solongonews
Зуу дахь сарнайн дэлбээ
2016-10-31 22:39
Зуу дахь сарнайн дэлбээ

Сайн байцгаана уу, эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

“Солонго” сонин бол уншигч таны гэгээн мэлмийд долоо хоног бүрд хүрдэг солонгын өнгөт сарнай билээ. Бид энэ удаад сониныхоо 100 дахь дугаар буюу зуу дахь сарнайг багцалсан мэдээллийн цэцгэн баглаагаа өргөн барьж байна. Хятад, Монгол хоёр улсын хооронд мэдээ мэдээллийн шугамаар холбох гүүр болж байдаг Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг “Солонго” сонины 100 дахь дугаараа өнөөдөр та бүхний алганд хүргэж байна. 2014 оны арван  нэгдүгээр сараас эхлэн долоо хоног тутмын “Солонго” сонины анхны дугаараа гаргаж байсан. Тэр цагаас хойш “Солонго” сонин “Солонго” сэтгүүл, “Солонго” сайтын хамт нэгэн зүгт нэгэн зорилго тавин зүтгэж билээ.

“Солонго” сонины өнгөрсөн 99 дугаарыг сөхөхөд өнгөрсөн хоёр жилийн Хятад улс, Өвөр Монгол, Хятад, Монгол хоёр улсын хооронд зохион байгуулагдсан томоохон үйл явдлууд, Өвөр Монголын иргэдийн амьдрал ахуй, зан заншил, соёл урлаг зэрэг салбарын мэдээ мэдээлэл нь “Солонго” сонины “Цаг төр”, “Эдийн засаг”, “Шинэ хөдөө”, “Харилцаа”, “Танин мэдэхүй”, “Боомт” зэрэг булангуудаар хүрч, ийнхүү түүхэн тэмдэглэлт 100 дахь дугаараар эргэн дурсахад таатай байна. Сонин сэтгүүлийг багтаасан хэвлэл мэдээллийн ажил нь мэдээ мэдээллийг дамжуулахаас гадна, нийгмийн иргэний оюун санааг хөтлөн замчлагч болдгоороо “Солонго” сонин нь ч хоёр улсын хооронд мэдээ мэдээллийг түгээх ажилд шуурхайлан оролцсоор ирлээ.

       Нэгэн жишээг дурдахад, Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг харилцаа улам өргөжин тэлж буйн тод нэгэн илэрхийлэл бүхий “Хятад, Монголын анхдугаар экспо” өнгөрсөн жилийн аравдугаар сард Хөххотноо болох үеэр манай “Солонго” мэдээллийн төвөөс уг үзэсгэлэнд онцгой ач холбогдол өгч, мэргэжлийн өндөр түвшинд шуурхай ажилласан юм. “Солонго” сонины хувьд долоо хоног тутам нэг удаа дөрвөн нүүрээр хэвлэгддэг байсан бол тус үзэсгэлэнд зориулж тусгай дугаар гаргаж таван өдрийн туршид өдөр бүр найман нүүрээр үзэсгэлэнгийн талаар болон түүнтэй холбоотой салбар форумуудын үйл явц, Экспоны эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг халуун цэг дээрээс нь цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж, зочид төлөөлөгчдийн гарт хүргэж, уншигчидтайгаа илүү ойртож ажилласандаа баяртай байна. Басхүү бидний бэлтгэсэн мэдээлэл цаг хугацааны хувьд хамгийн тэргүүнд уншигчдад хүрсэн гэдэг утгаараа бусад хэвлэл мэдээллийнхэнд мэдээллийн эх сурвалж болж байсан бас нэгэн давуу тал байлаа. Уг арга хэмжээгээр “Солонго” мэдээллийн түүхэнд анх удаагаа Монгол Улсын сэтгүүлчидтэй хамтран ажилласан болно.

Олон сайхан уншигчдын урмын бас алдаа оноог заасан сэтгэлийн нандин сургаал бидэнд урам зориг өгч, сэтгүүлчид бидний ажиллах эрч хүч, жигүүр нь болж байгаад баярлаж, өдрөөс өдөрт сониноо чанаржуулах, нийтлэлээ улам бүр үнэ цэнэтэй болгох, хоёр улсын нөхөрсөг харилцааны үйл явдлууд, иргэдийн дотно ойлголцол, бүхий л салбарын хамтын ажиллагааны мэдээ мэдээллийн эрэлд манай редакцын багийнхан үргэлж хичээн ажиллах болно.

“Солонго” сонины хувьд өнөөдөр 100 дахь дугаараа өлгийдөн авч байна. Мянга, мянгаар тоологдох ирээдүйн шинэ шинэ дугааруудынхаа өнгө төрхийг улам чанаржуулж, “Солонго” сонины ирээдүйг зорьсон үзгэн хөлгөө улам шандас хурдаар сорьсоор байх болно гэдэгт итгэлтэй байна.  

Итгэл үзүүлэн манай сониныг уншдаг эрхэм уншигч танд болон хамтран ажилладаг “Бизнесийн мэдээ” сонины хамт олонд талархал илэрхийлье. Бид бүхний чин сэтгэлийн талархал хийгээд та бүхний итгэл цаг үргэлж хамт байна гэдэгт найдаж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : “Солонго” сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл