solongonews
Цэцэгсийг ерөөхийн учир
2016-10-31 10:58
Дэлхийн улс орнуудад хаана нь ч очсон түмэн олон уншигчид, номын садан, шавь нар нь алга хавсран мэхийж угтдаг эрхэм хүндтэй яруу найрагч, зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Утга зохиолын шүүмжлэгч, судлаач, доктор, профессор Чойсүрэнгийн Дагвадорж БНХАУ-ын муж, хотуудад уригдаж, тэр дундаа ӨМӨЗО-ны аймаг, хотуудаар монголын уран зохиолын хөгжил, яруу найраг, монголын орчин үеийн уран зохиолын тухай хичээл сургалт явуулж, эрдмийн үрийг түгээсээр.

     Энэ удаад 2008 оноос эхлэн Ганьсү мужийн Ланжөү хот дахь Баруун хойдын Үндэстний Их сургуульд албан ёсны урилгаар дөрөв дэх удаагийн хичээл сургалтаа заагаад Хөххотоор өртөөлөн буцаж явахад нь зорьж уулзсандаа ихэд олзуурхав.

  Хөх тэнгэр нь цэлийсэн, хөвөлзөх далай нь намилзсан Хөвсгөл нутгийн найрагч маань хөдөө ахуйд өсөж бойжсон эгэл малчин ардын хүүхэд. Балчир наснаасаа хурга ишиг хариулж, хөдөө нутгийн бага сургууль төгсөхдөө хамгийн сонирхолтой хичээл нь уран зохиолын хичээл байсан гэдэг. Зургаадугаар ангийн сурагч ахуйдаа С.Удвал гуайн “Одгэрэлийн яриа” туужийг сургуулийн номын санд уншихад эхлээд нүднээс нь нулимс дусалж, дараа нь нүүр дүүрэн нулимс асгарч, сүүлдээ ихэр татуулан уйлж байснаа дурсан ярих түүнийг уншигч, сонсогч та бид сайн мэднэ. Ахуй багаасаа уран зохиолыг ойлгон ухаарч, зохиолчийн зовлон, жаргалыг тийнхүү биеэрээ мэдэрч эхэлсэн байх нь.

      Уран зохиолын замд нь олон сайхан багш нар тааралдаж байсны дотор хамгийн хайртай нь Нанзад, Долгорсүрэн гэж нэгэн гэр бүлийн хоёр хүн байсан гэдэг. Нанзад багшийнх нь уран уншлага, Долгорсүрэн багш нь хичээлийн хөтөлбөр дэхь зохиолуудыг хэдийгээр бодитоор хараагүй ч гэсэн жинхэнэ амьдрал гэлтэй нүдэнд дүрслэгдэхүйц гайхамшигтай ярьдаг байсан гэх. Ер нь дунд сургуулийн он жилүүдэд уран зохиолын төрлийн бүх хичээл, гадаадын уран зохиол, монголын уран зохиол, бусад нийгмийн ухааны, Монгол Улсын түүх зэрэг “ам хичээл”-үүддээ онц сурлагатан байв. Тэр л үедээ зохиолч, сэтгүүлч болно гэсэн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөөр аравдугаар ангиа төгсөхөд нь тухайн үеийн социалист оронд гадаадын аль нэг оронд, тухайлбал Герман улсад Хүнсний технологи инженерийн сургуульд хуваарь авах боломж байсан ч гэлээ гагцхүү Монгол Улсын Их Сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид л орно гэж эргэлт буцалтгүй шийдсэн. Зорьсондоо ч хүрсэн. Ийм сонголт хийхэд сайн багш нараас нь гадна Дагважамцбөх гэгч тооны багшийнх нь ээж Долгор настан ихэд нөлөөлсөн тухай тэрээр дурсан ярьсан юм.

