Тэр эр хүн үү, эр хүйстэн үү?
2015-12-28 18:21
Эр хүн гэж хэнийг хэлэх вэ. Эр биеийг олж төрсөн болгоныг ийн нэрлэх үү. Эсвэл өөр ямар нэг учир бий юу. Үнэн хэрэгтээ амьдрал дээрээс харахад өнөө цагт эр хүн, эр хүйстэн гэсэн хоёр төрлийн эрчүүд бий болчихож.
Эр хүн гэж хэнийг хэлэх вэ. Эр биеийг олж төрсөн болгоныг ийн нэрлэх үү. Эсвэл өөр ямар нэг учир бий юу. Үнэн хэрэгтээ амьдрал дээрээс харахад өнөө цагт эр хүн, эр хүйстэн гэсэн хоёр төрлийн эрчүүд бий болчихож.
Эр хүн гэж тэгвэл чухам хэн бэ. Л.Дагвадоржийн үг, Р.Энхбазарын ая “Эр хүн” дууг гавьяат жүжигчин А.Долгорын дуулснаар та бид мэднэ. Энэ дууны
“Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Tанийxаа xайрыг би дaaxгүй гэж шимшиpдэг”
Хэмээх мөртүүдэд би үнэхээр дуртай. Үр хүүхдээ хайраар дутаалгүй өсгөж, өрх гэртээ алтан багана нь байж, халамж хайраараа гэрээ дулаацуулдаг хүнийг л эр хүн гэх болов уу. Балга сархадандаа аархаж чадал муутай бусдыг дээрэлхдэггүй, хань ижлээ зовоож, хэрүүл маргаан өддөггүй, буурь сууриндаа бат зогсож, хаалга саван одохын оронд асуудлын учрыг олох гэж тэнүүн уужим сэтгэлээр амьдралдаа ханддаг хүнийг л эр хүн гэх байх.
Сонгосон амьдрал, эхлүүлсэн гэр бүлийнхээ өмнө хариуцлага үүрсэн, бяцхан үрсийнх нь нүдэнд аз жаргал гийж, гэргийнх нь хацарт гэрэл туяарч байх эсэх нь өөрийнх нь амьдралын ухаанаас шалтгаална гэдгийг эргэлт буцалтгүй ухаарсан нэгнийг эр хүн гэх байх.
Халаас хоосон, хэтэвч дүүрэн явахын алинд ч нэг л зангаараа байж, бүхнийг даван туулах сэтгэлийн хаттай нэгнийг бас эр хүн гэх байх.
Харин эр хүйстэн гэж хэн бэ. Эр биеийг олж төрсөн болгон эр хүйстэн боловч тэдний дотроос эр хүнийг ялгаж сурах нь эмэгтэйчүүд, бүсгүйчүүд бидэнд амьдралынхаа хамгийн том үргэлжлэлийг эхлүүлэхэд чухал юм.
Өнгө мөнгөнд нүдээ унагаж, ханилсан нэгнээ ядрах цагт нь орхиод явчихдаг, үр хүүхэддээ энэрэлгүй, зугаа цэнгэлээс өөрийг үл мэдэгч, амин хувиа хичээгч, хариуцлагаас ямагт бултагчдыг эр биеийг олж төрсөн эр хүйстэн гэж нэрлэмээр.
Ийм л болохоор бүсгүй хүн учирсан амрагаа эр хүн үү, эр хүйстэн үү гэдгийг нь ялгаж танивал ирээдүйн амьдралдаа хамгийн том хөрөнгө оруулалт хийж чадна.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
