solongonews
“Хүүхэд насны баяр баясгалан” урлагийн наадам боллоо
2018-10-25 19:57
Шинэ зууны Хятад, Монголын хүүхэд багачуудын “Хүүхэд насны баяр баясгалан” урлагийн наадам боллоо.

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярыг угтах, Монгол Улсын Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын Үй Цай сургууль болон Хөххотын үндэсний туршилтын бага сургууль хооронд хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан Шинэ зууны Хятад, Монголын хүүхэд багачуудын “Хүүхэд насны баяр баясгалан” урлагийн наадам 10-р сарын 25-ны өдөр Хөххотын Үндэстний туршилтын бага сургуулийн Урлагийн танхимд боллоо.

Хоёр улсын хүүхдүүд монгол, хятад, англи хэлээр урлагийн наадмаа хөтлөн явуулж, “12 жилийн магтаал” дуугаар наадмыг нээж, морин хуурын гоцлол, найрал дуу, бүжиг, ардын язгуур урлаг зэрэг 20 гаруй тоглолтоо үеийн найзууддаа өргөн барилаа.

Наадмын үеэр Хөххотын үндэсний туршилтын бага сургуулийн хоёр багшид “Mанлай ижий” холбооны “МАНЛАЙ БАГШ” алтан медаль, 10 авьяаслаг сурагчийг Монголын хүүхдийн ардын урлагийн төв сангийн “Авьяас” алтан медалиар шагнасныг гардуулан өгч баяр дээр баяр нэмсэн юм.

Хөххотын үндэсний туршилтын бага сургууль нь 1985 онд байгуулагдсан Хөххотын тэргүүн зэрэглэлийн улсын сургууль юм. Тус сургууль нь 2000 оноос ӨМӨЗО-ы Сурган хүмүүжлийн Танхим, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны зөвшөөрлөөр жил бүр Монгол Улсаас сурагч элсүүлэн хятад хэл сургаж байгаа бөгөөд энэ хугацаанд 1200 гаруй Монгол, ОХУ, Солонгосын сурагчдыг хятад хэлний анхан, дунд шатны мэдлэгтэй болгосон байна.

Үй Цай сургууль нь 1997 онд байгуулагдсан бол өдгөө 1000 давсан сурагчтай болон өргөжин тэлсэн байна. Тус сургууль нь хятад хэлний сургалтад нааштай орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд БНХАУ-ын Засгийн газраас сайн дурын багш нарыг томилолтоор ажиллуулдаг байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл