Уйлахгүй шүү би, ээжийгээ санахлаар …
2015-12-28 18:21
Ийм үгтэй, гэгэлгэн аятай сайхан дуу үе үехэн зүрхэнд эгшиглэдэг юм. Заримдаа амандаа аялна. Миний хамгийн нандин шүтээн ээж минь эрүүл энх, биднийхээ сэтгэл зүрхийг баясгаж суугаа. Гэхдээ л үргэлж санаад байдаг юм. Эрх хонгор жаахан нас минь мөнх юм шиг л санаж явждээ би. Харин өнөөдөр үрээ тэвэрч, ханиа дагуулсан айлын эзэгтэй болсон хэрнээ би их санана. Болдогсон бол өдөржин хамт байхсан. Амралтын өдрүүдийг тааруулан зорин зорин очно.
Тэгсэн хэрнээ л сэтгэл ханахгүй. Үг үйлдэл бүрээс нь л хайр халамж, сургааль сургамж үнэртэнэ. Сар шинийн баяраар хамгийн түрүүнд л ээжийгээ зорилоо. Сэтгэл догдлон догдлон хацраа үнсүүллээ. Үрийнхээ үрийг харсан эхийн жаргал хэмжээлшгүй гэдгийг харан харан баяслаа даа. Ээж минь охиндоо, өвөр дээрээ дэрвэлзэх хөөрхөн зээдээ, бас хүргэндээ хамаг сэтгэлээ шингээн байж бэлэг сэлт бэлджээ. Айлын эзэгтэй болсноос хойш ээжээсээ авсан бэлэг ямагт нандин үнэ цэнэтэй байсаан. Учир нь ээж минь охин минь ирнэ гэж зорин зорин бэлдснийх.Үнэ цэнэтэй бэлэг сэлтэндээ биш, охин минь ирнэ гэсэн бодол нь наддаа хангалттай шүү ээжээ...
Таныхаа дэргэд байхдаа хайр халамжаар тань халхавч хийж, ивээл энэрлээр тань нөмөрлөн байж өссөндөө. Жил бүр охиноо баярлуулан суудаг таныгаа охин нь удахгүй зориод л очно оо. Удахгүй эх үрсийн баяр болно. Тандаа барих хамгийн сайхан бэлэгний тухай бодол хэдийнэ зүрхэнд үүрэлчихсэн шүү. Үе үехэн таныгаа санан уйлмаар л болох юм. Үнэний хорвоод захирагдан хатуужиж л явна даа охин нь. Уйлъя гэвч уйлж болохгүй ээ, та минь мэнд байгаа нүгэл болно. Уйланхай улцгар охиноо хатуужуулахын тулд та минь урт наслаарай.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
