
Күнзийн институт арван жилийн амжилтаа тэмдэглэж, тэдний хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан байгууллага нэгж, хувь хүмүүсийг урамшуулан шагнасан юм. Хятадын Олон Улсын Радио Монгол Улс дахь салбар хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагаар шалгарч шагнал хүртлээ.

Ёслолын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, МУИС-ын дэд захирал Б.Очирхуяг, БНХАУ-ын Шаньдүн Их Сургуулийн төлөөлөгчид, тэрчлэн Күнзийн институтын багш оюутнууд, холбогдох байгууллага нэгжийн төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцов. Түүнчлэн соёлын зөвлөх Ли Вэй, дэд захирал Б.Очирхуяг нар баярын үг хэлж, МУИС-ын Күнзийн институтын 10 жилийн амжилтад халуун баяр хүргээд, цаашид нэн их амжилтад хүрч, хоёр орны боловсрол соёлын харилцаанд улам их үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөв.

Күнзийн институтын төв байр \БНХАУ-ын Хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албанаас баярын захиа ирүүлж: "МУИС-ын Күнзийн институт нь 10 жилийн туршид Монголын ард түмэнд чин үнэнчээр үйлчилж, хоёр орны найрсаг харилцааны хөгжилд чухал хувь нэмэр орууллаа" гэж үнэлэн сайшаасан байна.





МУИС-ын Күнзийн институт 2007 оны 6-р сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж, 2008 оны 5-р сард албан ёсоор нээлтээ хийсэн. Өдгөө цар хүрээ нь өргөжин тэлж, Улаанбаатар Их Сургууль, Улаанбаатар хотын 23-р дунд сургууль, Хүслийн өргөө дунд сургууль болон Дархан хотын Солонго дунд сургуульд өөрийн харьяа Күнзийн тэнхимээ байгуулан ажиллаж байна.
