Өчигдөрхөн Дүүхээ төвөөс хүнсээ цуглуулж яваад хүүдээ бялуу, бэлэг авч өгч байгаа ээжийн яриаг санаандгүй сонсов. Санаандгүй юу байхав, хүссэн хүсээгүй хэн хүнд сонсогдохоор бяцхан хүүдээ “зарлиг” буулгаж байсан болохоор...
“Төрсөн өдөр болохоор чинь өчнөөн мөнгөөр торт авлаа шүү, хэрэлдэж маргалгүй идээрэй тэгээд нөгөөдүүлтэйгээ. Наад бэлгээ битгий зад татаад нэг дор идчихээрэй дээ! За юу? Хүн юм хэлээд байгаа юм бишүү чамд...” Ээж нь хүү рүүгээ хялав цалав хийн ингэж зандчихад бяцхан хүүгийн нүд амттан руу тэмүүлж байсан ч зодуулсан жаал шиг гунигтайяа зогсож харагдлаа. Уг нь бол ээж нь хүүгээрээ бэлгийг нь сонгуулж, хүү нь жаргалтайяа инээж, баяр хөөр дүүрэн дэгдэж байхсан. Ингэн ингэн бэлэг өгөөд ч яах билээ, нэгэнтээ бэлэг өгвөөс тэр хүний өөрийнх нь зүйл болдог болохоор яахыг нь эзэн нь өөрөө мэдэхгүй бол үнэ цэнэ нь хаана байх билээ? гэж бодогдлоо. Монгол ээжүүдийн “Миний хүү өө” гээд үх хүүхдээ дуудаж байгаа нь тэр чигээрээ аялгуу эгшиг, зэмлэл нь хүртэл ухаарал сургаал байсансан. Муу үгээр хүүхдээ ороолгож, сөрөг хандлагаар сэтгэлийнх нь галыг унтрааж, хайрлаж байгаа нь энэ гээд өр авлага шиг тулгалт нэхэж, баярлуулж байгаа нь их юм гэсэн шиг дугтчин зандрах ийм харалган байдал энэ цагийн ээжүүдийн дунд мэр сэр тааралдах бүр сэтгэл горойно.
Хүүхэд гэдэг энэ дэлхийн амьдралд заларч ирсэн бас л нэгэн эрхэм зочин. Нас нь бага ч, түүнд бяцхан зүрх, гомдож баярлах сэтгэл бий. Энэ бяцхан зүрх бүхнийг ойлгоно. Хандлага бүхнийг мэдэрнэ. Үгийн хар цагааныг ялгана. Иртэй мэс мэт үгэнд шархалж, өөрийг нь хүн хэмээн хүндлэх хайрын чинадыг дэндүү сайн ойлгоно. Бусдын өмнө өөрийг нь чичлэх хатуу үгэнд сөхөрч, бас нэрэлхэж ичиж, буруу зөвийг дэнслэх биш, харин чимээгүй дотроо уйлна, түүнийг битгий гомдоо. Ах дүү нартайгаа амттанаа булаалддаг бол “Ээжийн хүү чинь эвтэй шүү. Баярын бялуугаа хувааж идэхдээ та хэд маань ямар жаргалтай байх бол. Хүүгийн маань төрсөн өдрийн бялуу юм чинь амттай ч гэж хачин байна даа” гээд хэлчихвэл нүд нь гялалзаад л баяр хөөр бялхаад л явчихна. Магадгүй, ах дүү нартаа илүү ихийг өгөх гэж хичээхвий.
Хүүхдээ зориггүй, өөртөө итгэлгүй болоход ээжүүд бид багагүй алдаа гаргадгаа анзаардаггүй. Бусдын өмнө ичээж, бусадтай харьцуулахыгаа сургаж байна, хүмүүжүүлж хэлж байна гэж эндүүрцгээдэг нь үнэн. Тиймээс ээжүүд ээ, хүүхдээ зориггүй, өөртөө итгэлгүй болгоё гэвэл хүүхдээсээ бүхнийг төгс төгөлдөр хийхийг хүсээрэй. Хийсэн зүйлээс нь заавал алдаа дутагдал хай. Тэднийг бусадтай харьцуулан жиш. Олны өмнө алдаа, сул талыг нь хэлж ичээ. Хүүхдийнхээ хичээл зүтгэлийг бүү үнэл, чармайлтыг нь басамжил. Мэдээж та хүүхдээ ийм нэгэн болгохыг хэрхэн хүсэх билээ дээ. Тиймээс дээрх санамжийг хэзээ ч гаргахгүйг хичээн эрхэмлээрэй.
