Нэгдсэн хуралдааны дараа төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулсан бөгөөд төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж үндэсний уламжлалт баяр “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.
Бэсрэг наадмын эхэнд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүллээ.
Мөн төрийн есөн хөлт цагаан тугийг заллаа.
Үүний дараа Францад болсон халдлагад амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж, 1 минут эмгэнэл илэрхийлж, чимээгүй зогссон юм.





Бэсрэг наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм.
“Эрхэм хүндэт зочид оо, эрхэмсэг хатагтай ноёд оо. Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд аугаа түүхээрээ бахархдаг, олон зууны турш бүтээж хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил дэвшлийн нууц нь монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол бахархал, цэнгэлийн дээдээс та бүхэнд толилуулж байна.
Монгол бол найрсаг нээлттэй улс. Ази, Европыг уулзуулж холбож байдаг орон. Манай улсыг зорьж ирсэн, байнга дэмжиж хамтран ажиллаж байдаг орон бүрийн төр засгийн тэргүүн, эрхэм дээд сайд, зочид албаны хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Бүтэн жил хүн бүр хүлээдэг манай үндэсний их баяр наадмын өдрүүд үргэлжилж байна.
Монгол наадмын их ёслол хүндэтгэл давтагдашгүй сайхныг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа таатай байна. Эрхэм хүндэт зочид гийчид та бүхэн ч энэ бүхнийг нэг дороос харж сэтгэлийн таашаал авах азтай хүмүүс юм.
Монголчууд үндэсний баяр наадмаараа их сүлд тугаа залж, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морио уралдуулж, цэц мэргэнээ сорьж, соёл түүхээ тольдож, үгийн сайхныг хэлэлцдэг уламжлалтай.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт ч 20 жилийн түүхэн ой ч бидний бахархалт уламжлалтай яв цав тохирч байна.
АСЕМ-ын 20 жилийн тэгш ой эрхэм зочдод зориулсан Монгол үндэсний наадам нээснийг мэдэгдье” хэмээлээ.
Хүндэт зочдод зориулсан бэсрэг наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Улсын заан Т.Санчир үзүүрлэлээ.
Бэсрэг наадамд 32 бөх барилдсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлснээр бэсрэг наадмыг хаав.
