Гурав дахь удаагаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “Солонго өдөрлөг” арга хэмжээний нэг агуулга болох “Миний мэдэх хоёр хөрш” монгол бичгийн зохион бичлэгийг уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа 12 дугаар сарын 16-ны өдөр Хо-Ши-Миний нэрэмжит улсын тэргүүний 14-р сургууль дээр боллоо. Энэ удаагийн монгол бичгийн зохион бичлэгийн уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирснээс 10 бүтээлийг шалгарууллаа.
Нэг, хоёр, гуравдугаар байр болон тусгай байр эзэлсэн сурагчдыг алтан медаль, мөнгөн медаль, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнан урамшуулсан байна. Үйл ажиллагаанд сургуулийн захирал, багш нар, Солонго мэдээллийн төвийн дарга удирдлага болон Солонго мэдээллийн төвийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцсон бол Солонго мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү сурагчдад шагналыг гардуулан өгсөн байна.
Солонго мэдээллийн төвийн дарга Л.Наранхүү: - Тус сургуультай хамтран энэ удаагийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсанд маш их баяртай байна. Монгол бичгийн зохион бичлэгийн уралдааныг анх удаагаа сургууль дээр зохион байгуулж байгаа бөгөөд өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлоо цаашид хөгжүүлэхэд энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа юм. Мөн сургуулийн багш сурагчидтай танилцаж, санал болоо солилцсондоо баяртай байна гэлээ.
Тус сургуулийн захирал: - Юуны өмнө Солонго мэдээллийн төвийнхөнд талархал илэрхийлж, монгол бичгийн зохион бичлэгийн уралдааныг Солонго мэдээллийн төвтэй хамтран амжилттай зохион байгуулсанд маш их баяртай байна. Сурагчид төдийгүй багш нар ч монгол бичгийг сайн сурч, цаашид хөгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.
Тэргүүн байранд орсон сурагч Энх-Отгон: - Өвөр Монголын Солонго мэдээллийн төвөөс санаачлан зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд оролцож тэргүүн байранд орсондоо сэтгэл өндөр байна. Монгол бичгээ цаашид илүү сайн сурна гэлээ.
