
Аяны шувууд өртөөлж буудаг нуурын усан
Алтан загасаа цолгиулж жаргадаг гүн ухаан
Ээжийн аяны хасгийг дагадаг түүхэн хоногууд
Өнгөрч ниссэн дулаан амьдралын зүрхэн зурмаг.
Тал нь нэлийж зэрэглээ нь сүүмэлзэн бэлчээр үелзээд уулс нь хөхөрч
Үүлс нь нүүдэллэж салхи сэвэлзээд
Танан сүргээ насаараа дагаж итгэлийн дуутай амьдраад
Үнэний мөрийг мөнх хөөн уянгын түрлэгтэй амьдраад
Саруул талын минь элгэнээс цуурайлсан магтаал дуу
Сэтгэлийнхээ гунигийг итгэлдээ нуусан буурлын ухаан
Салхитай өдөр сүргийн дэргэдээс хатуужсан мөр
Саадтай хорвоод тэмцэж ялах итгэлийн жор.
Өлгийтэй үр нь эр болдог тивийн цахилгаан
Эрт өвгөд нь хоймрын бурхан наран зүгийн шүтлэг
Унаган хөлөг нь бэлчээртээ тэмүүлдэг эр зоригийн шуранхай
Эн нутаг минь сахиус шүтээнтэй есөн тивийн цэцгий.
Сайхан монгол нутгийнхаа сарны гэрлээр тэврүүлж
Мөнхийн рашаан уусан шиг жаргаж явах сайхан
Саруул монгол бүсгүйн үнэнч хайрт хөлчүүрч
Хөлгийн нуруунд яруу найрагтайгаа дэрвэж явах жаргал.
Мянган оны түүхэн бүрийг хээрийн салхи авчирна
Манх элс хумгийн доороос үнэний шижрийг түүнэ
Зовж зүдэн нолторч гүйцсэн найрагчийн хүрэн зүрхийг
Жаргалын илчиндээ алиахан бүсгүйг нь өвөрлөж яван анагаадаг бол⁈