      Ч.Дагвадорж:     - Хичээл тараад гэрт нь очиход, “- За, Дагвадорж. Чи энд суу, надад үлгэр уншиж өг” гээд л унинд хавчуулаастай тэр үеийн монголын болон гадаадаас монгол хэлэнд орчуулагдсан үлгэрийн номуудыг уншуулдаг байлаа. Тэр хүний ачаар үлгэрийн сайхан ид шидэд автаж, багаасаа гоо сайхны юм уу, ертөнцийг гэгээн сайхнаар харах сэтгэлгээ минь нээгдсэн болов уу. Надад ер нь амьдралыг сайхнаар харахаас өөр зам байгаагүй. Намайг хүрээлж явсан хүмүүс, багш нар маань дэндүү сайхан үлгэр жишээч хүмүүс, уншиж байсан уран зохиол минь ч тэр. Уран зохиол гэдэг хүнд гоо сайхны мэдрэмжийг багаас нь олгодог. Энэ л надад жинхэнэ утгаараа нөлөөлсөн. Бас нэгэнтээ их, дээд сургууль төгссөн хүмүүсийг хараад хүн сургууль төгсөөд эрдэмтэн болно гэдэг үнэхээр сайхан юм аа гэж л хардаг байлаа. Долоодугаар анги төгсөхдөө хамгийн анхны шүлгээ бичсэн. Намрын тухай. Одоо эргээд бодоход айхтар шүлэг байгаагүй ээ. Ер нь анхны бэх, цаас нийлүүлэхийн эхлэл байсан биз ээ хэмээн сонирхуулж байлаа.

     Есдүгээр ангиасаа аймгийн номын сангийн бүх номыг уншаад дуусгасан. Ер нь унших, уран зохиолоос өөрийг боддоггүй хүүхэд байсан гэдэг. Аравдугаар ангидаа тэр үеийн зузаан хүрэн хавтастай дэвтэрт хэдийнээ хоёр зуу гаруй шүлэг биччихсэн. Их сургуульдаа тэнцээд хөдөө аж ахуйд явж байхдаа Чанаагийн Галсан зохиолчтой хоёул Сангийн аж ахуйд хүнсний ногоо хураах ажлын чөлөөгөөр амсхийх мөчид бие биедээ шүлгээ уншиж өгдөг байсан гэх. 1961 оны 10-р сарын 17-ны хичээл эхэлсэн тэр орой МУИС-ийн Утга зохиолын дугуйланд анх суужээ. Тэр л дугуйлангийн таван жилд эрдэм номын их аяны харгуй уран зохиолд тэмүүлсэн сэтгэлийг нь хөглөсний дээр тухайн үеийн алдартай зохиолчид, хожмын нэрд гарах зохиолчидтой танилцаж, заримтай нь мөр зэрэгцэн шүлэг зохиолоо бичиж явсан билээ.

    1962 онд оюутан ахуйдаа Монголын XIII-XIV зууны үеийн бичгийн их хүмүн, монголын нэрт эрдэмтэн Чойжи- Одсэрийн “Зэвсэг барин тэмцэж байгаа хүмүүс Цэцэг барин золгох болтугай” гэсэн шүлгийн дөрвөн мөрөөс улбаалан “Цэцэгсийг ерөөхийн учир” нэртэй шүлэг бичиж, түүнийгээ хожмын Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Ш.Сүрэнжавыг оюутан ахуйд нь үзүүлж явсан тухай дурсамжууд тун сайхан санагдана. Их сургууль төгсөхдөө “Утга уянгын шүлэг дэх би баатар” гэсэн онолын сэдвээр таван жил утга зохиолын онол, уран зохиол бичих арга барилын хичээл заасан Санжмятавын Гаадамба багшаараа дипломын ажлаа удирдуулж, амжилттай хамгаалсан байна. Дипломын ажлаа 1968 онд “Монголын судлал” нэртэй эрдэм шинжилгээний нэр хүндтэй олон улсын цувралд Академич Цэндийн Дамдинсүрэнгийн гарын үсэгтэйгээр хэвлүүлсэн нь түүний утга зохиолын шүүмжлэл, судлалын ажлын эхлэл болсон аж. Уг нь эхлээд уран зохиол, тэр тусмаа яруу найргаар энэ ертөнц рүү орох учиртай байтал замдаа утга зохиолын судлал шүүмжлэлээр мэргэшиж, мэргэжлээрээ 23 жил маш идэвхтэй ажилласан. Түүгээр ч барахгүй Монголын зохиолчдын Шүүмжлэгч судлаачдын даргын албыг хүртэл хашив. 1980-аад оны дунд үе буюу 44 наснаасаа гэнэт шүлэг бичиж яруу найраг руу оржээ. Ч.Дагвадорж:

- Миний хамгийн анх олонд хүрсэн бүтээл маань “Ээж минь дээ” дууны шүлэг. 1988 оны эцэст хамгийн анхны түүвэрт минь орсон. Нэг хэсэг яруу найргаа орхичихоод дахиад бичиж эхлэхдээ бичсэн хамгийн анхны шүлэг юм. Өвөр Монголчуудын маань буюу монгол гаралтай хүмүүсийн дунд “Буурал ээж” гэдэг нэрээрээ алдаршсан энэ дууны шүлгээ бичсэн үеэс утга зохиолын онол шүүмжийн ажлаасаа бага зэрэг татгалзаж, яруу найргийг өдөр бүр тасралтгүй бичсэн дээ. Өнөөдөр ч гэсэн дал гаруй насандаа бичсээр л явна гэж хуучиллаа.

Шантрашгүй хөдөлмөрч зохиолч маань энэ хугацаанд яруу найргийн 20 гаруй түүвэр хэвлүүлжээ. МЗЭ-ийн Монголын уран зохиолын дээжис-108 боть цувралд Лувсандамбын Дашням, Дамдины Бямба зохиолчидтой хамт шүлгийн дээжээ хамтарч оруулсан байдаг. Ер нь бараг   жилд нэг юмуу хоёр яруу найргийн ном байнга хэвлүүлсээр ирсэн. 2013 онд Мөнхийн үсэг хэвлэлийн газар түүний шүлгийн дээжийг өөрсдийнхөө ивээн тэтгэлгээр ботилж, зузаан хуудастайгаар хэвлэн олны хүртээл болгосон нь бий. Үргэлжилсэн үгийн зохиолоор өгүүллэгийн “Шанзны эгшиг” нэртэй түүврээ хэвлүүлсэн. Энэхүү түүвэр нь БНХАУ-ын ӨМӨЗО-нд монгол бичгээр Шагдарын Мэргэний буулгаснаар монгол бичгээр уншдаг монгол туургатны уншигчдад хүртээл болсоор байна. Шүлгийн дээж нь солонгос хэлээр БНСАУ-д 2000-аад оны эхээр хэвлэгдсэн. Англи, Орос, Төвд, Япон, Солонгос, Шиньжянд ч орчуулагдсан нь буй.

        Тэрээр өдгөө Солонгос улс дахь Дэлхийн Үндэстний Шүлгийн Холбооны дэд тэргүүн. Энэ холбооны талархлын бичгийг 2013, 2016 онуудад тус тус хүртэж байв. Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбооны шагналт, МҮЧЗХ-ноос явуулдаг “Мөнгөн цом”-ын тэргүүн байрын шагналтай. “Болор цом” наадамд О.Дашбалбар зэрэг яруу найрагчдын хамт оролцохдоо "Атлантын далайн захад ээжийгээ л их саналаа" шүлгээрээ айрагдаж байв.  Хотгойдын шадар жанжин Чингүүнжавын нэрэмжит шагнал, утга зохиолын шүүмжлэгч Цэрэндоржийн Мөнхийн нэрэмжит шагнал тус тус хүртэж байлаа. Хүртсэн гавьяа шагнал, хийсэн бүтээснийг нь бүгдийг дурдана гэвэл уртаас урт дараалал болох нь дамжиггүй. Улмаар дэлхийн дөч гаруй улс орон нэгдэж орсон Юнескогийн “Б” зэрэглэлийн категорт багтдаг Утга зохиолын шүүмжлэгчдийн Олон Улсын Холбоонд гишүүнээр элссэнээр шүүмжлэлийн бүтээлүүд нь франц, англи, итали, орос, солонгос, япон, хятад, польш, хэлүүдээр хэвлэгдсэн байдаг. Шүүмж судлалын сэдвээр арваад ном гаргасан. Гол хоёр бүтээл нь их, дээд сургуулийн шүүмжлэл сонирхдог оюутнуудад зориулсан “Уран утгын яруу тайлал” нэртэй онолын гарын авлага бүхий ном бий. “ХХ зууны монгол түүхийн онол түүхийн судалгаа” нэртэй нэлээн томхон бүтээлийг Улаанбаатарын Их Сургуулиас эрхлэн хэвлүүлжээ. Басхүү Монголын анхны Нэвтэрхий толийн хариуцлагатай редактороор ажиллаж байлаа. 

        Будантай юу буурал хорвоод нь

        Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

        Буруу юу зөв хоёрыг нь

       Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө гэж найман настай балчраас  наян настай буурлууд “Ээж минь дээ” дууг монголдоо төдийгүй дэлхийн олон улс орнуудад аялан дуулдаг билээ. Ч.Дагвадорж:

- Миний энэ дуу ер нь дэлхийн тэрбум гаруй хүний сонорт хүрсэн болов уу. Дөрвөн тал, таван тив дэлхийн хуурай газарт хүн амьдардаг тив болгонд хүрсэн гэж боддог. Учир нь Номхон далайн эрэгт шахам байрладаг БНСАУ-д, Ардчилсан Солонгос улсад, Америк, Европ, Ази тивд гээд ер нь олон газар орнуудад ондоо хэлээр дуулагджээ. БНХАУ-ын 56 үндэстний нэлээд олон үндэстний хэлээр орчуулагдсан. 1998 оны үед хятад хэлээр орчуулагдсан байдаг юм. Сая Ланжөүд сургалт явуулаад ирэхэд Шар Ёгорын хуримд шар ёгор гэдэг хэлээр дуулсан байна лээ. Ер нь бүгдийг нь бүртгэж амжаагүй л дээ хэмээн сонирхуулсан юм.

 Энэхүү сэтгэл зүрхийг амраасан гайхамшигт дууны аялгууг С.Цэрэнчимэд зохиож, түүний дуулснаар анх олны сонорт хүрчээ. “Ээж минь дээ” дууг Өвөр Монголын нэрт дуучин Дэдэма хятад хэлээр дуулж, хуурцаг хэвлүүлээд нэг сая хувийг тархааснаар өмнөд хөршийн ард олны дунд хоногшсон байдаг.  

Эгэл жирийн атлаа эгэлгүй авьяастан маань судлаач, шүүмжлэгч, яруу найрагч, зохиолч төдийгүй эрдмийн шимийг түгээгч ардын багш хүн. Олон мэргэн шавь нар нь түүнийг яруу найрагч, шүүмжлэгч, сэхээтний багш гэж хүндэтгэдгийг сонсоход эрхгүй бахархах сэтгэл төрнө. ӨМӨЗО-нд түүний олон шавь нар бий. Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Утга зохиол судлаач “Дундад улсын монгол судлал” сэтгүүлийн эрхлэгч Сарнаа, Ганьсү мужийн Ланжөү хот дахь Баруун хойдын Үндэстний Их сургуулийн Монгол хэл, соёлын дээд сургуулийн профессор Д.Бату зэрэг олон сайхан шавь нарыг нь нэг бүрчлэн нэрлэвэл тоолоод барахгүй ээ. Д.Бату:

- Би 1998 онд Монгол Улсад сурвалжлагч эрдэмтнээр суралцахдаа Дагвадорж багшдаа шавь орж, Монголын орчин үеийн уран зохиол мэргэжлийн хичээл суралцсан. Хоёр жилийн дараа нь Алшаа дахь халхуудын уртын дууны хувьсал сэдвээр эрдмийн зэргээ хамгаалахад багш минь албан ёсны шүүмжлэгч болж байсан. Эрдмийн зэргээ Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Улаанбаатарын Их Сургуулийн хамтарсан зөвлөлд хамгаалсан. Сэдвийн удирдагч багш маань Хорлоо багш. Хорлоо багш бол Дагвадорж багшийн багш нь. Би Хорлоо багшаас ардын аман зохиол, Дагвадорж багшаасаа орчин үеийн уран зохиол, онол, шүүмж зэрэг эрдмийг сурсан. Багшийгаа маш ихээр хүндэтгэж явдаг. Уулзах бүрт урам зориг, эрхэм сургаалаа хайрладаг. Ялангуяа, туршлага суусан нандин сургаал нь биднийг ямагт бишрүүлж байдаг юм. Багш минь “Ном эрдмээ л битгий хаяарай” гэж захидаг. Үнэт үгийг нь санаж уламжилж явахыг л хамгаас эрхэмлэдэг дээ гэж бахархан ярьсан юм.

Д.Бату профессорын энэхүү хүндэтгэл талархал олон зуун шавь нарыг нь төлөөлөн тэдний чин сэтгэлийн илэрхийлэл болж, эрхэм мэргэн багшийнхаа сэтгэлийн тольтод алтан зурвас болон хүрэх биз ээ.

                                                                                                          Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: Солонго мэдээллийн төв
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл