Дэлхий дахинд “КОВИД-19”-ийн цар тахал даамжирсан хэвээр байна. Хятад улсын вакцин зах зээлд гарсан нь Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг тэмцэлд итгэл найдвар авчирж байна. Саяхан Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүнь-Ин хэлэхдээ: Хятадын тал амлалтаа хэлбэрэлтгүй хэрэгжүүлэн, “КОВИД-19”-ийн вакциныг судлан бүтээж ашиглалтад оруулсныхаа дараа түүнийг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгож, вакцин хөгжиж буй орнуудад хүртээмжтэй, найдвартай байх нөхцөлийг бүрдүүлэхэд Хятад улс хувь нэмрээ оруулна гэжээ.
03-нд Индонез улс тус өдрөөс эхлэн улсынхаа 34 мужид Хятадын Кэшин компанийн судлан бүтээсэн вакциныг тараан өгөхөө мэдэгджээ. Египетийн Эрүүл мэндийн сайд саяхан хэлэхдээ, тус улс Хятадын Sinopharm корпорацтай худалдан авалтын гэрээ байгуулсан бөгөөд Египетийн Эм бэлдмэлийн хяналтын товчоо тус корпорацын вакцинд яаралтай үед хэрэглэж болох зөвшөөрөл олгов гэжээ.
Хятад улсын “КОВИД-19”-ийн вакцин үр дүнтэй, аюулгүй гэдэг нь клиникийн туршилтаар гэрчлэгдсэн гэж Индонез, Бразил, АНЭУ, Бахрейн зэрэг орнууд урьд хожид мэдэгдэв. Sinopharm корпорацын “КОВИД-19”-ийн вакцин нөхцөлтэйгөөр зах зээлд бүртгэгдэж болохыг Хятадын засгийн газар зөвшөөрсөн талаар Америкийн CNN мэдээлж, уг мэдээлэлд Хятад улсын энэ шийдвэр нь Sinopharm корпорацын вакцин Хятад улсад болон дэлхийн хэмжээнд их цар хэмжээгээр түгээгдэхэд боломж бүрдүүлсэн гэжээ. Бүрэн бус бүртгэлээс үзэхэд, Пакистан, Украин, Египет зэрэг 10 орон баримт бичигт гарын үсэг зурж, Sinopharm корпорац ба түүний дэргэдэх бусад үйлдвэрлэгч бизнес нэгжийн вакциныг худалдан авах хүсэлт гаргасан байна. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд өрнөдийн зарим орны улс төрчид ч Хятад улсын вакциныг сайнд үзэж байгаагаа илэрхийлжээ.
