

Гурван өрөө байшингийн зүүн өрөөнд олон хүнтэй байлаа. “Хий эрвээхий”-н уран хатгамлыг эргүүлж үзэн шинжин бөөн хөл хөдөлгөөн болж байлаа. Хэн нэг нь “Үүнийг яаж оёсон бол” хэмээн гайхахад нөгөөх нь барьж үзэж байснаа нарлуу харуулан хэчнээн нарийвчлан ажсан ч яаж оёсныг нь мэдсэнгүй. Нээрэн тэр тамхины даалин дээр ягаан улаан жигүүрээ дэлгээд сууж байгаа гэмээр урлаж оёсон эрвээхийг амьд гэхээр хөдлөхгүй, хуурамч гэхээр жигүүрээ дэлгэж байна. Чухам зураг гэж эндүүрмээр үнэн гэж ташаармаар…
Харин тэр ширээн дээрх зүйлсийг урласан монгол ээж Гао Дүнляны царайнд инээмсэглэл тодрон сууна. Тэрээр Хорчин зүүн гаран дунд хошууны Байшинт сумын баруун хүйтэн зоо багт өсөж төрөө, оёдол хатгамлаа урлаж суун алдрай бага насаа эргэцүүлж байсан гэдэг. Тэрээр ажил хөдөлмөрийн хүнд бэрхээс хойш суулгүй эх орныхоо ухамсарт иргэн болох ёстой хэмээн бодож хичээж байсан юм байна.
Бригадын ажилд гарахдаа өөрт ногдсон ажлаа хийж дуусаад хүний ажилд тусалдаг байсан нь тухайн үед эр нөхөр нь: - Манай эхнэрийг тэнэг гэх үү, юу гэх үү” гэж шоолдог байсан гэнэ.
- Би тэгж бодохгүй. Ядуу айлын хүүхэд болж төрсөн болохоор ажил гэдгийг чинь хийж л явсан гэж Гао Дүнлянь эргэцүүлнэ.
Гао Дүнлянь арван зургаан настайдаа бага сургуулийн тавдугаар ангиа дүүргэжээ. Тухайн үед ямар нэгэн тодорхой зорилго байгаагүй боловч “Эмэгтэй хүн үйл оёдолдоо сайн байх нь юунаас ч тустай” гэж эмэг ээж нь зөвлөөд дээдээс уламжилсан оёдол хатгамлын эрдмээ өвлүүлэн зааж өгсөн ажээ. Эмэг ээж нь зөвлөсөн ч өөрөө үйл оёдолд дуртай болохоор зүүгээ сүвлээд л орсон гэнэ. Ийм шийдэл гаргаснаа дурсан суухад энэ жил 82 нас хүрсэн Гао Дүнлянь эдүгээ ч гэсэн баярладаг. Хэчнээн зөв сонголт байсан бэ!


Оёдол хатгамалдаа авьяастай боловч, хэдэн сарын дараа Гао Дүнлянь оёж хатгах нь нэлээд зүрхшээжээ. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг өвгөдийн үг хоосон биш юм байна. Тэрээр нэг өдөр тарианы ажлаа дуусаад гэртээ ороод ирэхэд эмэг ээж нь: “Чингис хааныг мэдэх үү?” гэж асуусан гэнэ. Тэгээд л ёстой “Цаасан дээр мөргүй ч цасан дээр мөрөө үлдээж явсан” хөдөөний хөгшин ээж Гао Дүнляньд Чингис хааны түүхийг эх адагтай нь ярьж өгсөн байна. Энэ үед газар шорооны өөрчлөлт ид явагдаж байсан үе байв. Энэ хугацаанд Гао Дүнлянь эмэг ээжээсээ оёдол хатгамал, Монголын түүх соёл төдийгүй хүн болохын ёс журамд соён гэгээрч явжээ. Ингээд тэр олон төрлийн өнгөтэй цэцгийг нэг л утсаар хатгаж гаргах аргыг эзэмшээд хүн гайхтал урлаж чаддаг болсноор барахгүй, Чингис хаан гэдэг хүн нь Монголд их нөлөөтэй гэдгийг мэддэг болсон гэнэ.
- Хожим нь ажилдаа сайн хэмээн намайг багийн эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгчээр ажиллуулсан. Ядуу буурай амьдралтай хүүхэд юм гэнэ. Нутаг усны хүмүүсээ гомдоож болох уу гэхчлэн Гао Дүнлянь дурсаад барахгүй яриа байна.
Хэдийгээр Чингис хааны түүхийг арван зургаатай жаахан охин байхдаа мэдлээ ч гэсэн Чингис хааны хөргийг урлах болтол Гао Дүнлянь харин далан нэгэн настай хөгшин ээж болсон байв. Тэрээр өнгөрөн одсон хагас зууны хугацаанд хоёр хүү хоёр охин дөрвөн хүүхдийн ээж болж, бас хошууныхаа тэргүүн зэрэглэлийн “Хөдөлмөрийн гавьяат” болжээ. Эмэгтэйчүүдийн холбооны ажил, гэрийн ажил, тарианы ажил, хүүхдийнхээ цай хоолыг бэлтгэх гэх мэтийн бүсгүй хүнд тохиодог бүх зүйлд мунгинан явж байсны улмаар үйл оёдлоо хийх цаг зав үгүй байлаа. Гэхдээ эмэг ээжийнхээ хэлсэн: “Чингис бол Монголын төрийг байгуулсан ачтай хүн” гэх үгийг Гао Дүнлянь огт мартдаггүй байсан.
- Би одоо нас ахисан болохоор өмнөх зарим явдлыг таг мартаад л, харин үүнийг огт мартаагүй гэж Гао Дүнлянь ярина.


