solongonews
Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгч Сиситэй уулзав
2022-02-05 14:00
Дарга Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгч Сиситэй уулзав.

Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Египетийн ерөнхийлөгч Сиситэй  өнөөдөр буюу 05-ны өдрийн үдээс өмнө Ардын Их Хурлын Танхимд уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд Хятад, Египетийн улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа амжилттай үр дүнд хүрч, цар тахлын эсрэг хамтын ажиллагаа эрчимжсээр ирсэн байна. Хятад, Египетийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь Хятад болон Араб, Африк, цаашид хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ашигтай, хамтдаа хожих харилцааны үлгэр жишээ болсон юм. Өнөөгийн дэлхий ертөнц зуун жилийн турш үзээгүй гүн гүнзгий өөрчлөлтийг даван туулж байна.Ийм нөхцөл байдалд Хятад, Египет хоёр улс өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах, хамтын хөгжлийг эрэлхийлэх, ард түмний сайн сайхан байдлыг бий болгох, дэлхий дахинд шударга ёсыг дэмжих талаар ижил төстэй үзэл баримтлал, стратегийн уялдаа холбоотой юм. Хоёр тал хамтаар чармайж, шинэ эриний ирээдүйтэй Хятад Египетийн хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах зорилтыг тууштай хэрэгжүүлэх ёстой" гэжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ "Хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан бие биенээ үргэлжлэн дэмжих ёстой бөгөөд Хятадын тал Египет улс өөрийн үндэсний нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар замнаж, үндэстний сэргэн мандалтын агуу үйлсийг урагшлуулахыг дэмжинэ. Хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, "Бүс ба зам" санаачилга болон Египетийн "Алсын хараа 2030" төлөвлөгөөний хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулж, Суэцийн сувгийн коридорыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааны төслүүдийг ахиулж, дэлхийн хөгжлийн санаачилгын хэрэгжилтэд хамтран ажиллах ёстой. Өнгөрсөн жил хоёр улс Африкт коронавирусний эсрэг вакцины анхны хамтарсан үйлдвэрлэлийн шугамыг байгуулан хамтран ажиллаж, хоёр талын стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн юм. Хоёр тал цар тахлын эсрэг тэмцэлд нэгдсээр байх ёстой гэж бодож байна. Хятад улс Египетэд вакцины дэмжлэг үзүүлэн, вакцины хамтарсан үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Египетийг Африкийн вакцин үйлдвэрлэлийн төв болоход тусалж, хөгжиж буй орнуудад вакциныг хүртээмжтэй, хямд үнээр олгоход хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Хоёр тал мөн Хятад-Арабын, Хятад-Африкийн хамтын ажиллагааг хамтаар удирдан чиглүүлж, шинэ эриний хамтын ирээдүйтэй Хятад-Арабын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулалтыг түргэтгэж, Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын "Есөн төсөл"-ийг ахиулж, Африкийн хөгжил, сэргэн мандалтыг ахиулахад дэмжинэ" гэжээ.

Сиси онцлохдоо "Ши Жиньпин даргын урилгаар Бээжингийн өвлийн олимпын наадмын нээлтийн ёслолд оролцсонд маш сэтгэл өндөр байна. Өчигдөр орой болсон нээлтийн ёслол сүр жавхлантай,Хятадын үндэсний сүр хүч, нөлөөг бүрэн харуулсан нээлт боллоо гэж бодож байна. Египет, Хятадын харилцаа урт удаан, бат бөх түүхтэй ажээ. "Бүс ба зам" санаачилгын хэрэгжилт нь Египетийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг эрчимтэй ахиулж байна. Египет, Хятадын талтай аж үйлдвэр, аж үйлдвэрийн парк зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг тэлэн өргөтгөж, Египетийн өөрийн хөгжлөө идэвхтэй ахиулахад бэлэн байна. Египетийн тал үндсэн ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлаар Хятадын байр суурийг үргэлж дэмжиж, Хятадын жинхэнэ сайн анд болж, Хятад улстай гар нийлэн янз бүрийн сорилтыг шийдвэрлэхэд бэлэн байна. Египет Хятадтай тогтоосон харилцаагаараа бахархаж байна. Ши Жиньпин даргыг тахал өвчний дараа аль болох хурдан Египетэд айлчлахыг Египетийн ард түмэн тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл