Өвөр Монгол төдийгүй Хятад улсад алдартай дуучин бүсгүй Цэцэнгэрэл ойрын өдрүүдэд өөрийн бие даасан “Хэлхээ аялгуу” нэртэй шинэ цомгоо өлгийдөн авлаа.

Уг цомогт орсон уран бүтээлүүдийн ихэнх нь Хятадын цөөн тоот үндэстний ардын дуу бөгөөд өнгө аясыг нь бүрэн дүүрэн гаргахын тулд тухайн үндэстнийх нь хэлээр дуулсан байна. Монгол, Төвд, Уйгар, Казак, Эвенк зэрэг Хятадын 11 цөөн тоот үндэстний дууг дуулжээ.

Энэхүү цомгийн дуунуудын хөгжмийн хувьд хэд хэдэн үндэстний хөгжмийн зэмсэг болон соёлын хэв маягтай уялдуулж, урлагийн олон төрлийн өнгө аясыг илрүүлсэн болохоор тухайн үндэстний онцлогийг бүрэн тодруулж чадсан байна. Дуучин маань цомогтоо хөгжмийн шинэ элемент нэмж оруулснаар “Цэцэнгэрэл”-ийн онцгой хэв маяг бүхий дэлхийн хэмжээний онцлогийг бүрдүүлсэн хэмээн хөгжмийн салбарын мэргэжилтнүүдийн зүгээс үнэлэн дүгнээд байгаа юм.

Дуучин бүсгүй маань шинэ цомгоо дотоод гадаадын олон улс оронд тараах бөгөөд энэхүү онцлогтоо суурилсан хоёр дахь цогмийн ажилдаа ханцуй шамлан ороод байгаа аж.
Дуучин Цэцэнгэрэл бие даасан тоглолтоо тун удахгүй хийх юм байна.
