Хятад, Монгол, Орос гурван улсын өсвөрийн залуучуудын спортын наадам анх 2009 онд зохион байгуулагдаж байсан бол өнгөрсөн жилийг хүртэл 6 дахь удаа амжилттай явуулсан билээ. Ийнхүү энэ оны 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах VII удаагийн спортын наадмын хөл бөмбөгийн тэмцээнд Өвөр Монгол орноо төлөөлж оролцох багийн эрхийн төлөөх тэмцээн сүүлийн өдрүүдэд Хөххотын Монгол Үндэстний Сургуульд болж өндөрлөв.

Эрэгтэй багийн эрхийн төлөө Бугат хотын Болд Төмрийн Нэгдүгээр Дунд Сургууль, Бугат хотын Спортын Сургууль, Хөххотын Чяо Хюа Сургууль, Хөххотын XIV Сургууль өрсөлдсөн бол эмэгтэй багийн эрхийн төлөө Хөххотын Монгол Үндэстний Сургууль болон Ордос хотын Зүүнгар хошууны Үндэстний Дунд Сургууль өрсөлдсөн байна. Тэмцээний эцэст Хөххотын XIV Сургууль болон Хөххотын Монгол Үндэстний Сургууль тус тус эрэгтэй, эмэгтэй багаас тодорч, Өвөр Монгол орноо төлөөлөн гурван улсын спортын наадамд оролцохоор боллоо.
