solongonews
Өвөр Монголын хоёр боксчин гараагаа амжилттай эхлүүлэв
2016-01-18 15:09
54 кг-д ӨМӨЗО-ы тамирчин Б.Цасанцэцэг, 57 кг-д Д.Дорноо нар эхний ялалтаа авлаа.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд болж буй XX зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 36 дахь удаагийн УАШТ Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд 34 багийн нийт 224 тамирчин өрсөлдөж байгаа бол урилгаар зөвхөн эмэгтэйчүүдийн ангилалд Буриадаас хоёр, ӨМӨЗО-оос 10 тамирчин хүч үзэж байгаа юм. Өчигдөр зочдоос 54 кг-д ӨМӨЗО-ы тамирчин Б.Цасанцэцэг, 57 кг-д Д.Дорноо нар эхний ялалтаа авлаа. Тус тэмцээнд олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Э.Ундрам, Э.Уянга нар өнжив. Ингэснээр эмэгтэйчүүдийн 64, 69 кг-д шинэ аварга төрөх нь тодорхой боллоо. Боксын хорхойтнуудын хамгийн их хүсэн хүлээсэн тулаан бол 60 кг-ын жинд Азийн АШТ-ий алтан медальт, ОУХМ Д.Отгондалай, Химийн цомын аварга, ОУХМ Б.Жавхлан нарын дунд өрнөх байв. Гэвч Б.Жавхлан тэмцээний эхний өдөр спортын мастер Э.Санаатай тулалдах үеэр хөмсгөндөө хүнд бэртэл авч цааш өрсөлдөх боломжгүй болж, Д.Отгондалай энэ өдөр гар амар ялалт авсан. Гэсэн ч түүний сугалсан хэсэгт “Хангарьд”-ын Э.Пүрэвсүрэн гэж ур чадвар нь жилээс жилд өсч яваа шаггүй боксчин байгааг мартаж болохгүй. Мөн 64 кг-д Армийн ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Б.Чинзориг сүүлийн хоёр жил ноёрхож байгаа. Түүний гол өрсөлдөгч У.Мөнх-Эрдэнэ өнжиж, түүнд аваргаа хамгаалах таатай боломж гарсан ч ОУХМ Ц.Отгон-Эрдэнэ, О.Норовбал, Г.Баярхүү нарт олимпийн жилийн УАШТ-д түрүүлж үзэх эрмэлзэл дүүрэн бий. 69 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, Оюутны ДАШТ-ий алт, Азийн АШТ-ий алтан медальт З.Энхзориг нар шийр зааж финалдах биз. Түүнчлэн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, Т.Жолдасбек, Г.Ариунболд нарын дунд үзүүштэй тулаан гарна хэмээн боксын хүрээнийхэн хүлээж суугаа. Тэмцээний үеэр өсвөрийн ДАШТ-ий хүрэл, өсвөр, залуучуудын УАШТ-ий хошой аварга М.Намуун-Эрдэнэд спортын мастер, О.Дэлгэрмаад Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэг гардуулав. Тэмцээн өдөр бүрийн 14:00 цагт эхэлж байгаа бол баасанд хүрэл, бямбад мөнгө, ням гаригт алтан медалийн төлөөх тулаан болох юм. 

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Ардын эрх №007 (2038)
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл