Хятад улсын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Ардын Засгийн газар, МУ-ын Дорнод аймгийн засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж буй олон улсын үзэсгэлэн худалдааг МУ-ын Хөдөө Аж Ахуйн Яам, МУ-ын Аялал Жуулчлалын Яам, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, МУ-ын Хөрөнгө Оруулалтын Газар, Монгол-Өвөр Монголын Худалдааны Танхим, Махны холбоо, Мишээл Экспо групп зэрэг байгууллагууд дэмжин оролцож байгаа бөгөөд 2014 оны Улаанбаатар-Хятад улс, Хянган аймаг-Монгол Улсын Дорнод аймгийн хөрөнгө оруулалт, үзэсгэлэн худалдаа, байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн болон аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийн нээлтийн арга хэмжээ 10 сарын 24-ний өдрийн үдээс өмнө Мишээл Экспо төвд амжилттай болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн засаг дарга Дү Шюежүн, Монгол улсын Дорнод аймгийн засаг дарга С.Ганбат нар оролцож үг хэлэв.



Хянган аймаг нь 101 хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжтэй бөгөөд 173 хөрөнгө оруулалт, худалдаа аж ахуйн нэгж энэ удаагийн үзэсгэлэн яармагт оролцож 826 нэр төрлийн бүтээгдэхүүнээ үзэсгэлэн яармагийн 70 гаруй павилонд дэлгэн үзүүлж байна. Уг бүтээгдэхүүнд бэлэн бүтээгдэхүүн, газрын тос, махан бүтээгдэхүүн, даршилсан ногоо болон хачир, эрдэст рашаан ус, жимсний жүүс, ундаа, Хятад-Монголын уламжлалт анагаах ухааны эм, эмийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний цахилгаан бараа, үндэстний хоол хүнс зэрэг бүтээгдэхүүн багтаж байлаа. Хянган аймаг нь Монгол улсын иргэдэд байгалийн цэвэр, экологийн бүтээгдэхүүнийг хүргэж, хамтдаа эрүүл аж төрхийг хүсэв. Уг яармаг үзэсгэлэн худалдаа нь гурван өдөр үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Хянган аймгийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалтын арга хэмжээг зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээнд оролцохоор МУ-д хөрөнгө оруулалт хийх сонирхолтой, хамтран ажиллах түнш хайж буй 100 гаруй бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн байна.

Бэлтгэсэн: Шинэцэцэг, Хавар
