Тунляо хотын үндэстний дуу бүжгийн баг нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хүрээнд “Овоон дээрх уулзалт” хорчин дуу хөгжмийн үдэшлэгийг 4-ний өдөр Бээжингийн Бао Ли жүжгийн театрт зохион байгуулжээ. Үдэшлэг нь “Хөдөөний дуулал”, “Баатрын дуулал”, “Янагийн дуу”, “Магтаал дуу” зэрэг дөрвөн бүлэгт хуваагдаж, “Тэнгэрийн салхи”, “Алтан гургалдай”, “Дөрвөн далай”, “Гада Мэйрэн”, “Түмэн агтны төвөргөөн”, “Жиньхуар”, “Вань Ли”, “Овоон дээрх уулзалт” , “Хөх тэнгэр доорх Хорчин нутаг” зэрэг олон сайхан ардын дууны аяар үзэгч олны сэтгэлийг баясгаж, сонорыг мялаасан байна.

Үүнээс гадна морин хуурын их багш Чи.Булаг хүрэлцэн ирж, бүжиг дуу хосолсон энэхүү наадамд хөөр наргиан нэмсэн байна.
Тунляо хотын үндэстний дуу бүжгийн баг нь Өвөр Монголын зүүн хэсгийн аймгийн шатны тоглолтын баг болно. Тус баг нь найрал хөгжмийн анги, ардын хөгжмийн анги, найрал дууны анги, бүжгийн анги, тусгай мэргэжлийн ангитай бөгөөд нийт 145 жүжигчинтэй аж. Жүжигчдээс улсын нэгдүгээр зэрэглэлийн жүжигчин 13, улсын хоёрдугаар зэрэглэлийн жүжигчин 34 бий. Монгол үндэстний тайзны урлагийн зохиол бүтээл болон тоглолтын талаар хичээн ажиллаж шинээр найруулан тоглосон том хэлбэрийн тайзны жүжиг болон дуу бүжгийн тоглолт нь Хятад улс болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны тусгай мэргэжлийн шагналыг олон удаа хүртэж байсан бөгөөд Хятад улсыг төлөөлөн Герман, Нидерланд, Бельги, Франц, Испани, Энэтхэг, Япон, Солонгос, Монгол, Египет зэрэг Европ, Ази, Африк тивийн олон улсаар тоглолт хийж байжээ.
