Наймдугаар сарын 03-ны үдээс хойш Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И АСЕАН ба Хятад, Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад видео хэлбэрээр оролцов.
Ван И хэлэхдээ "Өдгөө дэлхийн цар тахлын байдал тогтворгүй, эдийн засгийн сэргэлт илэрхий зөрөөтэй байж, шинэ сорилтууд тасралтгүй гарч байна. Бид үргэлжлүүлэн хамтран ажиллаж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэн, эдийн засгийн ерөнхий сэргэлтийг ахиулж, Зүүн Азийн орнуудын хямралын эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг тасралтгүй сайжруулах ёстой. Үүний зэрэгцээ алсын хараатай байж, механизмаа төгөлдөржүүлэн, 10+3 хамтын ажиллагааны уян хатан байдал, эрч хүчийг нэмэгдүүлж, олон жилийн турш үргэлжилсэн Зүүн Азийн тогтвортой, цэцэглэн хөгжсөн байдлыг хамтдаа баталгаажуулах ёстой. 10+3-ын улс орнууд ирэх жил уг хамтын ажиллагааг эхлүүлсний 25 жилийн ойг тохиолдуулан, "10+3 хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө (2023-2027)" -ыг боловсруулж, ирээдүйн хамтын ажиллагааны замын зургийг төлөвлөн, Зүүн Азийн хамтын нийгэмлэгийн зорилгодоо хүрэх боломжийг буй болгох ёстой.
Нэгд, Зүүн Азид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах халхавчийг буй болгоно. Хятад улс өдгөө 750 сая гаруй тун вакциныг гадаадад хангасан бөгөөд ирэх дөрвөн сарын хугацаанд "Коронавирусийн эсрэг вакцины хэрэгжилтийн төлөвлөгөө"-д 110 сая тунг үргэлжлүүлэн нийлүүлэх бөгөөд ирэх 3 жилд олон улсад дахин гурван тэрбум долларын тусламж үзүүлнэ.
Хоёрт, Зүүн Азийн эдийн засгийн нэгдлийг ахиулна. RCEP-ийг эртхэн хэрэгжүүлэхийг дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллийн үйл явцыг түргэтгэнэ.
Гуравт, Зүүн Азийн өөрчлөлт, хөгжлийг хамтдаа эрэлхийлнэ. Бүс нутгийн тоон өөрчлөлтийг түргэтгэж, Зүүн Азийн орнуудын зах зээлийн цар хүрээний давуу талыг зөв ашиглан, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийн чиглэлээр ажил хэрэгч хамтын ажиллагааг түлхүү өрнүүлнэ. Хятад улс тоон эдийн засгийг хөгжүүлэх нээлттэй, шударга орчинг бүрдүүлэхийн тулд 10+3 Залуу эрдэмтдийн форумыг зохион байгуулж, кибер аюулгүй байдлын сургуулилтыг зохион явуулахад бэлэн байна.
Дөрөвт, Зүүн Азийн үнэ цэнийн үндэс суурийг хамтдаа буй болгоно. бүх хүн төрөлхтний энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөөний нийтлэг үнэт зүйлийг хамтдаа хэрэгжүүлэх ёстой. Боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн салбарт идэвхтэй солилцоо өрнүүлнэ".
