solongonews
Загвар зохион бүтээгч Урьхан
2022-03-10 13:26
Загвар зохион бүтээгч Урьхан

      Торго даавуу шаглах оёдлын машины чимээ нэгэн хэвийн дуугарна. Намрын шаргал нар "WRH Studio"-ийн жижигхэн байшинд тусна. Бага балчир байхдаа нагац ээжийнхээ оёдол оёхыг шохоорхож суух нь хамгийн том жаргал байсан гэж ярих Урьхан одоо оёдлын анхны багш болох нагац ээжийнхээ эрдмийг уламжлан явна.

      2009 онд Урьхан их сургуулиа төгсөөд Хөххотын Худалдаа бизнесийн сургуульд загвар төсөвлөгчийн мэргэжлийн багшаар ажиллаж байгаад 2013 онд гэрлэж, Дархан Муумянган холбоот хошуунд суурьшин худалдаа бизнес эрхлэх замаа эхлүүлжээ. Тэрээр 2013 онд "WRH Studio"-ийг үүсгэн байгуулсан бөгөөд монгол хувцас засал, цүнх, хүүхдийн хувцас, гэрийн нэхмэл эдлэл, машины дагалдах хэрэгслийн оёдлын бүтээгдэхүүн зэргийг голлон урладаг болжээ. "WRH Studio"-ийн бүх бүтээгдэхүүн нь өөрийн загвар бөгөөд тэдний шинэ, өвөрмөц хэв маягийг хэрэглэгчид эрэлхийлдэг. Нээлттэй оюун ухаан, хүлээцтэй байх үүднээс онлайн болон оффлайн борлуулалтаар бизнесээ аажмаар өргөжүүлж, бүтээгдэхүүнээ Өвөр Монголын бүхий л аймаг хот, хошуу нутаг, Хөхнуур, Төвөд, Шиньжян болон бусад муж орноор борлуулаад зогсохгүй гадаадад хүртэл экспортолдог. Сарын 1500 орчим зах хувцас борлуулан жилийн орлого нь 430 саяас 650 сая төгрөгт хүрнэ.

      Урьханы хувцас загвар нь эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг дээр суурилдаг. Загвар зохион бүтээхдээ орчин үеийн хэв маягийг уламжлалт маягийн элементүүдтэй хослуулдаг. Материал нь өнөө цагт эрэлт ихтэй байгаа бөс бараа, торго дурданг хэрэглэдэг. Ингэж хийсэн хувцас нь үндэсний онцлог шинжээ хадгалахаар барахгүй өдөр тутмын амьдралын хэрэгцээнд ч зохицсон байдаг тул үйлчлүүлэгчдийн сонголт болдог.

       Ажлаа анх эхлүүлж байхад төрөл бүрийн бэрхшээл тулгардаг байв. Сайн оёдолчин эсгүүрчин олох, уламжлал шинэчлэлийг уялдуулах, интернэт сүлжээний борлуулалт яаж хийх, чанар чансааг яаж батлах гээд олон асуудал тулгарч байсан бол найз нөхөд, гэрийнхэн, нийгмийн бүхий л талын тусламж, өөрийн шаргуу хөдөлмөрөөрөө хүндрэлийг ялан давж алсын бодолтой болсон.

"Чанар, загвар, ур чадвар гээд тасралтгүй суралцан байнга өөрийгөө цэнэглэх хэрэгтэй" гэж тэрээр ярьж байлаа.

Одоо "WRH Studio" арваад хүнийг ажлын байраар хангаад байна.

Гялалзсан тавиур дээрх өнгөлөг сайхан хувцас, өвөрмөц загвартай гэр ахуйн  эд хэрэгсэл, машины чимэглэл, хуримын хэрэгслүүд бидний анхаарлыг байнга татна. Чин сэтгэлээ зориулж хийсэн хувцас бүхэн дэлхийн өнцөг буланд хүрч, үндэстний соёлоо өвлөн уламжилна.

Зохиогч: Б.Сурнаа
Найруулагч: Б.Сурнаа
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл