Та гэртээ зурагтаа асаалгүй хэр удаж байна вэ?
Нэгэн цагт телевиз хүмүүсийн мэдээлэл хүлээн авах, цагаа зугаатай өнгөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэгч болж байсны хувьд хятадуудын зочны өрөөний чухал байр суурь бүхий цахилгаан хэрэгслийн нэг болж байв. Техник технологи тасралтгүй шинэчлэгдэж байгаатай зэрэгцээд телевизийн хэв маяг улам бүр өөрчлөгдөн хөгжиж байгаа ч телевиз үзэх хүний тоо харин цөөрч байх шиг байна.
2020 онд Хятадын өнгөт телевизийн зах зээлийн жижиглэнгийн худалдааны хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 9.1-ээр буурч, жижиглэнгийн худалдааны орлого өнгөрсөн оны мөн үеэс 11.7-аар буурсан байна. Үүнтэй харьцуулахад гэрт хэрэглэх зориулалттай проекторын борлуулалт харин сайжирсан хандлагатай. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд залуу гэр бүлүүд телевиз худалдаж авах биш, гэртээ жижиг проектор байрлуулах сонголтыг улам өргөн хийх болсон байна.
Эдгээр хэрэглэгчид яагаад проекторыг ашиглах дуртай байдаг вэ? Телевизтэй харьцуулахад проектор ямар онцгой "ид шид"-тэй вэ? Өнөөгийн зах зээл дээрх проекторын брэндийн ирээдүйн хөгжлийн хандлага ямар байна вэ?
Том дэлгэцийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, гэртээ кино театр нэвтрүүлэв
1970-80-аад оны үед хэн нэгэн дүрс тоглуулах чадвартай "Дөрвөлжин хайрцаг" худалдаж авсан бол атаархах хүн цөөнгүй байв. Тэр үед оройн хоолны дараа хөршүүд нь жижиг вандан сандлаа авчраад телевизтэй айлын дотоод өрөөнөөс гаднах өрөө хүртэл тойрон сууж, "Дөрвөлжин хайрцаг"-ийг ширтдэг байлаа. Заримдаа зурагтын дэлгэц ажиллахаа болиход хүмүүс зурагтаа алгадах буюу антенныг нь татаж, дохио сэргэхийг бүтэн шөнөөр хүлээж суухаас ч буцахгүй байв.
Эдийн засаг, технологийн өөрчлөлтийг дагаад телевизийн хэлбэр, үүрэг өөрчлөгджээ. Хар, цагаанаасаа өнгөт телевиз, зузаан дэлгэцээс нимгэн дэлгэц болж хувирсан. Өнөөдөр телевизийн дэлгэц улам бүр томорч, хүмүүсийн телевизэд тавигдах шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Хятадын Сычуань мужийн Чэндү хотын Пань гуай 10 жилийн өмнө гэртээ кино сонирхох зорилгоор аудио, видео төхөөрөмж суурилуулсан байна. Гэсэн хэдий ч 10 жилийн өмнө түүний гэрт хэдэн арван мянган юаний тохиргоо хоёр жил хүрэхгүй хугацаатай л “ажиллажээ”.
- Тоног төхөөрөмжийн бүх багц нь тав, зургаан алсын удирдлагаар тоноглогдсон бөгөөд үйл ажиллагааны явц нь үнэхээр төвөгтэй. Гэртээ кино үзэхийн тулд та дэлгэцээ доош нь тавиад проектороо тохируулж, дуугаа тохируулах хэрэгтэй гэх зэрэг ажиллагаануудтай. Төвөгтэй эдгээр тоног төхөөрөмжөө ажиллуулсны дараа киногоо гаргахад дахиад мөн хэдэн арван минут шаардагдана. Цаг хугацаа өнгөрөхөд энэ том биетэй, нарийн төвөгтэй ажлын үйл явцтай машин тоос шороонд дарагдсан гэж Пань танилцуулсан юм.
Үнэндээ уламжлалт телевизийн салбарт тулгардаг бэрхшээлүүд бол нарийн төвөгтэй тоног төхөөрөмж болон киноны эх үүсвэрийн хомсдол юм. Нэмж дурдахад, том дэлгэцийн зурагтын үнэ өндөр хэвээр байгаа нь олон хэрэглэгчдийг “Санаа байгаад унаа хүрэхгүй” болгосон. Үүнээс гадна, гар утас, iPad зэрэг гар утасны дэлгэц залуучуудын мэдээлэл авах гол тоног төхөөрөмж болсон нь телевиз хэрэглэх хэмжээ буурсны бас нэг шалтгаан юм.
Өөрийн өндөр өртгийн хязгаарлалт, хэрэглэгчдийн хүсэл сонирхлын өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүдэд нөлөөлж, телевизийн салбар аажмаар эрэлт муутай болсон байна.
Үүний зэрэгцээ бизнес, боловсролын салбарт анх ашиглаж байсан проектор нь энгийн хэрэглэгчдэд чиглүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Хү Жэньюй бол Хүөлэ технологи ХХК-ны үүсгэн байгуулагч бөгөөд 2011 онд байгуулагдсан компани нь гэр бүл буюу хувь хүнд зориулалсан хамгийн анхны проектор үйлдвэрлэж байжээ. Гэхдээ тэр үед проектор нь "Проекторт компьютер угсарсан" Windows системээр тоноглогдсон. Өртөг өндөр, үзэгчид цөөн байсан тул цөөн хэдэн хүнд л хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Энэ байдал 2014 онд өөрчлөгдсөн билээ. 2013 оны 08-р сард Хятадын Төрийн Зөвлөлөөс өргөн зурвасыг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргасан бол 2014 оны 02-р сард Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам Хятадын өргөн зурвасыг хөгжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгааг зарлав. Ингээд 4G сүлжээний бүтээн байгуулалтыг түргэсгэж, өргөн зурвасыг хөгжүүлэхэд холбогдох стратегийг хэрэгжүүлсний улмаар проекторын салбарт хөгжлийн боломж олгосон байна.
- Интернэт сүлжээг өргөн хүрээнд хөгжүүлснээр хэрэглэгчдийн ‘онлайнаар видео үзэх’ эрэлт хэрэгцээг хангаж чадсан. Андройд системийн хөгжил, Youku, iQiyi зэрэг онлайн видео платформ дахь агуулгад түргэн нэвтрэх боломж нь үзэгчдэд илүү олон видеог илүү хямд үнээр үзэх боломж олгожээ. Интернэт платформын ачаар авсаархан төрхтэй, хялбар ажиллагаатай, кино эх үүсвэр ихтэй, хямд үнэтэй проекторуудын өргөн зах зээл ийнхүү нээгдсэн. Гэрийн проектор мэндэлснээр сая сая өрхөд "Гэрийн театр" үнэхээр нэвтрчээ гэж Хү Жэьюй хэлсэн юм.
Технологийн дэвшлийн дагуу хэрэглэгчдийн олон хэрэгцээг хангасан проекторын бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой
Хэрэв интернэтийн платформ нэмэгдсэн нь гэрийн театруудад "кино үзэхэд хэцүү", "үнэтэй", "төвөгтэй ажиллагаатай" гэх зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжийг олгож байгаа бол программ хангамж, технологийн хангамжийн төлөвшил нь проекторыг зөвхөн кино үзэх машин төдий биш болгожээ гэж хэлж болно. Өнөөдрийн проектор боловсрол, тоглоом, спорт гэх зэрэг функцтэй, хэрэглэгчдийн бүх хүсэл шаардлагыг хангах боломжтой зугаа цэнгэлийн терминал болж хөгжсөн.
- Би "Life Is Beautiful "киног үзэхийг хүсэж байна гэж хэлэхэд проекторын дуу мэдрэх систем ажиллаад тэр даруйд миний үзэх гэсэн киног гаргаад өгнө гэж Шяо Тао бидэнд танилцуулж байлаа.
Хэдэн сарын өмнө тэрээр Хятадын үйлдвэрлэсэн "XGIMI" проекторыг онлайнаар 1000 гаруй юаниар худалдаж авсан.
- Би ганцаараа байшин түрээсэлж амьдардаг. Байшингийн эзэн зурагтгүй, гар утас, компьютерын дэлгэц нь хэтэрхий жижиг санагддаг. Үүний эсрэг проектор нь илүү сайн, зардал багатай. Телевизийг тусгай орон зайд байрлуулдаг бол харин прожекторыг зөөвөрлөх боломжтой. Найзууд маань ирэхэд хоолны ширээн дээрээ тавьж, орой унтахаасаа өмнө унтлагын өрөөний дурын газарт угсарвал дэлгэц дээрээ кино буюу видео сонирхох боломжтой гэж хэллээ.
Проекторын функцийг биелүүлэхэд программ хангамж, техник хангамжийн аль алиных нь дэмжлэгээр ашиг тусаа өгдөг. Программ хангамжийн түвшинд зөв алгоритмууд нь хэрэглэгчийн дадал зуршлыг тэмдэглэж чаддаг тул хувийн хэрэгцээнд ойр үйлчилгээ үзүүлдэг. Тоног төхөөрөмжийн хувьд CPU чип нь мэдээлэл хүлээн авах, зааврыг боловсруулахад ухаалаг "тархи" болсон бол проекторт суурилуулсан камерын модуль ба мэдрэгч нь дүрсийг харуулах буюу мэдрэх чадвар мөн гэсэн үг.
Үүнээс гадна, кино үзэх эрэлт хэрэгцээг хангасны үндсэн дээр Хятадын проекторын брэндүүд олон чиг үүргийг шинэлэг байдлаар нэвтрүүлсэн. Жишээлбэл, проектор дээрх гэрлийн импульс дамжуулагч нь хүний биеийг мэдэрч, таньж чаддаг. Хэн нэгэн ойртох үед тэр хүний нүд рүү шууд тусахаас зайлсхийхийн тулд төхөөрөмж шууд унтардаг. Өөр нэг жишээ дурдахад, FindMe технологийн тусламжтайгаар хэрэглэгчид алсын удирдлагыг олж чадахгүй байгаа тохиолдолд зөвхөн "алсын удирдлага олох" дээр дарахад л хангалттай.
Хэрэглэгчдэд илүү сайн үйлчилгээ олгож, сайн туршлагыг бий болгох нь проекторын салбарын хамтын ойлголт болжээ. Энэ зорилгод хүрэхийн тулд олон проекторын брэндүүд хэрэглэгчидтэй шууд холбогдох олон төрлийн арга хэмжээ авсан. “XGIMI” нь хэрэглэгчдийн санал хүсэлтийг хурдан бөгөөд үр дүнтэй шийдвэрлэх боломжоор хангахын тулд хэрэглэгчдэд зориулалттай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжийг Апп дээр нэвтрүүлсэн. Данбэй компаний хүрээнд хэрэгжиж буй "Dangbei Community" тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн солилцох платформ дээр хэрэглэгчид бүтээгдэхүүний талаар асуулт буюу санал хүсэлт гаргаж болно. Жишээ нь, "Хэсэг хугацааны турш тоглосны дараа төхөөрөмжийн фокус бүдгэрсэн байвал би яах ёстой вэ?" "Проекторын дууны тохируулгын функцийг сайжруулахыг зөвлөж байна" гэх зэрэг асуултуудад Данбэй компаний менежер асуултад ганцаарчлан хариулах бөгөөд хэрэглэгчдийн асуултад, эсвэл тэдний санал болголтыг дараагийн бүтээгдэхүүний дизайнд зөвлөх зэргээр ажиллаж байна.
- Олон нийтийн харилцаа холбоогоор дамжуулан хэрэглэгчид манай бүтээгдэхүүний төлөвлөлтөд оролцох боломжтой болсон. Хэрэглэгчид өөрсдийнхөө саналыг хэрэгжүүлж байгааг олж мэдсэнээр тэд маш их гайхаж, бидний ‘шүтэн бишрэгч’ болох болно гэж Данбэй компаний гүйцэтгэх захирал Жинь Линлинь танилцууллаа.
Илүү сайн хөгжихийн тулд цаашид салбарын хяналт шалгалтыг зохион байгуулах ёстой
Цар тахлын улмаас гэртээ ажиллаж суралцах болсон нь онлайн оффис болон онлайн боловсролын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлсэн. Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссоос 2020 оны 05-р сард "COVID-19-ийн үед хүүхэд, өсвөр насныханд хараа муудахаас урьдчилан сэргийлэх тухай удирдамж" гаргаж, хүүхдүүд суралцах буюу тоглоход том дэлгэцтэй электрон бүтээгдэхүүнийг аль болох сонгох хэрэгтэй бөгөөд эхний ээлжинд проектор багтсан юм. Ингээд проектор нь ТВ-ээс илүү нүдэнд ээлтэй байдгаараа олон хэрэглэгчид таалагдсан.
Цахим худалдааны платформ JD сайтад 2020 оны цагаан сарын үеэр JD платформ дээрх проекторын борлуулалт өнгөрсөн оны мөн үеэс 166-аар, үүнээс гэрийн ухаалаг проекторын борлуулалт 200-аар өссөн байна. Tmall платформ дээр проекторын худалдаа эрхлэгчдийн тоо 2020 онд 5000 гаруй болж, 2019 оны 2000 гаруй хүнээс бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Лүөтү технологийн компаний "Хятадын ухаалаг проекторын жижиглэнгийн худалдааны сарын шинжилгээ" тайланд дурдсанаар 2020 оны "Хос 11" урамшууллын хүрээнд Хятадын ухаалаг проекторын онлайн зах зээлийн борлуулалт анх удаа 400,000-г давсан байна. 2020 оны эхний 11 дүгээр сарын борлуулалт 2019 оны нийт борлуулалтаас давсан гэж мэдээлсэн байна.
