Захидал ирлээ:Охиноо таниарай, ээж ээ!
2015-12-28 18:21
Ийм муу мэдээ дуулгаж, ийм дүр төрхтэй харагдахаас зүрхшээж байна. Тиймээс л “Монголжингоо”-гийн хамт олонд сэтгэлээ уудлан тандаа энэ захидлыг илгээж байна. Ээжээ та үүнийг уншаад охиноо таниарай. Архангай аймгийн Хашаат суманд суугаа танаасаа ахин дахин уучлал гуйя. “Үртэй хүн жаргадаг гэж худлаа юм аа” гэж нүдэндээ нулимстай хоцорсон таныхаа дүрийг одоо хэр нь сэтгэлдээ хадгалан шимширч сууна даа.
Ийм муу мэдээ дуулгаж, ийм дүр төрхтэй харагдахаас зүрхшээж байна. Тиймээс л “Монголжингоо”-гийн хамт олонд сэтгэлээ уудлан тандаа энэ захидлыг илгээж байна. Ээжээ та үүнийг уншаад охиноо таниарай.
Архангай аймгийн Хашаат суманд суугаа танаасаа ахин дахин уучлал гуйя. “Үртэй хүн жаргадаг гэж худлаа юм аа” гэж нүдэндээ нулимстай хоцорсон таныхаа дүрийг одоо хэр нь сэтгэлдээ хадгалан шимширч сууна даа.
Ах бид хоёр жилийн зайтай төрсөн тэрсхэн юм. Би ахаасаа арай том биетэй болохоор хүмүүс эгч нь үү гэж их асууна. Ах хааяа болохгүй хэрэг тарьчихаад ааваас алганы амт амсахад, аавыгаа жигтэйхэн буруутгаж, ахыгаа л өмөөрч зогсдог байлаа. Ээж заримдаа 10 кг гурил аваад ир гээд мөнгө өгнө. Ах бид хоёр хамт явдаг байлаа. Ах 8 кг гурил аваад 2 кг гурилынх нь мөнгөөр чихэр, чавга аваад надтай хуваана. Хүүхэд гэдэг амттанд дуртай хойно би ч түүнийг нь амтархан иддэгсэн. Хоорондоо муудалцсан үедээ чамайг гурил дутуу авдаг гэж ээжид хэлнэ шүү гэхээр ах ээжид загнуулахгүйн тулд миний ямар ч хүслийг биелүүлэхэд бэлэн байдагсан.
Ингэж хорвоогийн шар бор хоног ээлжлэн өнгөрсөөр нэг мэдэхэд бид сургуулиа төгсөх болж, ах маань гадаах, би гэр дэхь ажлаа аялуулж дүү нараа асарч бодох санах юмгүй гүйж явсан хүүхэд насаа хамтдаа үдлээ. Сурлагаар сайнгүй ч олон дүүтэй, айлын том хүүхэд гээд ахад маань сургуулиас нь Барилгын техникумын хувиар өглөө. Ах хичээлдээ яваад оюутны тэтгэлгээ буухаар надад хэдэн төгрөг өгнө: Би тэр мөнгөөр нь ангийнхаа охидыг кинонд дааж хэрэндээ баярхаж явдагсан. Дараа жил нь би 8-р ангиа төгсөөд, хүнсний технологийн ангид хуваарилагдлаа. Энэ анги надад ер таалагдаагүй, би өөрөө сонирхолгүй болохоор хичээлдээ бараг явахгүй их таслана. Ах намайг хичээлдээ явсангүй гэж аав ээж хоёртой нийлээд загнаж гарна даа.
Хичээл сургуульгүй би нэг хэсэг болохгүй охидтой нийлж буруу замаар будаа тээнэ гэдэг нь л болж явлаа. Архи ууж, тамхи татаж ямар ч хүний үгийг үг гэлгүй, өөрийгөө их том хүн болсон шиг санаж байсан үеэ бодохоор одоо хэр нь нүүр улайх шиг болдог юм. Муу хүмүүстэй нийлж байгааг ах минь сонсчихоод хаа байгаа газраас намайг чирээд гэр рүү явдаг байж билээ. Хичээлд хүргэж өгч тархад ирж авна. Тэр үед ах минь хайртай дүүгээ муу хүн болгохгүй гэсэндээ тэр байж шүү дээ. Удалгүй ах минь эхнэр авч тусдаа гарлаа. Дараа жил нь би нөхөртэй боллоо. Ээж минь “арай эрт байна” гэж хориглосонсон.
Тэгэхэд нь би ахад юу ч хэлээгүй байж, би ахтай л адилхан шүү дээ гэж зөрсөөр байгаад гэрээсээ явж билээ. Түүнээс хойш хоёр хүүхэд төрүүлж хүнээс дутахгүй сайхан амьдарч болоод л байлаа. Гэтэл юунаас болсныг бүү мэд ах минь бор дарсанд шунах боллоо. Эхнэр нь ч салаад явчихлаа. Ах минь архинд толгойгоо мэдүүлж, хүнд хэрэг болох бүхнийг зараад уучихдаг боллоо. Манайд хааяа ирээд явахдаа индүү, хүүхдийн хувцас гээд гарт тааралдснаа нуугаад аваад гарна. Бүр сүүлдээ бетон сав ч зүгээр байлгахгүй төмөр авдаг газар аваачаад тушаачихана. Нөхөр маань ахдаа хэлээч гээд надад уурлана.
Би 8-р анги төгссөнөөс хойш гэртээ хүүхдээ харж ажил хөдөлмөрийн амтыш мэдэрч үзээгүй ч танил талаараа дамжуулж байгаад нэг компанид ажилд ороод долоо л хонож байлаа. Гэтэл 6 настай хүүгийн маань нэхсээр байгаад авахуулсан шинэ дугуй нь гэрээс алга болчихлоо. Танай ах л авсан гэж нөхөр маань надад уурласаар л. Тэр орой ах нэлээд согтуу орж ирээд үүдний орон дээр толгойгоо дааж ядан суулаа. Би дотроо чимээгүйхэн унтаад өгөөсэй гэж залбирч суутал юмны учир мэдэхгүй хүү минь дэргэд нь оччихсон “Ахаа та яагаад миний дугуйг авч байгаа юм бэ? Дугуй төлж өг гээд уйллаа.
Ах ч хүүг минь алгадаад авлаа. Тэгэхэд нь би тэссэнгүй дандаа юм хулгайлах юм. Чаддаг юм бол танихгүй айлаас хулгай хийхгүй юу” гэж хэллээ. Ахыгаа согтуу байхад нь мууг нь дуудаж шарыг нь малтчихсан юм. Ах гэнэт хаанаас олсон нь бүү мэд мухар хутга гаргаж ирээд над руу далайлаа. Би уурандаа алахыг чинь харъя л даа гэхчихлээ. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодсондоо л тэр. Төрсөн ах минь хутгатай гараа миний хөл рүү буулгалаа. Ахиад олон юм яривал гүйцээнэ шүү гэж хэлээд намайг орхиод гараад явчихсан юм. Хоёр нялх хүүхэдтэй байсан би хий дэмий л гараараа шархаа дарлаа.
Цус гарын минь салааг даган урсаж би сандарсандаа боохоо ч мартан айл амьтнаас тусламж эрэн хашигараад л байснаа санадаг юм. Тэр хар өдрөөс хойш хөлөндөө гурав дөрвөн удаа хагалгаа хийлгэсэндээ, бохир оруулснаас тэр. Би өнөөдөр доглон болсон өөрийгөө бус харин өдрөөс өдөрт доройтсоор л яваа хазгар дүүдээ уучлаарай гэдэг ганцхан үгийг хэлчихэж чадахгүй яваа ахыгаа л өрөвдхийн ихээр өрөвдөж явна даа. Ээжээ энэ бүхнийг уншаад охиноо таниарай. Өнө олон жил тандаа очоогүйн шалтгаан минь энэ юм шүү. Энэ орчлонд эхийнхээ сэтгэлийг эмтлэх шиг нүгэл хаа байх билээ. Хайрт ээж минь ухаангүй хоёр хүүхдээ уучлаарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
