Өвөр Монголын Шилийнгол аймгийн төв Шилийнхотын Наадам гудамжны дунд хэсэгт Мэн Ма авто үйлчилгээний төв бий. Ажилчдын ихэнх нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс юм. Тус төв нээлтээ хийснээс хойш тэдний шаргуу хөдөлмөр, ажилдаа нухацтай хариуцлагатай ханддаг нь олон үйлчлүүлэгчдийн таашаалыг хүлээжээ. Түүгээр ч барахгүй ажлынхаа явцад өөрийн үнэ цэнэ, нийгмийн үнэ цэнийг ойлгож ухаарчээ.
Ойролцоогоор 3000 хавтгай дөрвөлжин метр бүхий үйл ажиллагааны танхимтай. Машин угаалгахаар ирэх үйлчлүүлэгч маш олон байлаа. Бусад угаалгын газруудаас ялгаатай нь гэвэл ажилчдын ихэнх нь дүлий, хэлгүй хүмүүс. Машинаа угааж арчин бие биетэйгээ зөвхөн нүд, инээмсэглэл, дохио зангаагаар харилцана.
48 настай Рэнь Хүйган энд 8 дахь жилдээ ажиллаж байна. Эхэндээ ажлын туршлагагүй Рэнь Хүйган ажлын хажуугаар суралцаж байсан болохоор орлого тийм ч өндөр биш байв. Гэвч ажилсаг, хичээнгүй тэрээр богино хугацаанд машин угаах төрөл бүрийн ур чадварыг эзэмшиж, бүх үйл явцыг нухацтай тууштай хийдэг болов. Ингэснээр тус төвд ирсэн олон үйлчлүүлэгч машинаа Рэнь Хүйганаар угаалгах болжээ.
Өнөөдөр болоход Рэнь Хүйган аль хэдийн "бүх талын авьяастай" ажилтан болжээ. Өдөр бүр машин угаахаас гадна засал чимэглэл, ариутгал, дотоод засал, нарийн угаалга гэх мэт бүх төрлийн засал чимэглэлийн ажилд гаргууд болсноор сарын дундаж цалин 5000 гаруй юань болжээ.
Компани байгуулагдахад дүлий таван хүн ажилд орсон. Хэдийгээр тэд бие махбодын хөгжлийн бэрхшээлтэй ч өдөр тутмын ажилдаа маш сайн, ажлыг хийхдээ жирийн хүмүүсээс дутахгүй харин ч дээр байдаг. Үүнээс хойш дүлий, хэлгүй ажилчдыг ар араас нь ажилд авсан. Одоо сонсголын бэрхшээлтэй 12 хүн ажиллаж байна. Сарын дундаж цалин 4000 гаруй юаньд хүрч байна. Компани өөр газар нутгаас ирсэн ажилчиддаа үнэгүй хоолны газар, дотуур байраар ханган хоол, байрны асуудлыг шийдэж, илүү амар тайван ажиллахад тус дэм үзүүлж байгаа. Өмнө нь энэ компанийг Шилийнхотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн суурин"-гаар батлан зөвшөөрсөн. Энэ нь хөдөлмөрлөх хүсэлтэй хөгжлийн бэрхшээлтэй олон олон хүнийг ажлын байраар хангах боломжийг нээсэн гэж компанийн удирдлага ярилаа.
Тэдний ихэнх нь тохирох ажил олохын тулд олон удаагийн бэрхшээлтэй тулгарч, олон үйл явцыг дамжин энд ирсэн. Тэд хамтдаа хоолонд орж, хамт амьдарч том гэр бүлийн ахан дүүс шиг бие биенээ зоригжуулж, дэмжин тусалдаг. Хэн нь их бага ажиллаж байгаад ач холбогдол өгдөггүй. Ажлаа дуусгасны дараа үйлчлүүлэгчийнхээ нүүрэнд сэтгэл хангалуун инээмсэглэл тодрон эрхий хуруу гарган сайшаах нь тухайн өдрийн хамгийн их аз жаргал юм.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Мэн Ма авто үйлчилгээний төв нь аажмаар хөгжиж, 20.000 VIP үйлчлүүлэгчтэй болжээ. Олон VIP үйлчлүүлэгч тус төвийн нөхцөл байдлын талаар мэдсэний дараа энд дахин дахин ирж үйлчлүүлдэг болов. Энэ нь зөвхөн хайр халамж биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөрийн чадварыг ихээр үнэлж, хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.
Тэд хөлс хөдөлмөрөөрөө "энгийн хүмүүсийн хийж чаддаг зүйлийг бид ч хийж чадна" гэдгээ харууллаа.
