- Хэрэглэгчид манай “Ховор мал аж ахуйн талбай”, “Ховор мал аж ахуйн үйлс”-ийн вичат тавцанд орж бүтээгдэхүүнийг сонирхож болох бөгөөд компанийн харьяа дэлгүүрийн үйлчилгээний дугаарт залгаж захиалга өгч болно. Өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас одоог болтол нарийн боловсруулсан 18 тонн Сөнид хонины мах болон 3 тонн Шулуунхөхийн цагаан идээ борлууллаа хэмээн өндөр нуруу, өргөн цээж, том алаг нүдтэй Цэцэнт ярихын дагуу гар утсаа гарган сэтгүүлчид “Ховор мал аж ахуйн талбай” гэх вичат тавцангаа сонирхууллаа.
Цэцэнт бол Сөнид зүүн хошууны Ховор мал аж ахуйн тусгай хоршооны ТУЗ-ийн дарга билээ. Тэрээр 2015 оноос хоршооны малчдынхаа Сөнид хонины махыг цахим худалдаагаар борлуулан, Тамчийн уудам талд цахим худалдааг эхлүүлжээ.

Дөчин насны дөрөөнд яваа Цэцэнт Хөхнуурт гурван жил цэргийн алба хааж, хол явж нүд нээсэн нэгэн. 1998 онд цэргээс халагдаж ирсний дараа мал ахуйгаа додомдож байснаа 2003 онд Эрээн хот болон Сөнид зүүн хошууны хооронд такси ажиллуулж байснаа их удалгүй машинаа зараад Эрээн хот дахь нэгэн арилжаа худалдааны компанид аар саар ажил хийх болжээ. 2007 оноос “Алс” нэртэй гадаад арилжааны ХК-ийг байгуулан хоёр жил амжилттай ажиллуулж байснаа нэг удаагийн эрсдэлээс компани нь дампуурсан гэнэ.
Энэ оны 10 дугаар сарын 19-ний өглөө бид Цэцэнттэй хамт түүний тусгай хоршооны суурин болох Сөнид зүүн хошууны Сайханговь сумын Баяндүүрэн багийн Эмээлч нутагт хүрлээ. Цэнхэр дээвэртэй өвс тэжээлийн хашаа саравч, сүүн цагаан өнгөтэй албан өрөө, “Намын гишүүн голлох өрх” гэсэн хаяг өлгөсөн танан цагаан монгол гэртэй. Уламжлалт мал аж ахуйн хэлбэр орчин үеийн зах зээлийн аж ахуйд зохицохоо больсныг ухаарсан Цэцэнт 2012 оны 9 дүгээр сард Сөнид зүүн хошууны “Ховор” мал аж ахуйн тусгай хоршоог бүртгүүлэн байгуулж одоог болоход хоршоондоо 10 өрх, 42 гишүүн, 5000 гаруй сөнид хонь, 500 гаруй бод мал, 1000 тэгш дөрвөлжин метр талбай бүхий 20 суурь хашаа саравч, 600 мянган юанийн тогтмол хөрөнгөтэй болсон байна.
— Энэ жил хошууны санхүүгээс шинэ үеийн хөдөө аж ахуйг дэмжих төслийг манай хоршоонд өгсөн. 1.2 сая юань зарцуулан албан өрөө, үйлдвэрийн тасаг, хонины хашаа, цахилгаан худагны бүтээн байгуулалт хийсний сая юанийг нь уг төслөөс санхүүжүүлсэн. Энэ жил хошууны Намын хорооны зохион байгуулах хэлтсээс манайхыг намын гишүүн голлох өрх болгож, “Намын гишүүн голлох өрх + цахим худалдаа”-ны хэлбэрээр хоршооны албан өрөөд үнэ төлбөргүйгээр интернэт сүлжээ оруулж өгсөн бөгөөд сая юанийн зээл өгөхөөр болоод байна гэх зэргээр Цэцэнт нам засгаас үзүүлсэн дэмжлэгийг хуруу даран тоочлоо.
Цэцэнт албан ёсоор цахим худалдааны замаар явсан нь 2015 оны явдал. Сөнид хонины махны “Ховор” брэндийг цогцлон, борлуулалтыг сайжруулахын тулд 2015 оны 6 дугаар сард “Ховор” хөдөө аж ахуйн хөгжүүлэлтийн ХК-ийг бүртгүүлэн байгуулжээ. Мөн 2015 оноос эхлэн Тао Бао сайтын цахим дэлгүүр, вичат, вичат тавцанг нээж бүтээгдэхүүнээ борлуулах боллоо. Ингээд хоршооны малчдынхаа хонийг хөлдөөх агуулахад дөчин юанийн үнэтэйгээр авах болсон бөгөөд өнгөрсөн жил 18 тонн хонины мах, 3 тонн цагаан идээ борлуулаад 500 мянган юанийн цэвэр орлого олсон байна.
Цэцэнт эхэндээ цахим худалдаагаар хурууд борлуулахдаа 1 килограммын уутанд савлаж байжээ. Өмнөд орны хэрэглэгчид хурууд цагаан идээ хэрэглэж байгаагүй болохоор хурууд нь хатвал муудсан хэмээн ойлгож лавлан асуудаг байжээ. Хэрэглэгчдийн санал асуулга бол хөгжлийн хөдөлгөх хүчин юм. Түүнээс хойш Цэцэнт өмнөд орны хэрэглэгчдийн сонирхолд нийцүүлэн 100 граммын хэмжээтэй савлах болсноор барахгүй дээр нь тодорхойлолт, хадгалах хугацаа зэргийг тодорхой бичжээ. Мөн цахим худалдааны шаардлагад нийцүүлэн Сөнид хонины махаа үелж мөчлөн нарийн боловсруулаад борлуулжээ. Одоо хоршоондоо хонины махыг гуяны мах, далны мөгөөрс, ямхын хавирга зэргийн 20 гаруй төрөл зүйлээр үелж мөчлөн боловсруулаад цахим худалдааны хэрэглэгчдийн шаардлагыг гүйцэд хангах болсон байна.
Тээврийн зардал нь цахим худалдааны чухал гогцоо болдог. Цэцэнт анх буухиа хүргэлтийн компанийг ашиглаж байжээ. Цэцэнтийн бүтээгдэхүүн Шанхай, Ханжөү, Шэньжэнь, Далянь зэрэг их хот, Сичюань зэрэг олон газруудад борлуулагдаж байгаа болохоор энэ жилийн 8 дугаар сард SF EXPRESS ерөнхий компаниас Цэцэнттэй хамтран ажиллахаар болж, Хятад улсын дотоодын бүхийл их хот дахь компанийн хөлдөөх агуулах 2 тонн орчим орон зай гаргаж өгөхөөр болжээ. Улаанцав хот дахь Цэцэнтийн ерөнхий компаниас 2 тонн махан бүтээгдэхүүнээ урьдчилан гуйвуулж, захиалга авбал шууд тухайн газрын хөлдөөх агуулахаас бүтээгдэхүүн хангах болсноор хүргэлтийн зардлыг хагасаар бууруулсан байна.
— Ирээдүйд жил бүр 5000-10000 хонийг нарийн боловсруулж чадах үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Үндэстний онцлогтой мах махан бүтээгдэхүүнийг өөрийн шаардлагаар нарийн боловсруулах нь “Ховор” брэндээ зах зээлд гаргах чухал алхам юм. Хэрэглэгчдэд манай хоршооны Сөнид хонийг биечлэн сонирхох газар гарган, аялал жуулчлалтай уялдуулан “Ховор” брэндийг илүү олон хүнд таниулна хэмээн Цэцэнт ярилаа.
