solongonews
Монгол үндэсний уламжлалт хувцас загварыг зөв сурталчилна
2017-01-29 16:21



”Монгол хот” худалдааны төвд хүрэхэд үндэстний бараа бүтээгдэхүүнүүд лангуу болгонд дүүрэн тавигдаж, цагаан сарын бэлтгэл ажлаа хийж яваа хэрэглэгчид энэ хотоос гарын бэлгэнд өгөх бараа бүтээгдэхүүн, өөрөө гангарах дээл хувцсаа авч харагдана

Энд Монгол дээл хувцасны дэлгүүрүүд өөр өөрийн онцлог, чамин загваруудаараа өрсөлдөн хэрэглэгчдээ татна. Түүний нэг нь "Анударь" монгол гоёлын компани байлаа. Захирлыг Үйтэнхуар гэдэг.

"Анударь" монгол гоёл нь анх 2013 онд Монгол Улсын Сондор компанитай хамтран ажиллаж, Сондор компанийн Өвөр Монгол дахь салбар дэлгүүрийг Хөххотын олон улсын худалдааны төвд дэлгүүрийн хэлбэрээр нээгджээ. Дараа жилээс нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэдний хүссэн загварыг гаргахын тулд Монгол Улсад өөрийн үйлдвэрээ нээж, 2016 оны 4 дүгээр сард үйлдвэрээ Хөххотод шилжүүлэн, "Анударь" компани болгон бүртгүүлсэн байна. Одоогоор уг компани Монгол Улсаас хоёр оёдолчин, нэг дизайнерыг ажиллуулж байгаа.

- Хурд, чанарыг баталсан тэдний уран шаглаанаас төрөн гарсан олон хэрэглэгчдийн өндөр үнэлгээг авч байна. Хоёр орны монголчуудын монгол гоёл, монгол соёл гэсэн нэгэн зүг, нэгэн мөрөөдөл биднийг хамт ажиллуулсан. Тийм болохоор сэтгэлээр нэгдэх гэдэг бидний хамтын ажиллагааны үндсэн суурь байж таарна. Баяртай, аж жаргалтай үедээ хийсэн хоол амттай байдгийн адил, дуртай зүйлээ хийнэ гэдэг жаргал байдаг. Уйдна гэж байхгүй, шөнөжин оёж хатгаад суусан ч сайхан байдаг хэмээн Үйтэнхуар ярив.

Ер нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах хүсэл хэнд ч бий. Загварын шинэ өнгө загварыг оруулаад өөртөө тохирсон хэлбэрийг сонгох нь зүйтэй. Магадгүй богино даашинз моодонд орж байсан ч дахин урт дээлний сонголт ч их болж байна.

      Япон улсад хөдөө аж ахуйн мэргэжлээр суралцаж төгссөн Үйтэнхуар нутаг буцаж, ажил дээрээ өмсөхөөр Хөххотын хэдэн оёдлын газар, дээл зардаг дэлгүүрүүдээр яваад сэтгэлд нийцэх дээлээ олж чадсангүй. Түүнээс хойш л орчин үеийн шийдэлд нийцсэн дээлийг өөрөө бүтээхийг зорьж явсаар үндэстний дээл, монгол гоёлын бизнесээ эхлүүлсэн аж.

- Монгол угсаатны дээл хувцас нь монгол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын үзүүлэлтийн нэг болохоор хол ойрын жуулчид, гаднын хүмүүст монгол үндэстний дээл хувцасны талд зөв ойлголтыг өгч, дээл хувцсаа илүү их уламжлан хөгжүүлэхийн тулд энэхүү бизнесээ эхлүүлсэн гэж зорилго зорилтоо танилцуулав.

Үйтэнхуар зав чөлөөгөөрөө их сургуулиуд дээр очиж оюутан дүү нартаа хичээл ордог байна. Оюутны амьдрал гэдэг сургууль, нийгэм хоёрын шилжилтийн шатанд байгаа үе болохоор оюутан цагаа утга агуулгатай, зорилготой, үр дүнтэй өнгөрүүлэх,  хожим хойшдынх нь зам мөрийг нь зааж чиглүүлж өгөхөд туслахыг хичээдэг аж. Тэрээр бас монгол оюутнууддаа монгол дээл хувцсаараа байнга гоёж, үүх түүхээ уламжилж явах үүрэг хариуцлагыг сануулдаг нэгэн.

       Монгол бүтээгдэхүүнээр бизнес хийж байгаа залуус зөвхөн мөнгөний төлөө биш, соёлоо сайн мэдэж, соёлоо хүмүүст зөв таниулах, зөв сурталчлах, дээдлэх хэрэгтэй гэдгийг ч тэрээр хэлж байлаа.

Түүний хувьд зөвхөн ашгийн төлөөх бизнес хол явахгүй гэдэгт бат итгэдэг байна.

- 2017 онд чанарыг илүүд үзнэ. Томруулж өргөтгөнө гэж боддоггүй. Том бол хөгжсөн биш шүү дээ. Харин улам нарийн болгоно. Өмнө нь дээл хувцсаа наян хувийн чанартай сайхан хийдэг байсан бол одоо зуун хувь сайн хийж, хэрэглэгчдийнхээ биеийн онцлогт тохирсон сайхан бүтээгдэхүүн гаргана. Загвараа улам шинэлэг, оёдлоо улам чанаржуулна. Хуримын загвар хэрэглэгчдийнхээ хүсэл шаардлагын дагуу шинэ хосууддаа зориулан, Европ маягийн хуримын загвар болон монгол элементийг нэгтгэн монгол орчин үеийн хуримын дээлийг "Анударь" монгол гоёлдоо амилуулахаар төлөвлөж байна гэж шинэ оныхоо төлөвлөгөөг дэлгэлээ. Үндэстнийхээ хувцсыг уламжлан хөгжүүлэх дархан ажилд хүчин зүтгэж яваа сайхан монгол бүсгүй Үйтэнхуардаа шинэ он, шинэ жилдээ амжилтаар дүүрэн байхыг хүсье.

" Анударь" монгол гоёлолын загвараас:

 

 

Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл