solongonews
Арга туршлага ашиг орлогод шууд нөлөөлдөг
2016-12-27 11:17
Малчин Мөнхнарангийн цахар хонь малласан түүхийг сурвалжлаад

Сүүлийн жилүүдэд цахар нутгийн малчид ашиг орлогоор сайтай цахар хонь маллахдаа арчилгаа маллагаа сайн бол ашиг орлого илүү их гэдэг ёсыг мал малласан туршлагаараа нотолсон байна. Энэ жилийн малын үнийн байдлаар бусад үүлдрийн хурга дөнгөж 350 юань хүрсэн бол цахар хонины хурга нь 550 юаньд хүрч, зарим айлын тарга сайтай хурга 1000 юанийг давж билээ. Цахар хонины төл таргалах нь хурдан, мах суух нь сайн зэрэг давуу талтай болохоор өндөр үнэ хүрдэг байна. Гэхдээ арчилгаа маллагаа нь энэ бүх зүйлд нөлөөлнө гэдгийг энэ сурвалжилгаар ойлгосон юм.

Хөвөөтшар хошууны Онгон-Уул сумын Тэсхийт багийн малчин Мөнхнаран 143 га бэлчээртээ зохицуулан 150 цахар хонь өвөлжүүлж байна. Тэднийх өмнө нь Өвөр Монголын нарийн ноост хонь маллаж байсан бол 2000 оноос цахар хонь сонгон бойжуулж эхэлжээ. Цахар хонины ихэрлэх хэмжээ өндөр болохоор цөөн мал маллаж илүү төл тосох нь орлогын талд ашигтай байдаг. Харин өнгөрсөн жил Хөвөөтшар хошуунд ган гачиг ихтэй болохоор тэдний хонь тарга авч чадаагүй бол 100 эх малаасаа 100 төл л тоссон байна. Ердөө цахар хонины ихэрлэх хэмжээ нь 50—60 хувьд хүрдэг болохоор эднийх бараг 50-60 хурга дутуу тоссон байлаа.

Мөнхнарангийнх

Эх малын тарга хүч муу бол төлийн цатгалт муу болж, төл малын бойжилтод нөлөөлдөг. Арчилгаа маллагаа сайн, мал таргатай бол 1 дүгээр сарын дундуур тоссон цахар хурга намрын 8 дугаар сард 45 килограмм хүрэх нь сонин биш гэнэ. Ингэхэд Мөнхнарангийн 50 эр хурга нь 35 килограммаар тэгшитгэсэн гэхэд арай л муу байгаа нь тодорхой. Энэ тухайгаа тэр:

- Өнгөрөгч жил өвс бордооны зардал нэлээд их боловч малынхаа тарга хүчийг хамгаалж чадаагүйн улмаас энэ жилийн орлогод их нөлөөлсөн. Ямар мал малласан ч арчилгаа маллагаа, арга туршлага маш чухал гэж дүгнэлээ.

Мал маллахад их ухаан хэрэгтэй. Малаа тарга хүчтэй онд оруулах болон тарга хүч муутай онд оруулахын зөрүүг Мөнхнарангийн энэ жилийн алдагдал харуулна. Зарим малчид цөөн тооны өндөр үр ашигтай мал маллах нь бэлчээрт гамтай, ажил нь бага, орлого нь өндөр гэдэг ойлголттой ч арчилгаа маллагаа дутуудвал өндөр үр ашгийг нь хүртэж чадахгүй бөгөөд эргээд орлогод нь нөлөөлнө гэдгийг мэдэж авалтай юм.

Зохиогч: Одонтуяа
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл