Өвөр Монголын залуу уртын дуучин, Өвөр Монголын Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн Үлгэр Урлагийн Чуулгын гоцлол дуучин, Өвөр Монгол уртын дууны өлгий нутаг хэмээн алдаршсан Зүүн Үзэмчин нутгийн уугуул Цэцэнбилигийн бие даасан концерт 07-р сарын 12-ны үдэш Хөххотноо ёслол төгөлдөр боллоо.

Тэрээр “Хан уулын цас”, “Сэрүүн сайхан хангай”, “Итгэлийн дуулал”, “Цагаан зээрийн шил”, “Ганган хул” зэрэг олон сайхан дуугаа сорчлон хурсан олонд хүргэлээ.

Дуучин удамтай, урлагт элэгтэй, авьяаслаг Цэцэнбилэг сургууль, нутаг усандаа “бяцхан дуучин” нэртэй байжээ. 1999 онд 14-хөн настай тэрээр Хятад улсын Цөөн тоот үндэстний Багачуудын урлагийн чуулгын цорын ганц уртын дуучнаар шалгарч, Макао буюу Аомэнь эх орондоо буцаж ирэх баярыг тэмдэглэх тоглолтод оролцсоноос гадна Хятад улсын өмнөд бүсийн олон олон газраар аялан тоглолт хийж байжээ. Мөн тухайн жил Өвөр Монголын Урлагийн Дээд Сургуулийн Уртын дууны ангид элсэн орж, мэргэжлийн боловсрол хүртэж эхэлжээ.

Өдгөө тэрээр Өвөр Монголын Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэнгийн хамгийн шилдэг уртын дуучдын нэг болж, дотоод гадаадын олон тоглолтод монгол үндэстний уртын дууны төлөөлөгчийн хувиар оролцдог болжээ. Цэцэнбилэг олон улсын хүүхэд залуучуудын олимпын дуу хөгжмийн тэмцээний Өвөр Монголын алтан медаль, БНХАУ-ын Соёлын Яамнаас санаачлан зохион байгуулсан Хятад улсын 7 дахь удаагийн язгуур ардын дууны уралдааны шигшээ тэмцээний алтан медаль зэрэг олон шагнал урамшууллыг хүртсэн төдийгүй цаашдын их амжилтынхаа төлөө шантралгүй хичээсээр тэмүүлсээр байна.




