Тус удаагийн наадмыг гурван мужийн дөрвөн хэлний анги буюу Ми Ай мужийн “Нүүдэл” эх хэлний анги, Аи Чи мужийн “Эгшиг долоо”, “Өргөө”, Гифү мужийн “Монгол гэр” эх хэлний ангиуд хамтран зохион байгуулав. Түүнчлэн Японы “Нармай монгол” соёлын сан, “Ивээн тэтгэх” нийгэмлэгүүдийн дэмжлэгтэйгээр 100 орчим монгол хүүхэд цэнгэн баяссан наадам боллоо.

Энэхүү наадмаар Япон улсад төрж өссөн хүүхэд багачууддаа монголынхоо үг хэл, үсэг бичгийг таниулан хайрлуулах, монгол бахархлаа өвлөн залгамжлах, өрнүүлэн бадруулах зорилготой юм. Монгол хүүхдүүд морь уралдах, (бургасан морь) бөх барилдах зэрэг эрийн гурван наадмаараа наадаж, морин хуур, уртын дуу бүхий үндэснийхээ язгуур урлагаар тоглолт хийсэн байна. Ийнхүү монгол гэрээ барьж, хонины мах, сүү цагаан идээний дээжтэйгээр арлын Япон дахь монгол хүүхдүүд монгол наадмаараа наадамлалаа.












