solongonews
Роботын технологийн олон улсын бага хурал болов
2017-08-24 21:28
Бээжин хотноо 8 дугаар сарын 23-ны өдөр “2017 Роботын технологийн олон улсын бага хурал” нээлтээ хийсэн байна. Олон улсын роботын судалгаа, оюунлаг нийгэм байгуулах инноваци хөгжлийн эргэн тойронд тухайн салбарын хамгийн сүүлийн үеийн технологийн үр дүнг танилцуулах, мөн олон улсын хамтын ажиллагаагаар шинийг зохион бүтээх боломж, индэр нээх зорилтын дор зохиогдсон юм. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Жэн Жи, Ван Дэлу нарын ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.

 “2017 Роботын технологийн олон улсын бага хурал”-ын эхний өдөр Италийн робот, төгөлдөр хуурч Теотроника гарч ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа.

53 хуруутай Теотроника робот программаар татаж суулгасан ямар ч аялгууны нотыг хөгжимдөх чадвартай. Тэрбээр Берлиний Филармонийн тэнхимд оркестор хөгжмийн тоглолтод оролцож байжээ. Бас Сицилийн   симфони найрал хөгжмийн чуулгатай Роберто Женарагийн удирдлагаар “Моцартын төгөлдөр хуурын аялгуу” К488-ыг тоглож байжээ.

Роботын технологийн олон улсын энэ хуралд Теотроникагийн адил шилдэг технологиор бүтээсэн робот олон харагдаж байв.

Энэ оны хурал үзэсгэлэн “Хамтын ажиллагаа инновациар оюунлаг нийгэм бүтээн байгуулахыг зоръё” сэдвийн дор нээгдэж, форум, үзэсгэлэн, уралдаан тэмцээн гэсэн гурван хэсгээр явагдаж, роботын технологиор тэргүүлэгч гадаад дотоодын 100 гаруй компани, 300 гаруй мэргэжилтэн, бизнесийн зүтгэлтнүүд оролцсон юм.

Нээлтийн ёслолд Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй: “Зүйлсийн интернет, үүлэн тооцоо, зохиомол оюун ухаан зэрэг шинэ эрин үеийн технологи, аж үйлдвэр хурдтай уялдаж,   роботоор төлөөлүүлсэн шинэ технологи, хэрэглээ, хэлбэр тасралтгүй бий болсоор   байгаа нь шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрлэлийн хувьсгалын чухал хөдөлгөгч хүч болж байна. Сүүлийн 5 жилд Хятадын роботын үйлдвэрлэлийн цар хүрээ ерөнхийдөө 20-иос дээш хувиар өсөн нэмэгдэв. Хятадын засгийн газар роботын үйлдвэрлэлийн хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, роботын үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажил үйлст ямагт нээлттэй хөгжих үзэл ойлголт баримталж, тус салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлж байна” гэжээ.

“Хятад бол дэлхийд хамгийн том роботын зах зээл, эрэлт хэрэгцээтэй улс юм. Бусад улс орны компани, байгууллагууд энэ арга хэмжээнд идэвхтэй оролцон, хөгжлийн боломжийг хамтдаа ашиглаж, дэлхийн эдийн засгийн шинэ хуучин хөдөлгөх хүчний ээлж халаа, эрчтэй, тогтвортой, тэнцвэртэй өсөлтөд хүрэхийн тулд идэвхтэй хувь нэмэр оруулахыг уриалан дэмжиж байна.”

Бүтээгдэхүүнээ сайн харуулахын тулд 50 мянган ам дөрвөлжин метр хэмжээтэй үзэсгэлэнгийн талбай гаргаж, аж үйлдвэрийн, үйлчилгээний, тусгай зориулалтын робот, хиймэл оюун ухааны үзэсгэлэнгийн бүс, олон улсын үзэсгэлэнгийн бүс гаргаж ажиллуулсан байна. Олон улсын роботын салбарын тэргүүлэх компани нэгж “од” болсон бүтээгдэхүүнүүдээ авчирч үзэсгэлэнд тавьсан юм. Тухайлбал, жинхэнэ амьтай юм шиг дуурайлгаж хийсэн механик тэмээлзгэнэ, далайн медуз, оюунлаг туслах робот зэргийг дурдаж болно. Тэд   роботын үйлдвэрлэлийн гинжин холбоосны дээд, доод бүх талын хамгийн сүүлийн үеийн технологи, хэрэглээг тусган харууллаа.

Харбины Технологийн их сургуулийн Роботын корпорац үзэсгэлэнд хамгийн өргөн далайцтай оролцсон юм. Корпорацын   төслийн менежер Инь Жэн: “Энэ удаад корпорац 50 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ   авчирлаа. Ялангуяа роботын боловсролын онцлог салбарт, аж үйлдвэрийн роботын хэрэглээний ур чадвар, хүчин чадлыг шалгах, дасган бэлтгэх индрийг танилцуулж байна.”

“Энэ төрлийн бүтээгдэхүүн аж үйлдвэрийн   роботыг хэрэглэгч инженерийг бэлтгэж сургах, үнэлгээ шалгалт авах төхөөрөмж юм. Түүнийг голдуу сургуульд хэрэглэнэ. Хэрэв сургууль роботын төхөөрөмжтэй бол   сурагчид энэ төхөөрөмжийг хэрэглэж болно. Бас зарим боловсролын байгууллага, роботын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үед энэ төрлийн роботыг ашиглан   сургалт явуулж болдог.”

Тус үзэсгэлэнгийн үеэр Хятад, Америк, Орос, Их Британи, Герман зэрэг орны тусгай мэргэжилтэн, компанийн ахлагчид   форумд оролцож, роботын хөгжлийн боломж, инновацийн хэтийн төлөв сэдвээр   ярилцав. Түүнчлэн тус салбарын ерөнхий байдал, зах зээлийн чиг хандлага зэрэг урьдчилан таамаглах сэдвүүдээр яриа өрнүүллээ.

АНУ-ын Роботын технологийн холбооны   дарга Жефф Бернштайн хэлсэн үгэндээ: “Хятад улс дэлхийн хамгийн том роботын хэрэглээний зах зээлтэй болов. Хойшид Америк, Хятад хоёр орон тус салбар дахь   хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна” гэжээ.

“Америкийн роботын технологийн холбоо Хятадын   роботын салбарын бүх мэргэжил нэгтнүүдтэй харилцаа холбоотой байж, хоёр орон хоорондын хамт амжилтад хүрэх хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, дэлхийн роботын үйлдвэрлэлийн хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж байна.”

Энэ удаагийн бага хурлын наадам тэмцээний хөтөлбөрт, нисэгчгүй нисэх төхөөрөмжийн тэмцээний шигшээ тэмцээн, оюуны удирдлагатай BCI роботын тэмцээн, зодоонч роботын тэмцээн зэрэг наадам тэмцээн зохиогдож, 10 гаруй улс орон, бүс нутгийн 900 гаруй баг оролцов. Өндөр технологийн компани нэгжээс авахуулаад дунд, их сургуулийн сурагчид ч оролцсон юм.

Энэ жил 10 настай Шюй Жи-Янь бол Бээжин хотын Тучян 2-р бага сургуулийн сурагч. Тэрээр роботын тэмцээнд оролцон их юм сурч мэджээ.

“Би “Довтлогч мастер” робот эсрэг талынхаа боулингийг мөргөж унагаах тэмцээнд оролцлоо. Энэ робот тун гайхалтай санагдлаа. Эхлээд роботыг сайтар програмчилж чадахгүй байснаа сурч авсан. Одоо би энэ   роботын бүтцийг мэддэг болсон.”

Эх сурвалжид тэмдэглэснээр, 2015 онд зохион байгуулж эхэлснээс хойш тус үзэсгэлэн нь роботын салбарт цар хүрээгээр хамгийн том, дээд хэмжээний, олон улсын элементээр илүү, олон улсын роботын салбарын “томоохон цуглаан” болж хөгжсөн байна.

Зохиогч: Уртнасан
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл