06-р сарын 15-ны өдөр бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн өдөр юм. Орон нутгийн цагаар 14-ний өдөр Казахстаны Ерөнхийлөгчийн номын сангийн нэгдүгээр орлогч захирал Тимур Шаймергенов Хятадын төв радио, телевизийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын өнгөрсөн 20 жилийн хугацаанд олсон томоохон ололт амжилтуудыг өндрөөр үнэлээд, гишүүн орнууд хоорондын харилцан итгэлцэл нь ШХАБ-ын үндэс суурь гэдгийг онцолсон байна.
Казахстан бол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулагч орнуудын нэг юм. ШХАБ-ын тусламжтайгаар тус улс бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, соёл иргэншлийн хамтын ажиллагааг хүч тавин хөгжүүлсээр иржээ. Казахстаны Ерөнхийлөгчийн номын сангийн нэгдүгээр орлогч захирал Шаймергенов хэлэхдээ: ШХАБ байгуулагдсан 20 жилийн турш гишүүн орнууд хоорондын харилцан итгэлцлийг амжилттай нэмэгдүүлж, олон талт солилцоо, хамтын ажиллагааг дэмжин, байгуулагдах эхний үеийн үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлсээр иржээ. Байгууллагын үр нөлөө нь гишүүн орнуудын хамрах цар хүрээнээс давсан байна. ШХАБ-ын 20 жилийн хөгжлийг дүгнэж хэлэхэд, гишүүн орнууд хоорондын харилцан итгэлцэл нь ШХАБ-ын үндэс суурь, онцлог шинж гэдгийг онцлох ёстой.
"ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг үр дүнтэй баталгаажуулж, янз бүрийн аюул заналхийллийг эсэргүүцэх аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэ загварыг бий болгосон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. ШХАБ энэ бүхнийг хийж чадсан бөгөөд цэрэг армийн нэгдсэн холбоонд суурилсан бус, харин яриа хэлэлцээ, харилцан итгэлцсэн олон улсын харилцааг тогтоохоор найдсан байдаг. Тус байгууллагын үндэс суурь нь харилцан итгэлцэл, энэхүү итгэлцэл нь ШХАБ-ыг байнга урагш хөгжүүлэх агуу том онцлог шинж болж чадсан юм. "
ШХАБ нь улс орнуудын бүс нутаг хоорондын харилцааг хөгжүүлэхэд ашигтай төдийгүй бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд тустай гэж Шхаймергнов үздэг.
"Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага нь Казахстан болон бүс нутгийн орнууд хоорондын найрсаг хөршийн харилцаа тогтооход дэмжлэг үзүүлж, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг системтэйгээр хэлэлцэж, эдгээр асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа эрэлхийлэх боломжийг бидэнд олгосон юм."
Шаймергенов цааш нь хэлэхдээ:
- Ирээдүйн хэсэг хугацаанд ШХАБ гишүүн орнуудынхаа зах зээлийн давуу талыг бүрэн бадруулж, худалдааны саад тотгор болон худалдааг ивээх үзлийг арилгаж, бүс нутгийн улс орнуудтай "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулж, бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өргөн уудам хэтийн төлөвийг нээх болно гэж илэрхийллээ.
"Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Казахстан Хятадын удирдагчдын дэвшүүлсэн "Торгоны замын эдийн засгийн бүс " ба" Бүс ба зам "санаачлагыг хэрэгжүүлэхэд чухал индэр болох ёстой. Тус байгууллага нь Пакистан, Энэтхэг, Төв Азийн орнууд, Оростай "Бүс ба зам" санаачилгыг хамтаар байгуулж, бүс нутгийн хөрөнгө оруулалтын чухал индрийг бий болгох ёстой. Үүний зэрэгцээ хууль эрх зүй, бодлогын талаар худалдааны харш саадыг арилгах нь гишүүн орнуудад ашигтай юм."
Хятадын олон улс дахь нэр хүнд, Казахстаны олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааны тал дээр хуримтлуулсан туршлага, ШХАБ-ын бусад гишүүн орнуудын хүчин зүтгэлийн ачаар ШХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад сайн сайхан нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Түүнчлэн тус байгууллагын хөгжлийн гурав дахь арван жилд илүү их боломжуудыг бидэнд авчрах болно.
