
Аньхүй мужийн Ванжян шяний Ян Жүмэйн хувьд 2017 оны намар их хүнд хэцүү өдөр хоногууд байлаа. Тэрээр Аньхүйн Их сургуульд магистраар элсэн орж бөөн баяр болж байхад Жэжян мужид ажил хийж байсан ээж нь хүнд өвчин тусна гэж хэн хүний санаанд орсонгүй.

Өвчний улмаас ээж нь хүний байнгын асрамжид орж, бие даан амьдрах чадавхгүй болжээ. Ээжийг нь харж асрах хүнгүй учраас Ян Жүмэй сургуулиасаа чөлөө авч ээжийгээ дагуулан хотын нэлээд хэдэн эмнэлгээр эмчилгээ хийлгэжээ. Ян Жүмэй огт бууж өгөлгүй энэ айл гэрийн бүх ажил үүргийг ганцаараа үүрэн ажил хийж мөнгө төгрөг олж амьдралаа залгуулж байна.

Хэдэн жилийн турш ээжийнхээ өвчнийг үзүүлж явсан болохоор Ян Жүмэйн гэр бүл нэлээд мөнгө төгрөг зээлсэн байлаа. Тухайн орон нутгийн засаг захиргааныхан Ян Жүмэйн энэ байдлыг мэдсэний дараа амьдралын баталгааны мөнгө олгожээ. Шяний засаг захиргааныхан ч Ян Жүмэйн ээжид тусламж үзүүлсэн байна.
- Улсын хөдөө орон нутгийн шинэ хоршооны эмнэлгийн даатгал нь манай гэр бүлд маш их тус дэм болсон. Эмчилгээний төлбөрийн ихэнхийг төлж өгсөн. Ээжийн маань бие ч өдрөөс өдөрт сайжирч байна. Биеийн жин нь 40 кг нэмэгдсэн гэж Ян Жүмэй ярилаа.

Ян Жүмэйд одоо тулгараад байгаа бас нэг асуудал нь хэрэв сургуулиасаа бас нэг жилийн чөлөө авбал дахин сурах эрхээ алдах болжээ. Гэтэл ээжийн бие нь хүнд байгаа болон өөрийн амьдралын нөхцөл байдлаа ярьсанд сургуулиас нь түүнд 4000 юанийн тусламж үзүүлжээ. Ян Жүмэйн багш нь түүнтэй олон удаа утсаар холбогдон хичээл сурлагад нь тусалж байлаа. Сайхан сэтгэл, хайр халамж нь Ян Жүмэйн сэтгэлийг дулаацуулна.

Ян Жүмэй шөнө ээжийгээ унтсаны дараа номоо гаргаж хичээлээ давтдаг. Одоогоор тэр зарим хичээлээ үзээд дуусгажээ.
- Миний хамгийн том мөрөөдөл бол ээжийнхээ өвчний оношийг илүү тодорхой болгон сайн эмчилгээ хийлгээд өөрөө сургуульдаа суралцах явдал юм хэмээн Ян Жүмэй ярьж байлаа.

