solongonews
Уран бичлэгтэн Ерөөлт
2016-03-29 17:30
Уран бичлэгтэн Ерөөлт

Урлагийн хамгийн дээд төвшин гэмээнэ даруй уламжлал болон цагийн өнгө аясыг илэрхийлэх дээд зэргийн нэгдэл гэж дийлэнх нь үзэцгээж буй. Уран бичлэгтэн Ерөөлт гуайн уран бүтээл хүмүүст нэгэн үеийн он цагийг туулж ирсэн тухай сэтгэгдлийг эрхгүй төрүүлнэ. Яруу сайхан, амьд бодитой, цог жавхаатай уран бүтээл гэдэг үндэстний чанар ба цаг үеэ мэдэрсэн шинж чанартай байдаг. Зохиол, уран бүтээлд нь холбогдсон агуулга өргөн дэлгэр, амьдралын үнэр амттай байх нь даруй зохиогчийн ямагт эрэлхийлдэг урлагийн нэгэн төвшин буюу.
Ерөөлт гэдэг нэрийг ӨМӨЗО-ны уран бичлэгийн ертөнцийнхөн андахгүй хүн цөөн гэдэг. Гэвч чухамдаа түүний урлагийн эрэлхийлэл, уран бүтээлийнх нь үнэ өртгийн тухайд цөөнгүй хорхойтнууд төдийлэн ойлголт багатай байдаг. Тиймээс энэ удаад уран бичлэг, тамга, сийлбэр урлагийн үзэсгэлэн гэх зэрэг олон талын ойлголт өгөх зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.
- Е багш аа, тантай хамт зураг авахуулж болох уу? Таны уран бүтээлийг хараад сэтгэл минь үнэхээр их хөдөллөө. Таныг улам ихээр хүндэтгэн бишрэх сэтгэл төрлөө гэлцэх уран бичлэгтэн Ерөөлт гуайн шүтэн бишрэгч, фенүүд түүнтэй дурсгалын зураг татуулна. Энэ дашрамд түүнийг хүлээж зогссон Шилийнгол Аймгийн Зүүн Үзэмчин хошуу нутагтай уран бичлэгийн хорхойтон нэгэн монгол залуу ийнхүү ярьсан юм.


- Энэ бол 2015 оны 7 дугаар сарын 28-ний өдөр ӨМИС-ийн Урлагийн дээд сургууль, ӨМӨЗО-ны Уран бичлэгийн нийгэмлэгээс санаачлан Өвөр Монголын уран зургийн ордонтой хамтран зохион байгуулж байгаа “Ерөөлт гуайн уран бичлэг, тамга сийлмэл, сийлбэр үсгийн урлагийн үзэсгэлэн”-гийн хаалтын өдөр болж байна гэж сонирхууллаа. Даруу төлөв ааш зантай, тэгш сайхан бие бялдартай Ерөөлт гуай хээв нэг инээмсэглэн явна. Гэвч түүний урлагийн бүтээл болон монгол үндэстний соёлын уламжлал, ер нь түүнийг харахад эрс шийдэмгий төрх байдал нь эртний монголын баатар энэ цагт ирсэн шиг санагдана.
    “Ерөөлт гуайн уран бичлэг, тамга сийлмэл, сийлмэл үсгийн урлагийн үзэсглэлэн”-д БНХАУ-ын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн уран бичлэгтнүүд, уран бичлэгт дур сонирхолтой хорхойтнууд бүхий 1000 гаруй хүмүүс оролцлоо. Тус үзэсгэлэнд Ерөөлт гуайн туурвисан зуу мянган уран бүтээлээс ердөө 100 шилдэг бүтээлийг сонгон дэлгэжээ.
Уран бичлэг, тамга сийлмэл, орчин үеийн сийлмэл үсэг гэсэн гурван төрлийн урлагийн хэлбэр бүрт илэрсэн пагва үсгийн тухайгаа уран бичлэгтэн маань өөрөө бидэнд тайлбарлаж өглөө.
- Монгол үндэстний зохион бүтээсэн пагва үсэг Юань гүрний түүхэнд чухал байр суурьтай байсан юм. Өнөөдрийн археологийн судалгаагаар илрүүлсэн Юань гүрний үеийн маш олон тамга, хурууны ором болон тэмдэг шошго бүрт пагва үсэг бий. Монгол үндэстний нэгэн уран бичлэгийн урлагийн ажилтны хувьд үндэстний соёлоо уламжлан хөгжүүлэх нь бид бүхний дархан хариуцлага юм. Би маш эртнээс пагва үсгийг сурч уран бичлэг, тамга сийлмэлийн бүтээлдээ шингээсэн гэж тэрээр ярьж байлаа.
Энэ удаагийн үзэсгэлэнг өмнөх уран бичлэгийн үзэсгэлэнгүүдтэй харьцуулахад хэлбэрийн хувьд эрс ялгаатай, түүний уран бичлэгийн агуулга, илэрхийлэх хэлбэрийн тал дээр шинээр эрэлхийлэл хийж, өөрийн уран бүтээлээ хэвлэн олшруулсан байна. Түүнчлэн Хятадын Дүнхуангийн Хан Гүрний үеийн хулсан цуудсанд цардаж дэлгэн үзүүлснээрээ онцлог болсон билээ.
Тамга сийлмэлийн уран бүтээл дотор хөрөгт тамга, монгол үсгийн тамга, зурмал хөрөгт тамга, хятад тамга, пагва үсгийн тамга зэрэг бий. Үзэгчдийн тамга сийлмэлийн сонирхлыг нь дэмжих зорилгоор Ерөөлт гоц нарийн уран бүтээлээ нэр дэвшүүлж, Хятад улсын дотоодын нэрт уран бичлэгтний оршил буюу өмнөтгөлтэй хамт дэлгэн үзүүлжээ. Түүхийн болон цаг үеийн өнгө аяс түүний уран бүтээлд ийнхүү бүрэн тодорсон байна.
“Бүх Хятад улсын сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэн” бол хятадын уран бичлэгтнүүдийн нийгэмлэгээс санаачлан хоёр жилд нэг удаа уламжлал болгон зохион явуулдаг хамгийн их нөлөөтэй, албан ёсны улсын зэрэглэлийн том хэмжээний үзэсгэлоэн юм. Ерөөлт гуайн орчин үеийн сийлмэл үсгийн урлагийн уран бүтээл олон удаа “Бүх Хятадын сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэн”-гээс том шагнал хүртсэн.
Сийлмэл үсгийн урлагийн тухай Ерөөлт өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодол, ойлголттой. “Ерөөлт гуайн уран бичлэг тамга сийлмэл, сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэн”-гийн орчин үеийн сийлмэл үсгийн уран бүтээлүүд нь сонирхогчдын таашаалд ихэд нийцэж нүдийг нь хужирлаж чадсан билээ. Түүнээс гадна Ерөөлт гуай монгол үсэг, пагва үсэг, хятад үсэг гэсэн гурван төрлийн үсгийг модны ар зурвас ба байгальлаг хэлбэртэй урласан. Мөн үсгийн илтгэж буй утга агуулгатай нягт уялдуулан Хятад улсын уламжлалт соёлд суурилж, үндэстний чанар, олон янз бүхий шинж, цаг үеийн өнгө аясыг илэрхийлж чадсан байна.
     Эдгээр цаг үеийн хувьсал өөрчлөлтийг туулсан моддын дээр уран бичлэгтний маань үзэл санаа нэвчиж, хувхай моддыг шинэ амьдралын утга агуулгата болгож өгсөн мэт. Сурвалжлагч түүнтэй эдгээр сийлмэл үсгийн уран бүтээл нь хэрхэн хүмүүсийн сэтгэлийг догдлуулж, цаашид бодол төрүүлэх тухай ярихад Ерөөлт гуай өөр нэгэн нууц жорыг ярьж билээ. Тэрээр:
- Эдгээр сийлмэл үсгийн уран бүтээлийг зохион бүтээхэд хэрэглэсэн модон материалыг ихэнхийг нь би өөрөө түүж авчирсан юм. Зарим нь Алшаа нутгийн элснээс гаралтай, зарим нь Шилийнголын тал нутгийнх, бас заримыг нь Улаанхад, Хянган зэрэг аймгуудын нутгаас олж авчирчээ. Эдгээр хувхай мод бүрийн дээр ч гэсэн амь насны ид шид, им тэмдэг бий. Тухайн газар орныхоо түүхийн улирал хувьслыг тэмдэглэж байна. Хотын дүүрэгт ч гэсэн халцгай элсэнд ч гэсэн гунигтай хэвтэх моддыг анх хараад тэр л агшинд түүнд шинэ амь нас олгоё гэсэн бодол төрсөн гэдгээ сонирхуулан ярьлаа.

Эдгээр хэд хэдэн хэсэг хуваагдаж овоолсон хувхай модод ийнхү уран бичлэгтэн Ерөөлт гуайн гарт орсноор элдэв янзаар хувиран өөрлөгдөж, амьдралын эрч хүч бүхий урлагийн гайхалтай уран бүтээлүүд болж хувирсан байна.
Сурвалжлагч түүнээс хэрхэн цаг заваа амжуулан ийм олон шилдэг уран бүтээлүүд зохион бүтээж олны хүртээл болгосон тухай нь сонирхон асуухад:
- Орчин үеийн амьдралын олон янзын хэв маяг, маш хурдан хэмнэлтэй амьдрал нь хүмүүсийг барьж тавихаа олохгүй болгожээ. Харин би ихэнхдээ хувийн цаг заваа тэр чигт нь уран бичлэгийн урлагийг судлах, эрэлхийлэхэд зарцуулж ирлээ гэж хариулсан юм.
Үнэхээр ч тийм. Хүмүүс хундага харшуулан дуу хуур цангинуулж, зарим нь зоогийн газарт наргин цэнгэх цагаар уран бичлэгтэн маань нам гүм орчинд нэгэн сэтгэлээр бүтээн туурвих ажилдаа ордог байна. Уран зургийн үзэсгэлэнгийн тэнхимд дэлгэсэн тэдгээр хэдэн зуун ном сэтгүүл, үнэмлэх бол Ерөөлт гуайн хэдэн арван жилийн туршид бийрийн үзүүрээр урлаж явсных нь шагнал юм. Харин түүний өөрийнх нь хэлснээр эдгээр бол ердөө олон арван уран бүтээлийнх нь дундаас сонгон авчирсан нэгээхэн хэсэг нь гэнэ. Саяхан болсон Хятад улсын уран бичлэгтнүүдийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан “Бүх Хятадын арав дахь удаагийн сийлмэл үсгийн уран бүтээлийн үзэсгэлэн”-д Ерөөлт гуайн хичээнгүйлэн байж нямбай урласан “Есөн нугалаатай хатан гол” хэмээх уран бүтээл нь өвөрмөц өнгө төрх, онцгой сэтгэмж, уран санаатай, боловсронгуй болсон аж. Тэрээр энэхүү гайхалтай ур чадвараараа шүүгч бүрээс хангалттай үнэлгээ хүртсэнээр дээд оноогоор тус үзэсгэлэнгийн “Бүх Хятадын хамгийн дээд шагнал” хүртэв. Энэ бол манай Өвөр Монгол орны уран бичлэгтэн бүх Хятадын сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэнд анх удаа тус нэр хүндтэй шагналыг хүртсэн явдал юм. ӨМӨЗО-ны уран бичлэгтнүүд бүх Хятадын сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэн дэх шагналын хоосон орон зайг эзэлж чадсан явдал болсон байна.
Үүнээс гадна тэрээр мөн “Бүх Хятадын тамга сийлмэл, сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэн”-гээс бүх Хятадын хамгийн дээд шагнал, “Гурав дахь удаагийн олон улсын сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэнгийн уралдаан”-ы шилдэг шагнал болох “Хятад улсын залуучуудын уран бичлэг уран зургийн уралдаан”-ы тэргүүн байрын шагнал, “Цагаагчин гахай жилийн хувьсгалын зуун жилийн зуун содон хүрэл чулуун тамганы үзэсгэлэн”-гийн шилдэг шагнал хүртсэн. Олон удаа Өөртөө Засах Орны уран бичлэг тамга сийлмэл, сийлмэл үсгийн урлагийн үзэсгэлэнд нэг, хоёр, гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байлаа. ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын  урлагийн уран бүтээлийн хамгийн дээд шагнал болох “Сарнаа” шагналыг ч хоёр удаа хүртэж байв. 2014 онд Хятадын Коммунист Намын ӨМӨЗО-ны хорооны зохион байгуулах хэлтсээс түүнд “Тал нутгийн чадвартан”-ны цол олгосон байна.
Эдгээр шагнал урамшуулал тийм ч амар хялбар ирсэнгүй.  Харин ч Ерөөлт гуайн урлагийн хичээнгүй эрэлхийллийн гавьяа юм. Тэрээр:
- Эдгээр шагнал урамшуулал нэгэнт түүх болон үлдэв. Монгол үндэстний уран бичлэгтэн, урлагийн ажилтны хувьд үндэстнийхээ соёлыг тээж, цаашид уламжлан бадруулах бол дархан  хариуцлага билээ. Урлагийн зам бол үзүүр төгсгөлгүй, би хэзээд энэ зам дээрээ бат зогсох болно гэж хэлсэн юм.

Ерөөлт гуай

Товч намтар:
Ерөөлт нь 1966 оны 3 дугаар сард Өвөр Монголын Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Дунд хошуунд төржээ. Өвөр Монголын Утга урлагийнхны холбооны намын дугуйлангийн гишүүн, Өвөр Монголын Уран бичлэгтнүүдийн нийгэмлэгийн орлогч дарга, Ши Лин тамгын хорооны гишүүн, Хятадын уран бичлэгтнүүдийн нийгэмлэгийн гишүүн, Соёлын  яамны улсын урлагийн фондын үнэлэн хянах мэргэжилтэн. Залуу уран бичлэгтэн, тамга сийлмэлийн урлан бүтээгч. Дундад улсын Уран бичлэгтнүүдийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулсан Бүх Хятадын аравдугаар удаагийн сийлмэл үсгийн уран бүтээлийн үзэсгэлэнд “Есөн нугалаатай хатан гол” хэмээх уран бүтээл нь дээд оноогоор тус үзэсгэлэнгийн Бүх Улсын тэргүүн дээд шагналаар мялаалгаж нэрээ мөнхөлсөн. ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Урлагийн бүтээлийн хамгийн дээд шагнал болох Сарнаа шагналыг хоёр удаа хүртэв. 2014 онд Хятадын Коммунист Намын ӨМӨЗО-ны хорооны зохион байгуулах хэлтсээс түүнд “Тал нутгийн уран гартан, ур чадвартан”-ний цол олгосон байна.

Зохиогч: САЙНАНЬ, МҮЛАНЬ
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл