Амьдралд шантрах үе бишгүйдээ нэг бий. Гэсэн ч хүмүүс бид жижигхэн асуудлыг томруулан харж, хийж эхлээгүй зүйлийнхээ өмнөөс хий ядарч, аяганыхаа талыг үргэлж дундуур байна гэмээн гомдоллодог дутагдалтай. Харин өөдрөг хүн түмэн бэрхшээл дундаас гагцхүү боломжийг л олж хардаг гэдэг батлах нэгэн жишээг бүсгүйчүүддээ дуулгая.Энэ бодит түүхийг хүүхдүүдээ уншуулахад ч илүүдэхгүй ээ.
Профессор Пейж Питт дөнгөж 3 хувийн хараатай нэгэн. 5 настайдаа туссан өвчний уршгаар харах чадварынхаа 97 хувийг алдсан байна. 12 настайдаа бага сургуульд элсэн орж, найз нараараа номоо чанга дуугаар уншуулж байж бага дунд сургууль болон коллежоо дүүргэжээ. Хэдийгээр харааны ийм хүндхэн согогтой байсан ч 16 настайдаа зуны амралтаараа нүүрсний уурхайд ажилладаг байлаа. Нүүрс дүүргэх тэрэг ойртож ирэхэд нь барьж зогсоохын тулд зогсоох ёстой газраасаа 6 метрийн зайд том цагаан даавуу уяж, цагаан даавууны хөдөлгөөнөөр тэрэг ойртож байгааг мэдэн тэргийг барьж зогсоодог байснаа хожим дурссан байдаг.
Гэр доторх эд зүйлсээ харахын тулд 20 дахин томруулдаг шил хэрэглэдэг энэ хүн бэршээлийн өмнө өвдөг сөхрөлгүйгээр амьдралд өөдрөг үзлээр талархалтай хандаж байсны дээр өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, сэтгүүл зүйн салбарт гайхалтай амжилттай багшилсан юм. Гучин жилийн турш сургуулийн барилгын суурийн хонгилд хичээллэдэг байсан сэтгүүлзүйн сургууль Пейж Питтийн хүчээр их сургуулийн барилгын бүхэл бүтэн 2 давхрыг хамардаг болсон түүхтэй.
Тэрбээр шавь нартаа “Та нарыг мэдээ, ярилцлага бэлтгүүлэхээр явуулсан үед хөл чинь хугараад мэдээ, сурвалжилгаа бэлтгэж чадаагүй тохиолдолд түргэний тэрэг ирхээс өмнө заавал надад мэдэгдээрэй. Тэгээгүй бол та нарыг би уучлахгүй. Амьдралд хамгийн чухал нь шалтаг тоочих биш, үр дүн. Тийм болохоор надад шалтаг бүү тооч” хэмээн ажлаа төгс хийхийг хатуу сануулдаг байж.
Нэгэн оюутны “Танд сохор, дүлий, хөлгүй байх гурвын аль нь илүү хэцүү вэ?” гэсэн асуултанд “Аль нь ч хэцүү биш. Жинхэнэ тахир дутуу байдал бол зорилгогүй байдал юм. Найман цилиндртэй байж, түүнийхээ хоёрыг нь л ашиглаж байгаа хүмүүс бол жинхэнэ тахир дутуу, өрөвдөлтэй хүмүүс” гэж хариулсан удаатай.
Энэ эрхэм, сэтгүүлзүйн багшийн мэргэжилд яаж ингэж гайхалтай чадварлаг мэргэшсэн юм бол? Учир нь тэрбээр “Өөрөө сэтгүүлчийн ажил хийлгүйгээр сэтгүүлзүй заана гэдэг байж боломжгүй зүйл. Би заавал энэ мэргэжлээр ажиллана.” хэмээн 2 жил сэтгүүлчээр ажилласан байна. Аливааг төгс хийхийн тулд тухайн зүйлээ тун сайн таньж мэдэх, үндэс улбаанаас нь эхлэн суралцах, шантаршгүй эрэл хайлтын дунд амьдрах ёстой гэж эрхэмлэдэг нь Пейж Питт багшийн амьдралын зарчим байгаад зогсоогүй, хичээл заадаг өөрийн оюутнууддаа нөлөөлсөн арга барилынх нь амин чанар байсан байна.
Түүнд их сургуульд авдаг цалингаас нь 2 дахин их цалин санал болгосон ч тэрбээр сэтгүүлчээр ажиллахаасаа татгалзан сэтгэл зүрхээ өгсөн багшийн ажилдаа эргэж орсон гэдэг.
