solongonews
Адууны хийморьтой музей
2019-07-25 15:21
Адууны хийморьтой музей

    Өвөр Монголын Шилийнгол аймагт аль эрт хуучин чулуун зэвсгийн үеэс хүн төрөлхтөн оршин амьдарч байсан ул мөр бий. Нүүдэлчин үндэстэн байгаль орчинтойгоо эе эвтэй оршин гэрэл гялбаат түүхийг бий болгоход адуун соёл гол урсгалын нэг салбар болсон билээ.

2010 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хятад улсын адуун соёлын нийгэмлэгээс Шилийнхотоор төв болгосон Шилийнгол аймгийг “Хятад улсын адууны нутаг” хэмээсэн юм. Шилийнгол аймаг нь аль эртнээс адууны аж үйлдвэрийн том орон, өнө удаан хөгжлийн түүхтэй билээ. Энэ нутагт агтын төвөргөөн нижгинэж ажнай хүлгийн домог, магтаал ч үлэмж бадарч, адуун соёлыг уламжилж хөгжүүлэхээр энэ нутгийн хүмүүс урагш тэмүүлсээр.

“Хүлгийн нуруунд хангинасан

Уртын дууны уянгатай

Хөнөг хөнөгөөр бялхарсан айраг цэгээний хөрөнгөтэй

Холын холыг өртөөлсөн гүнжийн шаргал замтай

Хонхор хонхроор хэмжсэн хорин түмэн адуутай

Адуучин хошуу минь

Яасан сайхан нутаг вэ гэж дуулдаг Хөвөөт шар хошуу бол Шилийнгол аймгийн Баруун өмнөд хэсэгт байрладаг. Мал маллахаар гол болгосон мал маллах хошуу болно. Сүүлийн жилүүдэд тус хошууны эдийн засаг, нийгэм бүх талаар цэцэглэн хөгжиж, өв соёлоо эрхэмлэн дээдэлснээр “Хятад улсын асруу аялгуун нутаг”, “Хятад улсын хувис хөгжмийн уламжлалын газар”, “Хятад улсын умардын чулуун материалын өлгий” гэгддэг.

Адуун соёл бол монгол үндэстний өв соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг учраас адуун соёл ба зан үйлээ уламжлан хадгалах нь мөн үндэстнийхээ өв соёлыг хадгалж хамгаалж хөгжүүлэх том ажил юм. “Хөвөөт шар хошууны монгол адууны соёлын музей” нь Хөвөөт шар хошууны Шинэбулаг сууринд байрладаг. Тус музейг 2008 оны 05 дугаар сард Хөвөөт шар хошууны орон нутгийн эдийн засгаас 3.88 сая юаний хөрөнгө оруулан байгуулав. 1250 м2 талбайтай хоёр давхар баригдсан тус музей нь Хятад улсын анхны адуун соёлын тусгай сэдэвт музей, Хятад улсын 2A зэрэглэлийн аялал жуулчлалын үзэмжийн орон юм. Дэлгэн үзүүлгийн танхимыг зураг дүрс бичгийн хэсэг ба бодит бодис гэсэн хоёр хэсэгт хувааж, зураг дүрс бичгийн хэсэгт ханан сийлмэл, гэрэлтүүлэгч зураг дүрс, үсэг бичгийн тайлбар, зураг дүрсний материал зэрэг арга хэлбэрээр адуун соёлын дотоод агуулгыг бүх талаар илрүүлсэн. “Адуучны дөрвөн улирал” нэртэй ханан сийлмэл нь амьдлаг зураг дүрсээр адуучин болон адууны хоорондын амьдралыг илэрхийлсэн. Гэрэлтүүлэгч зураг дүрс нь монгол морины өнгө зүс, морины нэрийдэл, морины нас шүдийг ялгах, морь шинжих, тамга тэмдэг зэргийг харуулав. Чингис хааны хоёр загал, найман шарга, түмэн агтын төвөргөөн ба морин хуурын домог зэрэг агуулгатай сийлмэл зураг нь хүмүүсийг харцыг мялаана.

- Монгол үндэстнийхээ адуун соёлыг өвлөн залгамжилж, хойч үедээ оюуны хүртээл болгож, тэд маань ханагар уудам тал нутагтаа адуу малаа илүү хайрлаасай хэмээх үүднээс тус музейг барьсан юм. Музейд нийт 421 үзүүлбэрийн бодисыг дэлгэсэн байдаг. Эдгээр бодисыг ихэнхийг нь худалдаж авчирсан ба цөөн хэдийг нь ард иргэдээс, бусад музейгээс зээлж авчирсан. Бага сургуулийн хүүхдүүд, малчид, аялан жуулчид ирж музейг сонирхдог ба жилд 12 мянган хүнийг хүлээн авч байна гэж Хөвөөт шар хошууны монгол адуун соёлын музейн дарга Эрдэнэдалай танилцуулна.

Хөвөөт шар хошуу нь Чингис хааны шатар мянгат, Батмөнх даян хааны шууд хараат, баатар Лигдэн хааны үнэнч албат болох цахар түмний нэг хэсэг бөгөөд цайлган сэтгэлтэй, ажилсаг хөдөлмөрч, эрэлхэг жавхаат ард түмнийхээ саруул цэлмэг ой ухаанаар өнө эртнээс яруу тууль бичиглэж байсан орон юм. Хоёр давхарт байрлаа “алтан эмээл” бол тус музейн хамгийн ховор нандин зүйлс болно. Энэ нь Хятад улсы нэгдүгээр зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйл. 1988 онд Хөвөөт шар хошууны Богдын гол сумны Хөтөл-Ус багийн Улаан гуугаас ляо улсын эртний онгон ба юань улсын эртний онгоныг малтан гаргажээ. Юань улсын эртний онгоноос олдсон “алтан эмээл”, алтан цомоо, алтан ээмэг зэргийг тус музейд дэлгэж байгаа юм.

- Манай музей нь соёлын суртал ухуулгын талаар бусад байгууллага нэгж, нийгэм дүүрэг, багтай хамтран олон үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдөр “Дэлхийн музейн өдөр” ба жил бүрийн 06 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн хагас сайн өдөр тохиох “Соёл ба байгалийн өвийн өдөр”-өөр соёл үйл ажиллагааг зохиодог. Энэ жилийн “Дэлхийн музейн өдөр”-өөр монгол үндэстний соёлын нээлттэй ухуулгын үйл ажиллагаа зохион байгуулж, бага сургуулийн хэсэг хүүхдүүдэд монгол адууны соёлын музейг танилцуулан, монгол морины үзэл санааг ухуулжээ. Хөвөөт шар хошууны Цахар адуун соёлын нийгэмлэгийн хариуцлагатай албаны Дугар настныг урьж монгол адууны талаар тайлбар хийсэн байна. Удаа бүрийн соёлын үйл ажиллагааны нөлөө тусгал сайн, сургуулийн багш, хүүхдүүдийн аав ээжүүд маш сайн дэмждэг. Соёлын үйл ажиллагааг зохион байгуулахаар дамжин хүүхдүүдэд адуун соёлын талын мэдлэгийг нэмэгдүүлж, монгол морины үзэл санаагаар хичээл номоо сайн сурахыг зорьжээ гэж Эрдэнэдалай бидэнд ярьлаа.

Монгол адуун соёлын музей нь түүх, бодит амьдралыг уялдуулан олон янз, олон талаас дэлгэн харуулж, монгол морины соёлын өргөн дэлгэр гүн гүнзгий утга агуулгыг илрүүлсэн юм. Хөвөөт шар хошууны монгол адуун соёлын музей байгуулагдсан нь Хятад улсын адуун соёлын түүхэн дэх гэрэлт хөшөө болон сүндэрлэж, “Хятад улсын адууны нутаг” -г байгуулахад чухал ач холбогдолтой.

Зохиогч: Цэнхэр Үнэнжаргал
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл