Шил нутагт малын худалдааны зах гэдэг нэг төрлийн ажлын байр болон нэлээд эрчимтэй газар авч байгаа юм. Зарим малын худалдааны захын жилийн өртөг 100 сая юанийг давсан байдаг. Тэгвэл эдгээр малын худалдааны зах Шил нутгийн мал аж ахуйн хөгжилд ямар үр нөлөө авч ирсэн бол?
Нэг. Малчид нэг л улиралд малаа борлуулдаг байсныг өөрчлөв
Уг нь манай малчид зөвхөн намрын улиралд л малын наймаачид ирэхийг хүлээж суудаг байв. Энэ байдал нэлээд урт хугацаанд үргэлжилсэн юм. Гэхдээ цаг үеийн хөгжлийг дагаад зөвхөн намрын улиралд борлуулдаг явдал мэдэгдэм өөрчлөгдөж байгаа нь ажиглагдана. Шилийнгол аймгийн бүхий л газар нутагт эрчимтэй хөгжиж байгаа малын худалдааны зах нь жил бүрийн дөрөв, таван сарын үеэр худалдаа солилцооны үйл ажиллагаа эхлүүлж, өвөл 12 сар өнгөртөл үргэлжлүүлдэг болохоор багадаа гурван улиралд мал борлуулах боломжтой болов. Энэ нь Шил нутгийн мал аж ахуйд авч ирсэн маш том өөрчлөлт юм. Малчид уг нь хаврын гачиг гэж ярьдаг. Өвлийн сүүлч хаврын эхээр цаг агаарын шалтгаан болон бусад талын нөхцөл шалтгаанаас болоод бэлтгэл муутай малчид гар мухардан гачигдах нь бий. Өвс бордоо худалдан авах ч юм уу, эсвэл бусад талын зардал гарснаар амьдралын орлого зарлагаа зохицуулж дийлэхгүй байдалд ордог. Хаврын улиралд малын худалдааны зах ажиллах болсон нь малчдын энэ гачигдлыг шийдэж өгчээ. Зүүн Үзэмчин хошууны “Ээжийн говь” малын худалдааны зах энэ жилийн хувьд 03-р сарын 01-ний өдрөөс худалдаа солилцооны үйл ажиллагаа эхлүүлээд 12 сар болтол нээлттэй байлгадаг байна. Тэд их хүйтэн болтол энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ажээ. Ингээд бодвол нэг жилдээ бараг 10 сар ажиллан, сар бүр 4-5 удаагийн худалдаа солилцоо хийх болжээ. Малчид нэг жилийн гурван улиралд 40-50 удаа малаа борлуулах боломжтой болсон байна.
Хоёр. Завсрын наймаачин сонголтоо хийдэг байсныг малчид өөрсдөө наймаачнаа сонгож борлуулдаг болгов
Манай малчид малын гаргалтаа зарцуулах талд маш идэвхгүй байсныг үгүйсгэхийн аргагүй. Бараг л хүлээлтийн байдалд олон жил байсан. Үүдэнд нь ирээд авахгүй бол худалдаж чадахгүй жил ч байдаг. “Энэ жил малын наймаачин олон байна” гэдэг ч юм уу “Энэ жилийн малын наймаачид яагаад ирэхгүй байна?”, “Үхрийн наймаачин их олон, хонь авах хүн байхгүй байна” гэх мэтийн яриа манай малчдын дунд яригддаг байсан. Энэ үед завсрын наймаачид хэд гэнэ тийм үнэ тогтсон байсан бөгөөд наймаачид малчдын мал унааг сонгож авдаг байдал ч оршиж байсан. Харин малын худалдааны зах нээгдсэнээр малчид олон наймаачинтай шууд харилцах болж, аль болох өндөр үнэ өгсөнд нь малаа өгөх боломжтой болов. Баруун Үзэмчин хошууны “Цэнхэр хөдөө” малын худалдааны захыг нээсэн малчин Соёлбат “Өмнө нь наймаачид сонгодог байсан бол одоо малчид наймаачдаа сонгох болсон. Өөрөө эзэн мэдэх зөв хандлагатай болж байна” хэмээн ярьж байв.
Гурав. Малын наймаачид хол зам хөөж айлын гадна очиж худалдаж авах хэрэггүй болов
Малын худалдааны зах зөвхөн малчдад ашигтай биш, малын наймаачдын хувьд ч олон талын ашигтай нөхцөлийг бүрэлдүүлж өгчээ. Малын наймаачид малчин айл хэдий хол байсан ч машинаа бэлтгэн нутгийн хүнээр замчлуулж явсаар худалдаж авах малаа олно. Хоосон явах буюу санаандаа хүрсэн арилжаа наймаа хийж дийлэхгүй тохиолдол ч гардаг. Хол зам хөөхөд машины тос усны зардал, замчилсан харилцсан хүний хөлс мөнгө гээд багагүй зарлага гарах нь мэдээж. Малын худалдааны зах нь мал унааг төвлөрүүлж чадсанаар наймаачид нэг л газар очвол авах малаа худалдан авдаг болжээ. Цаг, мөнгөнд хэмнэлттэй болсон төдийгүй олон малын дундаас чөлөөтэй сонгох өргөн боломж нээгдсэн нь илүү ашигтай байлаа.
Дөрөв. Малын худалдаа хийж байгаа хүмүүсийн ихэнх нь малчид байна
Манай аймагт малын худалдааны зах нээн ажиллуулж байгаа хүмүүсийн олонх нь нутаг орны малчид юм. Уул нь зөвхөн малаа малладаг хүмүүс цаг үеийн хөгжил, өөрийн нөхцөл байдлаа үндэслэн ийм нэгэн шинэ ажлыг эрхлэх болов. Энэ нь малчид наймаачдад хоёр талын ашигтай ажил болсон бөгөөд эрхэлж байгаа хүний хувьд ч зохистой орлого олох зам болсон. Одоогийн байдлаар малын худалдааны захын ихэнх нь нэг бог мал зарагдвал 5-10 юань, нэг бод мал зарагдвал 50-100 юанийн хураамж авдаг байна. Тиймээс малын худалдааны нэг захаар жилд 10000 үхэр борлуулагдвал захын үхэр борлуулсан орлого 5-10 сая юань хүрнэ гэсэн үг юм.
Тав. Малчдын орлогыг маш их нэмэгдүүллээ
Сөнид зүүн хошууны “Буянт” малын худалдааны захын ажилтан: - Малчид малаа малын худалдааны захад авч ирэн зарах нь гадна худалдахыг бодвол нэг тугал 500-600 юань, тугалтай үнээ 1000 гаруй юань, бух 2000 орчим юаниар зөрдөг гэв.
Эндээс харахад хөдөө нутагт малын худалдааны зах ихээр нээгдэх болсон нь малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх маш үр дүнтэй арга болжээ. Баруун Үзэмчин хошууны “Цэнхэр хөдөө” малын худалдааны захаар дамжин борлуулагдсан нэг хязаалан бух 27,3 мянган юань хүрсэн бол нэг сувай эм хонь 2300 юань хүрсэн байдаг.
Зургаа. Малын худалдааны зах зөвхөн арилжаа наймаа хийдэг бус солилцоо ч хийдэг
Шилийнгол аймгийн малын худалдааны зах зөвхөн арилжаа наймаа хийдэггүй. Харин нутаг орны малчид малын худалдааны захаар дамжин солилцоо хийх нь ч бий. Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Сайханнуур багийн малчин Алтансувд, Төмөрбагана нар малын худалдааны захаас үрийн мал буюу сайн үүлдрийн үхэр сольж авсан жишээтэй. Малчид уг нь үрийн мал солих буюу малынхаа үүлдрийг сайжруулах гэвэл гаднаас авах нь их байсан бол одоо шилдэг үүлдрийн үхэр маллаж буй ойрын айлаас сольж авах болжээ. Энэ нь мөн малын худалдааны захын бас нэгэн ашигтай тал юм.
Хөдөө нутагт шинээр бий болсон малын худалдааны зах гэдэг ажил их Шилийн мал аж ахуйн эргэлтийг түргэтгэж, хөгжлийн орон зай их байгаа төдийгүй захыг ажиллуулж байгаа хүмүүсээс эхлээд малын арилжаа наймаатай холбогдсон ажил хийж яваа бүхий л хүнд ашигтай нөхцөл боломжийг бүрэлдүүлж өгсөн байна.
