solongonews
Харааны мэдрэмжээр зураглагдсан содон клип
2017-02-23 16:06
- Залуу уран бүтээлч Хүслэнгийн клип зураглах үйлсийн ул мөр

Цагаан сараас өмнөхөн Зүүн Сөнид хошуугаар нутагтай залуу уран бүтээлч Хүслэнгийн “Дуранд харагдсан дуу” DVD цомгийн нээлтийн ёслол Билэгтэй сууринд дэлгэр сайхан болж өнгөрсөн билээ. Хүслэн 2010 онд Авга хошууны Билэгтэй сууринд “Дуран хараа” гэрэл зургийн газраа байгуулж 10-аад жил олон сайхан зураг татсанаар барахгүй дууны клип хийж олон дуучин уран бүтээлчдийн итгэл хүндийг хүлээсэн билээ. Хар багаасаа уран зурагт дур сонирхолтой байсан тэрээр өөрийн авьяас билгээ харуулж, Өвөр Монголын Монгол Зураг Бичлэгийн Дээд Сургуулийг төгсөж, дур сонирхолтой ажлаараа үйлсийн аянаа эхлүүлж, өнөөдөр болоход олондоо танигдсан авьяаслаг уран бүтээлч болсон билээ. Цаг мөчийг хоосон өнгөрүүлж суудаггүй ажилдаа хариуцлагатай ханддаг Хүслэн мянга гаруй хурим найрын бичлэг хийж, 40 гаруй дууны клипийг амжилттай хийжээ. Үүний дотроос шилдгийн шилдэг гэсэн 15 дуугаа сонгож энэ удаагийн “Дуранд харагдсан дуу” уран бүтээлийн үдэшлэгээ зохион байгуулсан нь энэ байжээ. Үдэшлэгт Өвөр Монголын алдарт яруу найрагч Ю.Эрдэнэтогтох, Авга хошууны Утга Урлагийнхны Холбооны тэргүүлэгч Хүнст, Соёл Тамир Радио Телевиз Аялал Жуулчлалын Товчооны дарга Хасбагана нар урам хайрлан саатаж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч, Монгол Улсын ардын дуучин Бурмаа, жүжигчин Бодь, хөөмийч Ангараг, залуу дуучин Бодь, Хөхөөгийн Хөгжилбаатар нар оролцсон сайхан ёслол болсон байна. Түүний “Дуранд харагдсан дуу” DVD цомог нь алдарт дуучин Оюунбилэг, уртын дууч Загдсүрэн, Монгол Улсын дуучин Төрмандах, Өвөр Монголын залуу дуучдын дуунаас бүрдсэн сайхан цомог болж, олны бахархалд хүрч байсан нь үнэнтэй юм.

Хүслэн өөрийн хайртай мэргэжилдээ цаг оюунаа зарцуулан урлагийн авьяас, чадварын охиороо олон сайхан уран бүтээл бүтээж явснаар барахгүй олон удаагийн нийгмийн үйл ажиллагаа зохион байгуулан, зүдэрч ядарсан нэгнийг тэтгэж, түшиж явсан билээ. Ер нь санаа зөв хүний хийсэн үйл бүхэн нь зөв гэдэгчлэн түүний хийсэн ажил бүхэн нь амжилтын хариутай байжээ. Анх хүний нутагт үйлс босгохдоо хүн хар танихгүй, хөрөнгө мөнгө хүрэхгүй байсан зэрэг хүчнд байдал омогших зүйл болж хоцорсон нь түүний ярианаас харагдаж билээ.

Ингэж харааныхаа мэдрэмжээр зураглагдсан уран бүтээл нь авьяаслаг уран бүтээлчдийн дуу эгшгийг мэргэжлийн түвшинд шингээж, өнө мөнхөд хадгалагдах урлагийн содон бүтээл болгож ажилласаар үйлсийн мөр нь дурайна. Тэрээр шилдэг уран бүтээл гаргахаар оюун ухаан, хүч чадлаа цэнэглэн, сайн клип, шилдэг богино кино зэргийг хийхээр үйлсийн аянаа үргэлжлүүлнэ.

Найруулагч: Баянцэцэг
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл