solongonews
Гар утсаар золгосон Хятадын сар шинэ
2021-03-16 11:18
Гар утсаар золгосон Хятадын сар шинэ.

Хятадын Цагаан сарын тухай бодоход мартагдашгүй мөчүүд олон. Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр Хятадын сар шинийн агуулга, хэлбэр улам олон янз болсоор байна.

Сүүлийн өдрүүдэд Вичат үүсэн байгуулагдсаныхаа арван жилийн ойг тэмдэглэж байна. Вичат, Tiktok, Вэй Бө, Куай Шөү зэрэг гар утасны нийгмийн харилцааны программууд бидэнд нийгмийн харилцааны аргуудын шинэ сонголтуудыг хангаснаар зогсохгүй, бидний амьдралын бүхий л талыг баяжуулсан юм. Тэр дундаа Хятадын сар шинэ басхүү олон шинэ элементтэй боллоо.

Сар шинийн бараа худалдан авах шинэ сонголт

Зуу мянган жилийн туршид Хятадууд сар шинийг томоохон арга хэмжээ гэж үзсээр ирсэн. Цагаан сарын өмнө олон төрлийн бараа худалдаж авах нь Хятадын хүн бүрийн сар шинийн баяраа угтахад бэлтгэсэн тансаг бэлэг юм. Энэ нь мөн сар шинэ улам ойртож байгааг илтгэдэг.

   Хятадууд өмнө нь ихэвчлэн сар шинийнхээ бараа бүтээгдэхүүнийг зах зээл, худалдааны төв эсвэл супермаркетаас худалдаж авдаг байсан. Харин өдгөө гар утасны нийгмийн харилцаа гүнзгийрэн хөгжихийн хэрээр худалдан авах арга зам өргөн болж байна. "Сар шинийн барааг гар утсаараа худалдаж авах" нь Хятадын иргэдийн худалдаж авах шинэ сонголт болжээ. 2020 онд манай улсын биет бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 9.8 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн адил хугацаанаас 14.8 хувиар өсөж, нийгмийн бүхий л хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны хэмжээний 24.9 хувийг эзэлж, Хятад улс найман жил дараалан дэлхийн хамгийн том онлайн жижиглэн худалдааны зах зээл боллоо. 2021 он айлчлан ирж буйтай зэрэгцэн Худалдааны яамнаас олон байгууллага нэгжүүдтэй хамтран зохион байгуулсан "2021 оны сүлжээний сар шинийн бараа" арга хэмжээ нь 01-р сарын 20-ны өдрөөс эхэлж, 10 хоногийн дотор жижиглэн худалдааны борлуулалтын хэмжээ 344,11 тэрбум юаньд хүрсэн байна.

Онлайн сар шинийн бараа улам элбэг болж, офлайн худалдаа мөн маш өрнүүн болж байна. Сурвалжлагч 02-р сарын 06-нд Бээжингийн томоохон супермаркетаас худалдан авалт хийхээр ирсэн хүмүүс бужигналдан шахалдаж байгааг харжээ. Бээжинд ажилладаг Жан Юйфэн:

- Өмнөх жилүүдэд бид Цагаан сарын үеэр нутагтаа харьж шинэлж байсан.  Энэ жил би Бээжинд өнгөрөөх болно. Жилийн өмнөх хамгийн сүүлчийн амралтын өдрүүдэд бид баярын бараагаа худалдаж авахаар ирсэн. Худалдаж авсан барааныхаа олонхыг нь бусдын дэвшүүлсэн богино хэмжээний видео бичлэгийн танилцуулгыг харж байж авсан гэж ярьлаа. Шанхай хотод ажиллаж байгаа Ян Чао:

- Энэ жил би Шанхай хотод сар шинийн баяраа тэмдэглэх гэж байна. Эцэг эх маань ар гэрээс хэд хэдэн хайрцаг буухиа хүргэлт явуулсан. Энэ бол миний хамгийн дуртай хоол юм. Хэдийгээр би гэртээ харьж чадахгүй ч гэсэн өөрийн төрсөн нутгийнхаа сар шинийн үнэр амтыг хүртэж чадна гэж хэллээ.

Нэг талаар төрсөн нутгаас илгээсэн сар шинийн баярын бэлгийг хүлээн авч, нөгөө талаар төрсөн нутаг руугаа хариу бэлэг илгээдэг. Мэдээллээс харахад, маш олон хотуудын олон жилийн түүхтэй шилдэг бараа бүтээгдэхүүнийг "муж алслан" Хятад улсын өнцөг булан бүрт илгээдэг. Энэ жил Бээжингийн Дао Шяцүнь брэндийн барааны онлайн борлуулалт өмнөх оны мөн үеэс 135 хувиар өсөж, Ү Юйтай брэндийн барааны онлайн захиалга өмнөх оны мөн үетэй харьцуулахад 500 хувиар өссөн байна. Энэ жилийн 01-р сарын 01-ний өдрөөс хойш Бээжингийн хүлээн авсан бусад муж орны захиалга өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар өссөн байна.

Шинэ жилийн мэндчилгээний шинэ арга

2010 оны эцсээр Хятадад гар утасны интернэт хэрэглэгчдийн нийт тоо 288 саяд хүрч байсан бол 2021 онд Вичатын нэг өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 1.09 тэрбумд хүрсэн байна. Сүүлийн арван жилийн хугацаанд гар утасны нийгмийн харилцаа түгээмэл болсноор хүмүүсийн харилцаа холбоо өөрчлөгдөж, сар шинийн мэндчилгээ мөн өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн байна.

Ли авхай бол "60-аад оны дараах хүн". Тэрээр олон жилийн Хятадын Цагаан сарын тухай эргэн дурсаж:

- Намайг бага байхад интернэт, гар утас зэрэг зүйл байгаагүй. Шинэ жилийн бэлгээ ахмадууддаа биечлэн хүргэх ёстой. Гэхдээ зарим хамаатан садан хол суудаг байсан болохоор их амаргүй байсан. Дараа нь утсаар сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байсан бол одоо харин вичатаа нээж дуу хоолойгоороо, видео хэлбэрээр хаа холын төрөл садандаа ч гэсэн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж чадах болжээ гэж ярьлаа.

2020 оны Цагаан сарын үеэр гэнэт цар тахал дэгдсэн тул ихэнх хүмүүс гэртээ баяраа тэмдэглэжээ. Онцгой нөхцөл байдалд хамаатан садан, найз нөхдийндөө очих боломжгүй байсан болохоор вичатаар эргэн тойронд байхгүй хамаатан садан, найз нөхөдтэйгөө цахимаар уулздаг болсон.

- Өнгөрсөн жилүүдэд бид Цагаан сараар хамаатан садантайгаа уулзаж, хөзөр тоглож, хөөр хөгжөөнтэй яриа дэлгэдэг байсан. Өнгөрсөн жилийн Цагаан сарын үеэр уулзаагүй ч гар утсаараа дамжин онлайнаар тоглоом тоглож ярилцах нь сар шинийн уур амьсгал өмнөх жилүүдийн уулзаж байснаас маш их урам зоригоор дүүрэн санагдсан. 2021 оны Цагаан сар тун удахгүй хүрч ирнэ. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ өөрийн ажиллаж амьдарч байгаа газартаа сар шинээ тэмдэглэнэ. Гэхдээ бид онлайнаар уулзацгаая гэж болзсон шүү гэж Жан Лэюүнь сэтгүүлчдэд сонирхуулан ярьлаа.

Сар шинийн "Онлайнаар уулзах" ер бусын золголт хүмүүст тайтгарал авчрах болно. Хамаатан садантайгаа халуун дотно яриа дэлгэх нь сэтгэлийн зайг ойртуулна; найз нөхөдтэйгөө тоглох нь чөлөөт цагаа маш их зугаатай өнгөрөөнө; шууд нэвтрүүлэг үзэх, үүлэн үзэсгэлэн үзэж сар шинийн баяраа утга агуулгатай сайхан тэмдэглэх болжээ.

