Гагцхүү монгол үндэстэнд л байдаг содон шилдэг урлаг билээ. 2010 онд хөөмийг дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгүүлсэн. Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Амгалан нэртэй нэгдүгээр бага сургуульд очиход хичээлийн танхимаас хөөмийн аялгуу цуурайлж байлаа.
Өндөртөө уулын сарьдаг гэлтэй, намдаа далайн гүн ч гэлтэй, уужимдаа талын хязгаар ч гэмээр хөөмийн дууг Уртнасан багш зургаан шавьтайгаа хамт хөөмийлж байсан нь тэр. Тус сургуулийн Долгион багш:
- 2015 оны эцэст ӨМӨЗО-ны урлаг судалгааны газраас хөөмийг бага сургуулийн сургалтад хамруулах тухай мэдэгдэл ирүүлсэн. Манай сургууль 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хөөмийн хичээлээ зааж эхэлсэн. Тухайн үед сургуульд хөөмийн багшгүй байсан болохоор Улаанмөчирийн (урлагийн чуулга) уран бүтээлч Уртнасан урьж ажиллуулсан юм гэж ярьлаа.
Биет бус соёлын өвийг сургуулийн хүүхдийн сургалтад хамруулж, биет бус соёлын өвийг хамгаалан уламжлах ажилд ханцуй шамлан орж, улмаар 2015 онд ӨМӨЗО- ны Боловсролын тэнхим, Соёлын тэнхим хамтран, Өвөр Монголд биет бус соёлын өвийг хамгаалах “Мянган сургуулийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх тухай мэдэгдэл гаргасан байна. Үүнд, Амгалан нэгдүгээр бага сургууль урдын дуу, хөөмий, морин хуур зэрэг биет бус соёлын өвийг уламжлан хөгжүүлэх албан ёсны суурин газар болж, сургалтын хөтөлбөртөө оруулсан байна. Одоо энэ сургуульд уртын дуу, морин хуур , хөөмий зэрэг 20 гаруй урлагийн ангитай, 2015, 2016 онуудад ӨМӨЗО-ноос тус сургуульд уртын дууны төрөл зүйлд 60 мянган юань, хөөмийн сургалтад 30 мянган юань, морин хуурын сургалтад 60 мянган юаний хөрөнгө тус тус оруулсан байна.
- Хөөмийчин хүнд амьсгаа хамгийн чухал. Зөв амьсгаагаар дамжин хархираа, исгэрээ зэрэг үндсэн боловсролыг алхам алхмаар сурагчиддаа эзэмшүүлж байна. Монгол Улсын нэр хүндтэй хөөмийн багш, Монгол Улсын УГЗ Б.Одсүрэн “Хөөмийн тайламж” нэртэй номдоо хөөмийчин хүүхдийг хөмсөг, ам, хамраас нь эхлээд шинжилгээ хийдэг. Сургалтаар дамжин хориод хүүхдийн дундаас зургаан хүүхдийг сонгож үлдээжээ. Сурч чадах хүүхэд цаанаасаа ондоо. Хүүхдүүддээ нэг долоо хоногт хоёр удаагийн хичээл, нэг сард долоо найман хичээл зааж байна. Хүүхдүүд их сонирхолтой байна гэж Уртнасан багш ярьлаа.
Монгол үндэстний язгуур урлаг хөөмийн залгамжлагчид ийнхүү хойчийг залгамжилснаар хөөмийн урлаг маань цуурайлан хөгжсөөр...
