Итгэлийн дээд цагаан сэтгэл

Монголчууд малынхаа сүүг идээ идээний дээд гэж үзэн, ихэд нандигнан хүндэлдэг. Аливаа юмс, хүний сэтгэл санааг сүү шиг ариун байгаасай гэж билэгдэн ерөөдөг. Сүүн дээр ус хийхийг цээрлэдэг, харин усан дээр сүү хийхийг болно гэж үзнэ. Хань нөхөр үр хүүхдээ алс хол явахад журамт гэргий, халамжит эх нь дөрөөнд нь сүү дусаан, хойноос сүү өргөдөг. Ардын цэцэн үгэнд:
Сайн хүний үр
Сүүт гүүний унага гэдэг.
Эхийн цагаан сүү, сүүн цагаан сэтгэл гэж ярилцдаг. Малчин монголчууд сүүг дээдэлж,
Идээний дээж цагаан сүү
Итгэлийн дээд цагаан сэтгэл гэдэг.
Сүүний өнгө, цагаан өнгийг ариун шударга, хамаг сайн сайхны бэлэг тэмдэг гэж үздэг. Сүү саалийнхаа дээжийг есөн нүхтэй цацлаар эх дэлхийдээ байгаль, уул усандаа өргөдөг нь баян хангайн дэлхий минь бидэнд буян хишгээ хайрлаж, амьдралыг маань ивээн тэтгээрэй гэсэн эрт балар цагаас өнөөг хүртэл уламжилж ирсэн сайн сайхан билэгдэл ажээ.
Хэрвээ сүү газарт дусвал арван цагаан буян дундарна гэж баруун гарын долоовор хуруугаар дуссан сүүнээс түрхэн духандаа хүргэж ёсолдог заншилтай. Сүүг хүндлэн дээдэлж сайн сайхан зүйлийн жишээ болгож байсан нь аль эртнийх билээ. Хөхчосоос Цагаадайд хандаж зэмлэн өгүүлэхдээ
Хатан сайхан ээжийнхээ
Халуун элгийг хөргөж
Хайрт зүрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сүү шиг сэтгэлийг ээдүүлж
Чалчаа муу үгийг
Цагаадай чи хэллээ гэж эхийн сайхан сэтгэлийг сүүтэй зүйрлэн дээдэлж байжээ.