Гар утасны нийгмийн харилцаатай сар шинэ улам гэгээн саруул ирээдүйтэй

Гар утасны нийгмийн харилцааны эрчимтэй хөгжлийн арван жил  олон жилийн түүхтэй Хятад улсад шинэ эрин үеийн олон элементийг шингээж өгсөн байна. Вичатаар “Улаан баглаа” илгээх, сар шинийн зан заншлыг богино хэмжээний видео бичлэгээр үзүүлэх зэрэг уламжлалт баяраа тэмдэглэх арга хэлбэр улам баялаг болж байна.

Гар утасны нийгмийн харилцааны хөгжил Хятадын сар шинэд олон эерэг өөрчлөлт авчирсны зэрэгцээ мөн цөөнгүй асуудлууд авчирсан байдаг. Цагаан сар бол Хятад хүн бүртэй нягт холбоотой, маш олон хүмүүс гар утасны нийгмийн харилцааны хэрэглэгч болох тусам энэхүү баяр олон бизнес эрхлэгчдийн хэрэглэгчээ булаацалдах гол цэг болов. Энэ тухай Хятадын Хэвлэл Мэдээллийн Их Сургуулийн Харилцаа холбооны судалгааны хүрээлэнгийн дэд профессор Хуан Дяньлинь:

- Нийгмийн харилцааны хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөөгдсөн онлайн худалдааны “галзуурал” нь олон хүмүүсийг ухамсаргүй худалдан авах сохор хэрэглээний урхинд оруулахад хүргэсэн. Үүнээс гадна, гар утасны нийгмийн харилцааны программ хангамжаар цуглуулсан хувь хүний мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн батлах вэ гэдэг нь түүнийг хянах үр дүнтэй арга хэмжээг шаарддаг гэж хэллээ.

Гар утасны нийгмийн харилцаа нь орон зайн нөхцөлийг бодолхийлэхгүй давуу талтай боловч хүмүүсийн хоорондын зайг заавал богиносгох гэсэн хэрэг биш юм. Хэдийгээр гэр бүлийн бүх хүмүүс хамтдаа буйдан дээр сууж байгаа ч бүгдээрээ гар утсаа харах болсноор хүмүүсийн хоорондох халуун харилцаа цөөрсөн байна. Энэ төрлийн "Бүлгийн ганцаардал"-ын үзэгдэл зөвхөн сар шинийн үеэр биш, энгийн үед ч олонтаа тохиолддог. Гар утасны нийгмийн харилцааны программын ашиглалт дунд хүмүүсийн хоорондын сэтгэлийн амьд харилцааг хэрхэн сайжруулах вэ гэдэг нь бидний үргэлжлүүлэн судлах шаардлагатай чухал зүйл юм.

Эдгээр асуудлуудад анхаарал хандуулж, шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна. Мөн гар утасны нийгмийн харилцаа нь Хятадын Цагаан сард илүү их эерэг үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Ирээдүйд харилцаа холбооны хэрэгслүүд хичнээн өөрчлөгдсөн ч Цагаан сар хүн бүрийн зүрх сэтгэлд сайхан хүлээлт байсаар байх болно.

Жэ Жян мужийн Хү Жөү хотын Нань Шюүнь дүүрэгт онлайнаар хөдөө аж ахуйн тусгай бүтээгдэхүүнийг борлуулж байгаа нь

 Зургийг: Ардын сайтын ФҮ ЛИЖЯ

Жян Сү мужийн Ү Ши хотын нэгэн нийгэм дүүргийн иргэд видео бичлэг хийж холын хамаатан садандаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлж буй нь

Зургийг: Ардын сайтын ЖҮ ЖИПЭН

Зохиогч: ЛЮ ФАВЭЙ
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл