Ээжүүд ээ, нярайн асаргаанд суралцаарай
2015-12-28 18:21
“За, хүүхдээ л гаргачихвал ёстой сайхан доошоо харж унтдаг болно”, “Цүдгэр том гэдэс арилчихаар тийм гоё даашинзаа өмсөнө” гээд л. Гэтэл төрсний дараа жинхэнэ үндсэн ажил эхэлдэг юм билээ. Нярай бяцхан үрээ тэврээд, түүнийгээ хөхүүлээд л хүүхэд өсчихгүй шүү дээ. Түүнд асаргаа, халамж анхаарал маш их шаардагддаг.
Анх удаа жирэмсэлж буй ээжүүдийн хувьд толгойд нь ордог бодлыг таая гэвэл маш амархан. Юу гэхээр тэд маань төрөөд л, хүүхдээ гаргаад л том ажил дуусна гэж боддог шүү дээ. Есөн сарын турш цүдгэр гэдэстэй явж, дотор муухайрч, дуртай хувцсаа ч өмсч чаддаггүй болохоор тэдний толгойд хүүхдээ төрүүлчихвэл л асуудал дуусна, бүх юм ОК гэсэн бодол хадаастай байдаг.
Би ч тэдний л нэг явлаа. “За, хүүхдээ л гаргачихвал ёстой сайхан доошоо харж унтдаг болно”, “Цүдгэр том гэдэс арилчихаар тийм гоё даашинзаа өмсөнө” гээд л. Гэтэл төрсний дараа жинхэнэ үндсэн ажил эхэлдэг юм билээ. Нярай бяцхан үрээ тэврээд, түүнийгээ хөхүүлээд л хүүхэд өсчихгүй шүү дээ. Түүнд асаргаа, халамж анхаарал маш их шаардагддаг.
Тэгэхээр нярайн асаргааны талаар анхан төрөгчид гэлтгүй дахин төрж байгаа ээжүүд ч мэдлэгтэй байх нь чухал билээ. Жирэмслэлт бүхэн төрөлтөөр дуусна, харин төрөлтөөс нярайн асаргаа, сувилгаа эхэлнэ дээ.
Эхийн сүү-юугаар ч сольшгүй амин дэм
Нярайн асаргааны хамгийн чухал эхлэл бол эхийн сүүгээр тогтмол хүүхдээ хооллох, хүүхдээ хүссэн цагт нь хөхүүлэх нь чухал. Ингэхдээ өглөө бүр хүүхдээ хөхүүлэхийнхээ өмнө хөхөө буцалсан бүлээн усаар угааж байгаарай. Бас хүүхдээ хөхүүлэхийн өмнө заавал гараа угааж занших нь хүүхдийн эрүүл эсэн мэнд бойжиход маш чухал. Түүнээс гадна хоёр хөхөө ээлжлэн сулартал нь хөхүүлэх хэрэгтэй.
.jpg)
Ингэвэл хөхөнд сүү орох нь улам нэмэгдэх ач холбогдолтой шүү. Хөхний сүүгээ эсвэл сааж болох юм. Эмч нарын зөвлөж буйгаар саасан сүүгээ 48 цагийн турш хөргөгчинд хадгалах боломжтой. Энэ нь хүүхдээ нярай үед нь ажил хөдөлмөр хийж буй эхчүүдэд хүүхдээ байнга хөхөөр хооллох боломжийг олгодог билээ.
Би гэхэд хүүхдээ 6 сартайд нь ажилдаа орсон. Ажлаасаа дөнгөж орж ирээд л хөхнийхөө учгийг гаргачихаад /удаан хугацаанд хүүхдээ хөхүүлээгүй бол хөхөө эхлээд 3-4 удаа сааж байж хүүхдэд хөхүүлнэ/ хүүгээ хөхүүлдэг байлаа. Тэгээд хүү маань хөхөндөө цадаад идэхээ болихоор нь сүүгээ дахин сааж хөргөгчинд хадгалчихдаг байсан.
Хүүхдийг гурван сар хүртэл нь өдөр бүр усанд оруул
Нярайн сувилагчдын зөвлөж буй дараагийн чухал зөвлөгөө бол хүүхдээ гурван сар хүртэл нь өдөр бүр усанд оруулах явдал юм. Энэ нь хүүхдийг чийрэгжүүлж орчинтойгоо дасан зохицоход нь томоохон нөлөө үзүүлдэг юм байна.

Хүүхдээ угаахдаа төрөл бүрийн хүүхдийн саван гэсэн янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Харин буцалсан бүлээн усаар, эсвэл хар цайгаар угаах нь хамгийн зөв сонголт юм. Хүүхдийг хангалттай том болтол нь зөвхөн өөрийнх нь буюу хүүхдэд зориулсан онгоцонд усанд оруулах ёстой.
Учир нь түүний бие насанд хүрэгчдийн өдөр тутам орж буй онгоцны орчинд дасан зохицох болоогүй билээ. Тэгээд ч том онгоц нь паалангаар хийгдсэн тул хүүхэд толгойгоо цохихоос авахуулаад бэртэж гэмтэх аюул их юм.
Хүүхдээ усанд оруулахдаа ээж аав хоёр нь хоёул хамт оруулж заншвал сайн. Хүүхдийг усанд оруулахдаа булхах /онгоцоо хангалттай усаар дүүргэж хүүхдийнхээ толгой хэсгийг ил гаргаж, хэвтүүлэх/, дээрээс нь ус гоожуулах гэсэн хоёр аргаар усанд оруулж болно. Ямагт анхаарах зүйл бол хүүхдийн ам, хамрыг уснаас хол байлгах, усанд оруулчихаад салхи авахуулж болохгүй шүү.
Түүнчлэн хүүхдийн хүй гэртээ гарснаас хойш 7-10 хоногт цөглөдөг бөгөөд энэ хугацаанд усанд оруулахдаа хүйг хөндөхгүйгээр маш болгоомжтойгоор хаттал нь зөөлөн алчуураар арчих хэрэгтэйг бүү мартаарай.
Харин хүүхдээ 3 сар хүрснээс нь хойш долоо хоногтоо 2-3 удаа усанд оруулахад хангалттай.
Хүүхдийн хөлийг ямагт дулаан байлга
Энэ бол нярайн асаргаанд маш чухал зүйл. Хүүхдийн хөл дулаан байвал янз бүрийн өвчинд өртөх магадлал ихээр буурдаг төдийгүй өсөлт хөгжилт нь ч идэвхтэй сайн байдаг аж. Хөл нь дулаан байгаа хүүхдийн хамар битүүрэхгүй, чих өвдөхгүй, ханиад томуу хүрэх нь ч бага.

Иймд хүүхдийн хөлийг хэрхэн дулаан байлгах вэ. Тухайлбал, би хүүгээ 4 сар хүртэл нь өлгийдсөн. Ингэхдээ хурганы илдэж, сайтар нухсан арьсаар хоёр хөлийг нь ороон өлгий дотор нь дулаацуулдаг байсан.
Үүнийхээ хамтаар хурганы арьсаар хүүдээ бойтог оёж өгсөн. Заримдаа бойтогтой нь өлгийддөг бол заримдаа хурганы арьсаар нь ороож өлгийддөг байсан. Нярайн сувилагчид ч хамгийн дулаахан орчин бүрдүүлэхэд хурганы арьс хамгийн тустайг хэлж байна лээ.
Цэвэр агаар бяцхан иргэдэд чухал
Цэвэр агаар нярай хүүхдэд чухал амин дэмүүдийн нэг. Зөвхөн нярай ч гэлтгүй бүх насныхны эрүүл амьдрах нууц нь энд л байна. Тэгэхээр нярай хүүхэдтэй ээжүүд маань боломжтой бол цэвэр агаарт гарах, хөдөө гарах, дулааны цагт ой модтой сувилал, амралтын газарт хүүхдээ аваачих нь хүчилтөрөгчөөр уушгийг нь сэлбэж буй маш чухал зүйл.
Цэвэр агаарт байсан хүүхдийн уушги цээж цэвэр, ханиад томуу хүрэх нь бага байдаг учраас эмч нарын дунд “Цэвэр агаарын угаалга” гэсэн нэр томъёо зүгээр ч нэг гарчихаагүй байх.
Иймд нярай хүүхдийг төрснөөс хойш долоо хоногийн дараагаас эхлэн агаарт 5 минутаас эхлэн цагаа бага багаар уртасган гаргаж байх хэрэгтэй. Ингэхдээ хүйтний улиралд амаар нь хүйтэн салхи авахуулахгүйн тулд амыг байнга өлгийгөөр нь дарах, өлгийний даавуугаар дарах нь чухал гэдгийг мартаж болохгүй шүү, ээжүүд ээ.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