2020 оны "Хос 11"-ийн урамшууллын үеийн дижитал бүтээгдэхүүний борлуулалтын жагсаалтад XGIMI болон JMGO проектор топ 10-т багтсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. Энэ хоёр брэндээс гадна, бусад дижитал бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад Apple, Huawei, Lenovo, бусад компьютер, гар утасны брэндүүд хамрагджээ. Энэ нь проектор гэх харьцангуй залуу ангилал дижитал бүтээгдэхүүний зах зээлд хэдийнээ байр сууриа эзэлж байгааг харуулж байгаа юм.
Гэсэн хэдий ч проекторын салбарт, ялангуяа онлайн платформуудад хуурамч буюу чанар аанай бүтээгдэхүүн борлуулж байгаа үзэгдэл бас зөндөө бий. Цахим худалдааны платформ дээрээс "проектор" гэж хайж олоход шилдэг 10 дэлгүүрийн 8-д нь 100 юаниас 900 юань хүртэлх 1000 юаниас доош үнэтэй проекторууд байдаг. 1000 юаниас доош үнэтэй проекторт хуурамч стандарт "Люй Мин" (проекторын гэрлийг харуулахад ашигласан өгөгдөл), хэт их дуу чимээ гэх зэрэг асуудал гардаг. Ялангуяа, бүтээгдэхүүний өгөгдсөн индекс нь хэрэглэгчдийг хуурч мэхлэх нь хэрэглэгчдийн худалдааны туршлагад нөлөөлөхөөс гадна, проекторын зах зээлийн дэг журмыг алдагдуулна гэж мэргэжлийн хүмүүс сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Өнгөрсөн сард Юй гуай цахим худалдааны платформоос 320 юаний проектор худалдаж авсан. Энэхүү худалдан авалтын туршлагыг дурдахдаа "туйлын муу туршлага" гэж үнэлэв.
- Ложистикийн компани үүнийг зохих ёсоор савлаагүй, бүтээгдэхүүн ирэхэд нь эвдэрсэн. Нааш цааш нь тээвэрлэхэд 100 гаруй юань зарцуулсан. Хямд үнэтэй проектор үнэхээр чанар муутай, зөвхөн бага зэрэг гэрэлгүй орчинд ашиглагдах боловч удаан хугацааны дараа толгой эргэх болно. Эцэст нь миний проектор хог хаягдал болсон гэж тэрээр хэлж байлаа.
Проекторын салбар дахь эмх замбараагүй байдлыг арилгахын тулд бодлогын хяналт, цахим худалдааны платформын хязгаарлалтыг шаарддаг. Энэ салбар нь өөрөө хяналт шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулах ёстой гэж Хү Жэньюй үзэж байна. Тэрээр:
- Үүнээс гадна, ирээдүйд проекторын брэндүүд технологийн шинэчлэлд нэн илүү анхаарал хандуулж, үндсэн технологийн бүрэлдэхүүн хэсгүүдийн өртгийг бууруулахын тулд үндсэн технологийг нутагшуулахыг эрмэлзэх хэрэгтэй гэж хэллээ.
Проекторын брэндүүдийн өсөн нэмэгдэж буй зах зээлийн талаар олон проектор үйлдвэрлэгчид оффлайн туршлагын маркетингийн ажилд анхаарлаа төвлөрүүлж, гадаадад зах зээлээ тэлэх нь тэдний хүчин чармайлтын гол зорилго болно гэж мэдэгдсэн байна. Time Warner саяхан 2021 онд гарсан шинэ кинонуудыг онлайн болон оффлайн зэрэг гаргана гэж нийтэлжээ.
- Энэ проектор нь кино түгээх платформ болох магадлалтай гэсэн үг юм гэж Хү Жэньюй үзэж байна.
Дижитал эрин үеийн хөгжилд нийцсэн проектор нь дижитал мэдээллийг дамжуулдаг том дэлгэцийн төхөөрөмжийн хувьд өргөн цар хүрээнд нэн сайн хөгжлийн орон зайтай болох нь мэдээж юм.

Хэрэглэгчид XGIMI проектороор кино үзэж байна
Гэрэл зургийг: XGIMI

Данбэй компаний бүтээсэн хамгийн сүүлийн үеийн проектор F3
Гэрэл зургийг: ДАНБЭЙ

JmGO проектороор кино үзэж байна
Гэрэл зургийг: JmGO
