Цагаан сарын супер төлөвлөгөө #1
2015-12-28 18:21
Хэдхэн хоногийн дараа удаан уулзаагүй аав, ээж, ах дүү, ахмад настнуудынхаа амар мэндийг эрэн золгох сар шинийн баяр болох гэж байна. Бүсгүй та үндэсний их баяртаа бэлдээд завгүй л байгаа биз дээ?
Гэхдээ завгүй явсаар олон зүйлийг мартаж болох юм шүү. Тиймээс хайрт ханьтайгаа сар шинийн баярын төлөвлөгөөгөө хэд хоногийн өмнөөс ярилцаж гаргахыг зөвлөж байна.
Ялангуяа, залуу хосуудын дунд жижиг сажиг, аар саар зүйлээс болж ам мурийх үе зөндөө бий. Тэр дундаа сар шинийн өдрүүдээр хэнийхээ талын настнуудад түрүүлж очиж золгох, ямар бэлэг сэлт өгөх гээд л... Хэдий ам зөрөх үе гарсан ч шинийн нэгний өдөр муу үг хэлэхийг цээрлэдгийг өвөг дээдэс минь эртнээс сургасныг санаарай. Ингээд, олныг нуршилгүй дараах зөвлөгөөг хуваалцъя.
Хоол хүнс
Та ширээгээ яаж засах, ямар хоолоор дүүргэх, зочдоо юугаар дайлах, ямар салад хийх, буузаа хэзээ хийх, ууц махаа хэзээ чанахаа бодож амжсан л биз дээ. Гэхдээ энэ талаар ханьтайгаа ярилцаагүй бол одооноос ярилцан төлөвлөөрэй. Цаг нь дөхөөд ирэхээр та бүхнийг ганцаараа амжуулж чадахгүй учраас яг одооноос ханиасаа тусламж хүсээрэй. Бүх зүйлс тодорхой байх хэрэгтэй. Жишээ нь, та дараах байдлаар төлөвлөгөөгөө бичиж болох юм.
Өмсөх хувцас
Шинийн нэгний өглөө хүн бүхэн цэвэрхэн, өнгөлөг, сайхан хувцасласнаар тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог билээ. Тиймээс шинийн нэгний өглөө нөхөр, хүүхэд болон өөрийнхөө хувцсыг яаран сандран бэлдэлгүй хэд хоногийн өмнөөс угааж цэвэрлэн индүүдээд, далд хийгээд тавиарай. Мөн шинийн нэгний өглөө онгорхой цоорхойгоо нөхөж, угаалга хийдэггүй тул өмнө нь хувцсаа шалгахаа мартав аа.
Хэсэх айл
Залуу хосуудын дунд элбэг гардаг асуудлуудын нэг бол мэдээж хэсэх айлуудын тоо болон сонголт. Эхлээд хэнийд нь очих уу, дараа нь яах уу гээд л. Тиймээс та ханьтайгаа сайн ярилцаад хэзээ, хаашаа, хэнийд очиж золгохоо тодорхой болгох хэрэгтэй. Үнэхээр тодорхой шийдэлд хүрэхгүй бол дараах аргын аль нэгийг ашиглаж болох юм.
• Ахмад настан дээрээ эхэлж очих,
• Аль ойрхон гэртэй садныдаа эхэлж очих,
• Замын түгжрэлийг тооцох
• Тохиролцох /Энэ жил тэднийдээ эхэлж очъё, харин дараа жил тэднийдээ… г.м/
Хүүхдийн хоол
Нялх хүүхэдтэй ээжүүд хүүхдийнхээ бантан зутанг эртнээс бэлдэж тавиарай. Ингэхдээ мах, ногоог нь жижиг хэрчиж хөлдөөгөөд, гурилыг нь бантагнаж таглаатай саванд хийгээд хөргөгчиндөө тавиарай. Хэд хоногтоо муудахгүйн дээр яаралтай үед хурдан хугацаанд хийх боломжтой болж байгаа юм.
Баярын үеэр олон айлаар орж томчууд бид цадталаа иддэг ч бяцхан үрс нь хоолшихгүй уйлагнаж, тав нь алддаг. Хэрвээ хоолыг нь бэлдээд тавтай авч явбал хэн хэндээ сайхан шүү дээ.
За тэгээд бүсгүйчүүд минь супер төлөвлөгөөгөө гаргаад байгаарай. Амжилт!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