Тэгж байтал 1996 он болж, Өвөр Монголын Тариалангийн Их Сургуульд багшийн ажилтай Гао Дүнляний охин хүүхэдтэй болж хүүхдээ харуулахаар ээжийгээ дуудлаа. Ингээд л насаараа хөдөө сууж байсан Гао Дүнлянь Хөххот орж, сар болоогүй нялх зээгээ тэвэрсээр сургуулийн хүрээнд алхалдаг болжээ. Ингээд зээ хүү нь арван нэгэн настай болжээ. Нэг өдөр Гао Дүнлянь өрөөндөө телевиз шагайж суутал зээ хүү нь гурван залуу дагуулж гэртээ ороод ирдэг юм байна. Ирсэн учир юу вэ гэхэд цаадах гурав нь алс хол Гуанжөү хотоос ирж спортын авьяастай хүүхдийг сонгон авахаар ирсэн гээд Гао Дүнляний зээ Тэргэлийг сонгохоор болж, гэрт нь ирсэн байжээ. Ээж аав нь шулуухан зөвшөөрөөд л хүү Тэргэлээ өгөөд явуулав. Тухайн үед 71 настай байсан Гао Дүнлянь дөнгөж “тэтгэвэрт гарч” үйл оёдол оёх цагтай болсон ажээ. Чингисийн хөргийг оёсон нь Гао Дүнляний нэг насны мартагдашгүй дурдатгал болсон гэлтэй. Монголын уламжлалт үйл оёдолд хуар угалз хатгахаас биш хүний хөрөг зургийг шууд урлах хүн цөөн. Тэрчлэн хааны хөргийг урлаж байгаа учир Гао Дүнлянь эмээж байжээ.
Түүний үгээр: “Үнэндээ цэцэг оёсон бол дураараа оёхгүй юу. Харин хааны хөргийг оёж байгаа болохоор нэг зүү илүүдэж болохгүй, нэг зүү дутаж ч болохгүй” тэгээд л Чингис хааны хөргийг олж үзэх юмсан гэж бодон байлаа. Нэг өдөр байрны доор наранд ээгээд сууж байтал хоёр залуу хөл бөмбөг тэвэрсээр ирлээ. Нэг залуу нь цагаан өнгөтэй цамц өмссөн байв. Дээр нь хөх өнгөөр Чингис хааны хөргийг зурсан байжээ. Гао Дүнлянь баярласандаа гүйж очоод: - Хүү минь би чиний энэ хувцсыг чинь аваад маргааш энэ үед хүргэж ирье” гэхэд цаад хүү нь: “Танд өгье” гээд тайлж өгөөд явжээ. Буурал цамцаа аваад Чингисийн зургийг цаасан дээр зурж дуусаад зүүгээ сүвлээд цагаан даавуун дээрээ нэг зүү хатгатал гэнэт түнэр харанхуй болж, нүд нь юу ч үзэхээ болилоо. Тэрээр “Одоо ч сохорчээ, яадаг билээ” гэж Гао Дүнлянь нүдээ аажим нээхэд харин шил зүүж байснаас нь илүү тод харагдах болсон байв. Ингэж “хараа нь сайжирсан”-аас хойш одоог хүртэл дахин шил зүүгээгүй байна. Баярлаж догдолсон Гао Дүнлянь хичээнгүйлэн нэг нэг зүүгээр оёж хатгаад, сарын дараа Чингисийн хөргийг урлан гаргасан байжээ.
- Энэ явдал ёстой гайхмаар. Би биеэрээ үзсэн, мухар сүсэг огт биш гэж Гао Дүнлянь ярив.
Тухайн жил Чингис хааны хөргийг арван хоёрыг оёж, түүнийхээ нэгийг нь шилэн жаазанд хийж гэртээ хадгалсан байна. Өчнөөн олон жилийн турш урлаж хатгасан зүйл нь хэдэн мянгаар тоологдоно. Тэрээр тамхины даалин, гутал, дээл, дэрний уут, заарын уут гэхчлэн олон нарийн зүйлсийг оёсон бөгөөд олонхыг нь төрөл садандаа бэлэг болгон өгдөг байв. Тэрчлэн түүний тамхины даалин дээр урлаж хатгасан “Хий эрвээхий”-г нь /Буурал оёсон эрвээхийгээ “Хий эрвээхий” хэмээн нэрлэсэн байдаг/ оёдолчин хүн үзвэл дуу алдана. Олон газраас Гао Дүнлянийг багшаар залахаар ирж байсан. 2018 оны 06-р сарын дундуур Гао Дүнлянь хошууны зэрэглэлийн Биет бус соёлын өвийн хорчин хувцас заслын хатгамал урлалын уламжлагчаар үнэлэгджээ.
- Гао Дүнлянь буурлыг өнгөрсөн онд мэджээ. Хэрэв хэдэн жилийн өмнө мэдсэн бол улсын ба орны зэрэглэлийн уламжлагч болж болно гэж Хорчин зүүн гаран дунд хошууны Биет бус соёлын өвийн өвийг хамгаалах төвийн эрхлэгч Хэ Геньчань ярьж байлаа.
Гао Дүнляний үйл оёдлын урныг шагшин суухад, хагас зууны тэртээ бяцхан охин байхдаа оёдол сурахад догдлоод байсны хариултыг олох шиг боллоо.
