solongonews
ЭЕШ-ын өмнөх өдөр ээжүүдэд өгөх зөвлөгөө
2015-12-28 18:21
Ээжийн сэтгэл, аавын итгэл л хүүхдэд “Би чадна” гэсэн гэгээн тэмүүлэл, урам зориг, сэтгэлийн хүч тэнхээ, сандралгүй тайван байдлыг өгч чадна.

ЭЕШ орон даяар маргааш буюу 6-р сарын 18-нд эхлэх гэж байна. ЭЕШ гэдэг хүүхдүүдийн хувьд хувь таилангийнхаа нэгэн чухал асуудал болсон мэргэжил сонголтын өмнө ямар оноо үнэлгээтэй зогсохоо шийдэх чухал мөч. Өнөө жил 20 гаруй мянган төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. 18-нд эхний шалгалт 10.00 цагаас, 20-нд 08.30 цагаас газар зүй, маргааш нь 08.00 цагаас физикийн шалгалтаар эхлэх юм байна. Хүүхдүүдийн хувь заяаг ганцхан шалгалтаар шийддэг нь өнгөрсун зууны баларсан явдал гэж шүүмжлэлтэй хандах, буруушаах, нээрээ ч бас эргэцүүлж бодмоор зүйлүүд их байгаа ч тулаад ирсэн ЭЕШ-ыг амжилттай өгөхийг хэн хүнгүй хичээлгүй яалтай. Тиймээс шалгалтын өмнө хүүхдүүдийнхээ сэтгэл зүйг хэрхэн бэлдэх талаар ээжүүдэд зөвлөгөө өгөхөөр “Амжилттай боловсрол” төвийн сургагч багш С.Одмандахтай ярилцлаа.
 

-Ээжүүд бид л болсон хойно үр хүүхдийнхээ төлөө үргэлж л санаа зовж, сэтгэл элтэлж явдаг улс. Санаа тавьж байна гээд хүүхэддээ “За маргааш шалгалтаа заавал сайн өгдөг юм шүү. Алдаа гаргаваа. Хичээлээ  унш, эргэж сайн хар” гээд л тулгаж, шаардаж гардаг. Энэ буруу юу?
С.Одмандах: Тиймээ, уг нь бол санаа тавьж байгаа хэрэг. Гэвч амжилтын үндэс гэдэг сэтгэлээс эхтэй, бодлоос улбаатай юм шүү дээ. Шалгалтын өмнө хүүхэд тайван сайхан амарч, өөртөө итгэх итгэлээ хуримтлуулж, бодол сэтгэлээ өөдрөг сайхан байлгах ёстой. Ийм байж чадах эсэх нь ээж аавуудаас, ойр дотныхноос нь ихээхэн шалтгаална. “Миний хүү чинь сүрхий шүү. Шалгалтаа сайн өгнө өө. Амжилт хүлээж байгааг ээж нь мэдэж байна” гэх зэргээр хүүхдийнхээ амжилтыг дөвийлгөн магт. Шалгалтын урд өдөр хичээл номоо давт гэсэн улиглал, тулгалтыг бүү хэлээрэй. Таны хүүхэд хичээлдээ маруухан, манлайлагч нэгэн биш байж болно. Тэр тусам нь сайхан өөдрөг үгсээр сэтгэлийнх нь гэрлийг асааж, итгэлийнх нь галыг бадраа. Хүүхдийн тань айж байсан далдхан айдас үргэн арилж, тайвширч, сандралаа ардаа орхих болно. Ээж нь урам хайрлаж байхад хажуугаас нь аав нь “Ээ дээ мэдэхгүй дээ, юу л болдог бол доо “ гэх зэргээр унагах, үл итгэх нь хүүхдэд маш их далд дарамт үүрүүлдэг. Ээжийн сэтгэл, аавын итгэл л хүүхдэд “Би чадна” гэсэн гэгээн тэмүүлэл, урам зориг, сэтгэлийн хүч тэнхээ, сандралгүй тайван байдлыг өгч чадна. Амжилтыг бодвоос амжилт тосно. Айдас хурааваас айдас, азгүйтэл л  ирнэ. Хүүхдийн сэтгэл таагүй, битүүхэн сандрах үед айдас дээрээ айдас нэмэх хэрэггүй. Амьдралынхаа хамгийн жаргалтай сайхан дурсамжийг сэргээн санаж, гэр бүлээрээ сайн сайхан амьдарч байгаа аз тавилангийнхаа тухай бодох нь тайвшрал өгдөг. Тиймээс аз дуудаж, амжилттай байя гэвээс хүүхэд өөрөө ч, ээж аавууд ч ИТГЭЛ гэгч луужингаар замаа гэрэлтүүлж, сайн сайхныг л зүрх сэтгэлдээ байрлуулаарай.
 

-Хүүхдэд урд өдөр нь бүтэн нойр бас чухал байх.

С.Одмандах: Нойр үнэхээр чухал. Маргаашдаа зовниж нойр хулжихгүйгээр амгалан унтаж, эртхэн босоход нь ээжүүд туслах ёстой. “Бар цагт багагүй ихийг бүтээнэ” гэсэн монголчуудын үг бий. 22-23 цагт унтаад 5 цаг 40 минутаас 6 цагийн хооронд босох нь биологийн хувьд сэргэг, бүтэн өдрийн ачаалалд түүртэхгүй байх бас нэг гарц байдгийг хүмүүс төдйлөн ойшоодоггүй. Шөнө нь оройтож унтаад шалгалттай өглөө яаран сэрж, сандран гүйж очвол ямар байх билээ. Тиймээс хүүхдээ эртхэн унтуулж, өглөө нь эртхэн босгоорой. Хувийн бэлтгэлээ сайн базаах чухал. Хэрэгцээт бичиг баримт, үзэг дэвтрээс аваад шалгалтанд хэрэгтэй зүйлсээ урд орой нь цэгцэлж бэлтгэх, цаг агаарт нийцсэн хувцсаа бэлтгэх гээд энэ бүгд хүүхдийн шалгалтын өмнөх сэтгэл зүйд хамааралтай.
-Ээж, аавуудад цаг үеийн үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.
 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл