here today дуу бол —Жонтой хийсэн миний яриа юм. Би дуундаа: Уйлцгааж байсан тэр шөнийг санаж байна уу, ургуулж бодвол  Ки- Уэстд байжээ гэж дуулдаг.  Хүчтэй хар салхинаас болоод бид Жэксонвилл хүрч чадалгүй  Ки- Уэстд гацаж, шөнөжингөө унталгүй зад ууцгааж билээ. “Хархүү минь чи сонсдоо, чи минь хачин шийдэмгий шүү”  гэснээ ч санаж байна. Энэ мэтээр юун тухай дуулдгаа ч би мэднэ. Тэр шөнийг би санаж байна. Түүний тухай бодож байна.

Хүүхэд насныхаа тухай би олон зүйлийг санаж байна. Beatles-ээс эхлээд л хэмжээ хязгааргүй олон захидал илгээж, алдартай хүн болох гэж оролдож байсан тухайгаа ч санаж байна. “Хүндэт ноёнтоон, бид хагас мэргэжлийн рок-хамтлаг. Өөрсдийгөө ямар нэг байдлаар олонд харуулж чадна гэж бодож байна. Магадгүй, бидэнд ирээдүй...”  

Beatles-ийн тухайд л чи тэгж бодож байна уу гэж хүмүүс надаас асуудаг. Харин би болохоор зүгээр л урьд өмнө байсан зүйлээрээ бахархаж байна.  

Beatles-ийг тарж бутрахад бид тэгш эрхтэй хоцорцгоосон. Жорж өөрийнхөө ажлыг эрхлээд л, Жон өөрийнхөө, би өөрийнхөө ажлыг, Ринго ч өөрийнхийгөө. Бүх л юм сайхан цаг үеийнх шигээ байсан. Хожим нь Жоныг хөнөөлөө, тэр маань цэвэр айдас хүйдсийн давалгаан дээр Кеннеди шиг л зовлон тээгч нэгэн болсон юм. Энэ явдлын дараагаар хүмүүс түүнийг Beatles-ийн нүүр царай байсан гэж ярьцгаадаг.  Энэ мөчид би болон Жорж, Ринго бид хэд мөрөө хавчиж “Сонсооч дээ, жилийн өмнө бид бүгдээрээ л эрх тэгж байсан шүү дээ” гэж байлаа.

Бид зөв цаг үед гарч ирсэн юм. Хэсэг сайхан дуунууд дуулцгаалаа. Тэгэхдээ хэн нэгний биш, бидний өөрсдийнх. Бидэнтэй яруу найрагчид ч, хөгжмийн зохиолчид ч хамтраагүй. Өнөөдөр ийм юм тохиолдох уу? Итгэж болох хэдий ч, миний бодож байгаагаар ийм юм болохгүй байхаа.

Алдартан биш байна гэдэг юу юм бэ гэдгийг би санаж байна. Чамайг клуб бүхэн рүү оруулахгүй, хүүхэн рүү зүгээр л нэг харайгаад оччихгүй. Сэтгэл байгаад ч нэмэргүй, мөнгө ч бас байхгүй.   

Нэр цууд гарна гэдэг бол аймшигтай зүүд. Чи түүнийг өөрөө төрүүлсэн атлаа түүнээсээ чи гарч чадахгүй.

Ямар нэг юмыг батлахыг мөнхөд хүснэ гэдэг бол тэнэг явдал.

Би хааны хатныг хайрладаг. Биднийг борви өндийж байхад тэрээр хүүхэлдэй байлаа. Биднийг 11-тэй байхад, тэр 21-тэй байв. Гайхамшигтай сайхан бие галбиртай, үзэсгэлэнт бүсгүй байлаа. Эрхэмсэг хатагтайн талаар би ингэж ярих ёсгүй ч сургуулийн хүүхдүүд бид: хараач хөөе, тэр хөхийг нь ээ, гэцгээдэгсэн. Үзэсгэлэн гоо бүсгүй  байлаа. Хуучин зургуудыг хараарай. Бидэнд түүний сайхан бүхэн нь таалагддаг байлаа. Би түүнд үүнийг хэзээ ч нүүр тулан хэлж байсангүй, харин ярилцлагууддаа бол байн байн хэлдэг юм. Эрт орой хэзээ нэгэн цагт тэр эмэгтэй үүнийг уншина гэж найддаг.  

Ямар нэг авьяаслаг юм хийчихлээ гэж би хэзээ ч өөртөө хэлж байсангүй

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл