
Уяачын эрдэм удам дагадаг гэдэг үнэн. Д.Даваахүүгийн өвөг Мөнх гэж Монгол Улсын уугуул Цэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууны нэртэй уяач байжээ. 1944 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “Анхдугаар сайн малчдын зөвлөгөө”-ний төлөөлөгчөөр сонгогдож, 1950 онд ерөнхий сайд Маршал Чойбалсанаас “Хамгийн сайн малчин” цол хүртэж байсан гэдэг. Түүний аав Данзанням малчин хүний дээд эрдэм болох хурдны чиглэлийн адуу үржүүлэн бойжуулах, унаж сургах, уяж уралдуулах зэрэг эрдэм ухаанд нэвтэрч, улсын наадмаас дээд гурван насны таван тэргүүнийг авч байлаа. Арвыг айрагдуулж монгол наадмын түүхэнд түүхт амжилт үзүүлснээр 1988 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын анхны алдарт уяач цол хүртсэн. 2002 онд “Монгол Улсын манлай уяач” цолыг мөнгөн судартай хамт хүртсэн алдар цуутай уяач байв .

Уяач маань 1956 онд таван настайгаасаа эхлэн аавынхаа уяаны морийг уралдаанд унадаг байлаа. Тиймдээ ч эрдэм ухааныг нь өвлөж, хорьдугаар зууны сүүл үеэр бусдын цагаан атааг хөдөлтөл тэргүүлсэн манлай уяач болов. Тэрээр уртын дууг сайхан дуулчихдаг, басхүү барилдвал ч барилддаг .
1970 онд анх аймгийн начин болоод түүнээс цааш явж чадаагүй болохоор зүгээр л уяач болох замыг сонгосон юм. “-Бага сургуулийн дөрөвдүгээр ангиа төгсөөд тавдугаар ангид нэг долоо хоноод л гарчихсан. Хожим нь Орос хэлний сургуульд орсон боловч хэлээ хугалчих гээд байхаар нь бас яваагүй” гээд хөхрөх нь “-Энэ хүн ер нь угийн л уяач хүн юм болохоор аргагүй дээ” гэх бодол төрүүлэхээр байлаа.
Д.Даваахүүгийн нутаг, одоогийн төв аймгийн Баянцагаан сум гэж хурдан адуу олон төрдөг нэртэй сайхан сум. Хурдан морь бас удам дагадаг гэдэг ч түүнийг олж танина гэдэг бас амаргүй. Тэрээр азарга ба гүүнээс нь эхэлж шинждэг гэнэ. Хурдан морь гүүний удмыг илүү дагадаг болохоор 7-12 насны гүү байх хэрэгтэй. Том тунгалаг, хонин бор нүдтэй, хэл цагаан, хамрын нүх нь том байвал хурдан морины шинжтэй гэж, түүнээс гарсан унагыг эхийнх нь сүүнд сайн цатгахад анхаарч, дааганаас нь эхэлж сургадаг. Д.Даваахүү:
-Тийнхүү гаршуулсныхаа дараа бэлчээр усыг нь хэрхэн сонгох, хэдий хир хэмжээтэй идүүлэх, уяа сойлгыг нь яаж тохируулах, хөлийг нь хэрхэн сайн хамгаалах гэх зэргээр их олон нарийн ажлууд байдаг гэж хэлсэн хирнээ: -Би одоо мэдээд байгаагаа тайлбарлаж хэлж чадахгүй байна, юутай ч адуутайгаа харилцаж чадах л хэрэгтэй. Адуугаа ойлгож хайрлаж чаддаг байх хэрэгтэй. Яг амьдрал дээр таг хэл мэдэхгүй амьтантай учраа ололцоно гэдэг чинь бас хэцүү шүү дээ хэмээн учирлаж байлаа.
Д.Даваахүү насаараа морь шинжиж, морь уяж, улсын наадамд 37 жил дараалан морь уралдуулахдаа 15-ийг нь түрүүлүүлсэн. Үүнд улсынх, хүнийх, өөрийн азарга бүгд багтана. Гэвч өнөө хүртэл улсын наадмаар ийм олон удаа түрүүлүүлэхийг бүү хэл, өөрийн уяаныхаа морийг хоёроос дээш удаа түрүүлүүлж байсан уяач ч төрөөгүй гэдэг билээ. Тэр дундаа яг өөрийнхөө адуунаас дөрвөн азарга улсын наадмын тэргүүнийг авч байсан нь гайхалтай. Д.Даваахүүгийн хамгийн хайртай цолмон халтар азаргыг унасан хүүхэд зам дундаа ойччихсон байхад азарга өөрөө түрүүлээд ирж байсан түүхтэй. Бас түүнийг хайж, азаргыг нь сойж өгөөч гэж гуйсан нэгний азаргыг уяж улсын уралдаанд түрүүлүүлээд, “Толин хул” нэр хайрласнаар Монгол даяар “Толин хул” дуу зохиогдон дуулагдсан нь тэр билээ. Ингэж зууны манлай уяач болсон ч тэрээр үүнээсээ илүү: -Би морь үхүүлээгүй, морины хөл аваагүй гэдгээрээ бахархдаг болохыг нь үг ярианаас нь анзаарч, уяач хүний ухаан уудам холч байдгийг мэдрүүллээ.
Ерээд оны үед нэг улсын наадмаар үл таних залуу Д.Даваахүүг хайж уулзаад “Надад их мөнгө бий, та надад азарга авч өгөөч, хоёулаа Монголыг дийлье” гэсэн гэнэ. “Мөнгө бол цаас шүү дээ” гэж ярьдаг Д.Даваахүү: -Энэ залуу ямар муухай бодолтой хүн бэ хэмээн үл тоомсорлож түүнийг нь ор тас зөвшөөрөөгүй гэдэг. Гэвч энэ харин түүний өөрийнх нь үнэ цэнийг үнэлсэн гэхэд болно. Тэгээд л 1991 онд алдарт уяач маань Японы хаан угсаатныханд уригдаж, бооцоот уралдаанаар морь дагаж байлаа гэсэн. Нүдийг нь л хараад аль нь түрүүлж болохыг тааж мэддэг тэр Японд очсоныхоо дараа нэг удаагийн уралдаанаар харж харж байгаад “15 дахь зээрд хэцүү байна, түрүүлэх л ёстой. 13 болон 5 дахь нь бас болж байна. Хоёр, гуравт орж ирж магадгүй” гэжээ. Бусад хүмүүс тэр моринд бооцоо тавьж их мөнгө амладаг юм байна. Уяач өөрөө мянга гаруй ам.доллартай явж байсан болохоор гурван зуун доллараар бооцоо тавьсанд үнэхээр тэр морь түрүүлж, ерэн мянган доллар хонжсон гэдэг. Ерээд оны эхэнд энэ мөнгө үнэхээр их тоо байсан нь мэдээж. Хүмүүс ам булаалдан ярьж, түүнийг дээр өргөн биширцгээж, бүр үнсэж, гар хүрч үзэх гэж элдвийн юм болж байхад харин уяач маань “Одоо энэ их мөнгөөр бүх Монголын адууг бүгдийг худалдаж авна даа” гэж хөөрч байсан гэнэ. Энэ бүхнээ эргэцүүлж яриад Д.Даваахүү гуай: -Би их муухай бодсон байгаа биз гээд инээж байлаа.
Тэрээр өөрийгөө сайн уяач гэдгээ олонд яахын аргагүй мэдрүүлчихээд удам залгасан уяачын үүрэг хариуцлагаа марталгүй хүү Д.Баянбатдаа эрдэм ухаанаа өвлүүлж, дөрөвдүгээр үеийн уяачаа хүмүүжүүлж явна. Тэрчлэн Монгол Улсын уяачдын түүхэнд нэр алдартай Хорол гэгч бүсгүй уяач гарч байсан түүхтэй гээд охин Д.Болортуяагаа үрээгээр шагнан уяж өгч байна гэнэ. Тэгэхэд аргагүй л удмын сайныг гайхуулах гэсэн шиг Д.Баянбатын уясан хонгор азарга энэ жилийн улсын наадмаар түрүүлж, Д.Болортуяагийн үрээ айргийн дөрөвт ирж эзнийхээ ирээдүйг харуулжээ .
Ярилцлага өндөрлөх цаг дөхөх үеэр гэр дотор бүгчим байсныг хүмүүс сая л анзаарав бололтой малгайгаа авч хувцсаа нимгэлэхээр Д.Даваахүүгийн малгай дээрх гурван толгойтой морины дүрс болон бүч дээрх нар сарны зураг анхаарал татав. Яагаад ийм онцгой малгай зүүдэг тухай нь асуухад тэрбээр: -Дэмдин бурхан гэж тийм гурван толгойтой адууны дүртэй бурхан байдаг, тэр миний сахиус юм даа. Энэ бүчин дээрх нарны зураг нь наадамд тэргүүлсэн тоо, сарны зураг нь айрагдуулсан тоо байгаа” гэж тайлбарлалаа .
