Хятадын гурван сансрын нисэгч Дэлхийн тойрог зам дахь БНХАУ-ын “Тяньхэ” станцад оржээ.

БНХАУ-ын Үндэсний сансар судлалын агентлагийн мэдээлснээр, Бээжингийн цагаар 6 дугаар сарын 17-ны өдрийн 18:48 цагт тэд “Тяньхэ” станцын гол хэсэгт нэвтэрчээ. Энэ нь хятад хүн түүхэндээ анх удаа өөрийн сансрын станцад орсон үйл явдал юм.

17-ны өдрийн өглөө орон нутгийн цагаар 09:22 цагт Хятад улс гурван нисэгч бүхий "Шэньжөү-12” хөлгийг Хятадын сансрын станц барих хөтөлбөрийн хүрээнд амжилттай хөөргөсөн юм. Хөлөг хөөрснөөс хойш зургаан цагийн дараа "Шэньжөү-12” хөлөг станцтай залгагдсан. Хятадын сансрын станц одоогоор үндсэн "Тяньхэ" хэсэг, ачааны "Тяньчжөү-2" болон "Шэньжөү-12” хөлгөөс бүрдэж байна.

Хятад улс өөрийн сансрын станцаа хоёр үе шаттай барихаар төлөвлөж байна. Үе шат бүрт тус бүр зургаан нислэг үйлдэнэ. "Шэньжөү-12” нь дөрөв дэх нислэг юм. Хагас жилийн дотор ачааны нэг, нэг багтай хөлөг нисгэхээр зэхэж байна.
Хятадын гурван нисэгч ирэх гурван сард төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, задгай сансарт засвар, угсралтын ажил хийж гүйцэтгэх юм.
