Шилийнгол аймгийн Сөнид Зүүн хошууны Мандалт сууринд 07-р сарын 15-ны үдэш явагдсан Хятад улсын хэмжээнд зохиогддог VIII удаагийн “Гилгүүн уянга” алтан одон шагналт монгол яруу найргийн наадамд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошууны залуу яруу найрагч Б.Очирваань “Сэтгэл” шүлгээрээ тэргүүлж, алтан одонгоор шагнуллаа.
Энэ удаагийн наадамд Хятад улсын өнцөг булан бүрээс Шиньжян, Хөххот, Алшаа, Бугат, Шилийнгол, Улаанхад, Түнляо, Хөлөнбуйр зэрэг ӨЗО болон ӨМӨЗО-ны аймаг, хотоос хүрэлцэн ирсэн 160 гаруй яруу найрагчын бүтээлээс шилдэг 16 уран бүтээлийг шалгаруулан үлдээж, дахин сонгон шалгаруулсан юм.
Б.Очирваань 2016 онд болсон Долоо дахь удаагийн “Гилгүүн уянга” алтан одон шагналт монгол яруу найргийн наадамд Мөнгөн одон шагналаар энгэрээ мялаалгаж байсан бол энэ удаад “Сэтгэл” шүлгээрээ тус наадмын алтан одонгийн эзнээр тодорлоо.
Б.Очирваань Шинэ Барга Зүүн хошууны Жавхлант сумын Оршон багаар нутагтай. Одоо Шинэ Барга Зүүн хошууны Соёл аялал жуулчлалын спорын товчоонд ажиллаж буй. 2011 онд анхны шүлгийн түүвэр “Усны тэмдэг”-ээ хэвлүүлж, одоо “Цуурианд нуугдахуй” нэртэй хоёр дахь шүлгийн түүврээ хэвлэлд бэлтгээд буй. Тэрээр 2012 онд “Дорно” утга зохиолын шагналын шинэ одон шагналыг хүртэж, 2014 онд бүх Хятад улсын VII удаагийн “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын хоёрдугаар байранд шалгарч байв.
