Эрт дээр үеэс өнөөг хүртэл зураг зурах хичнээн олон арга байдгийг тоочоод баршгүй. Басхүү үзэг, бэхийг орлох будгийн хэрэгслүүд маш сонирхолтой. Зүймэл даавуун урлалын хувьд даавууны чанар, хээ угалз нь бүтээлийн уран санааг тодорхойлж, хайчилж зүйсэн уран сэтгэмж нь зүймэл даавуун урлалын бүтээлийн ид шид гэж хэлж болно.
Зөөлөн байдлыг хадгалсан тод шугамууд
Зүймэл даавуун урлал нь зөвхөн ардын урлаг төдийгүй, эрт дээр үед хааны ордонд ч ашиглаж байсан гар урлал бөгөөд хөгжлийн хэдэн мянган жилийн түүхтэй. Ардын дунд Бү Дүйхуа, Бү Техуа, Бү Лэйхуа /Хятад хэлэнд даавууны цуглуулга гэсэн утгаар/ гэж нэрлэгддэг. Түгээмэл хэрэглэгддэг гар урлалын нэг бөгөөд бусад гар урлалын бүтээлтэй харьцуулахад маш ойр дотно мэдрэмж төрүүлдгээрээ онцлогтой.
Гэрийн эзэгтэйн өнгөт даавуун өөдсийг бүтээлчээр зүйж урласан хувцас хунар, гутал, даавуун бар зэрэг бол Хятадад хамгийн түгээмэл байдаг зүймэл даавуун урлал. Амьдралын хүнд бэрх нөхцөлд даавууны өөдсөөр ахуйн хэрэгцээт зүйлээ өөрөө хийж бүтээх нь амьдрах чадварын хамгийн үндсэн нэг хэсэг байв. Уран бүсгүйчүүд өөрийн урласан “бүтээл”-дээ өвс цэцэг, хүн амьтан нэмж урлан, хүнд бэрх цаг үеийг давж, сайн сайхан амьдралыг мөрөөдөн буйгаа илэрхийлдэг. Сүүлийн үед амьдрах нөхцөл сайжирснаар энэхүү нөхөж, оёх байдлаар хэрэглэгдэж байсан хэрэглээний гар урлал аажмаар урлаг болж хөгжсөн.
ӨМӨЗО-ны төв хот Хөххотын зүймэл даавуун урлалын ур чадварыг өвлөн уламжлагч Цүй Сүөлянь балчир багаасаа энэ төрлийн урлалд хорхойтой нэгэн. Хэдэн арван жилийн хугацаанд энэ урлагаа маш олон хүнд танилцуулахаар хичээн ажилласан байна. Дунд сургууль төгссөн тэрээр уран зургийн тухай ямар ч мэдлэг суралцаагүй боловч удаан хугацааны хичээл зүтгэлээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн байна.
Амьдралын хүнд бэрх нөхцөлд байсан Цүй Сүөлянь бараг даавуу худалдаж авдаггүй учир оёдлын газраас даавууны өөдөс олж гарын доорх материалаа болгодог. Урлагийн бүтээлд бүтээлч сэтгэмж тун чухал учир тэрээр уран зургийн ном уншин, хүрээлэн буй орчиндоо бусдаас илүү анхаарал тавьдаг болохоор түүний бүтээл шинэлэг, өвөрмөц шинжтэй байдаг. Түүний зарим бүтээлч санаа сэтгүүл, шинэ жилийн зураг, ханын хуанли зэргээс санаа авсан байдаг.
Тэрээр 2005 онд 2.5 метр өндөртэй, 1.3 метр өргөнтэй “Жао Жүнь харьд мордсон” бүтээлээ Хөххотын Жао Жүнь соёлын Ⅵ наадамд зориулан бүтээсэн байна. Үүнээс хойш тэрээр бас “Агтын төвөргөөн” бүтээлээрээ ӨМӨЗО-ы 60 жилийн ойг тэмдэглэсэн. ӨМӨЗО-ы 70 жилийн ой тохиосон 2017 онд тэрээр “Хөөр хөгжөөнтэй тал нутаг” бүтээлээр Өвөр Монголын ирээдүйн хөгжлийг бэлгэдсэн байна. Өнгөрсөн онд Цүй Сүөлянь шинэ жилд зориулан бүтээсэн “Арван хоёр жил”-ийг зүйж урлажээ.
Өдөр тутмын амьдралын материалыг ашиглах нь зүймэл даавууны урлалын гол онцлог. Янз бүрийн өнгө, бүтэц, хэлбэрийн даавууны өөдөс нь бүтээлчдийн сэтгэмж хаашаа хөвөрдвөл бүтээлийн өнгө төрх тийшээ чиглэж чаддаг гайхамшигтай. Зүймэл даавууны урлалд иргэдийн амьдралын тухай мэдрэмжийг тусгасан бөгөөд өвөрмөц өнгө дизайн нь давтагдах боломжгүй байдаг.
Даавууны өөдөсний хээ угалз урлалд гол үүрэг гүйцэтгэдэг
Даавууны өөдсүүдийг нийлүүлэн амьдрал ахуйн хэрэглээ буюу урлагийн бүтээл урлахад төдийлэн их технологи шаардлагагүй. Ердөө хайч, хатуу цаасан хавтан, цавуу болон индүү бэлтгэхэд хангалттай.
Гэхдээ даавууны өөдөс хээ угалз урлаж бүтээхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Даавууны төрөл ч хөвөн даавуу, химийн эслэг даавуу, торго, хэмэрлиг гээд олон янз байдаг. Ердийн нөхцөлд эхлээд даавууны өөдөснөөс бүтээлч санаа төрдөг. Гэхдээ мэргэжлийн бүтээлчид бүтээлчээр сэтгэж байж сая урлах материалаа бэлтгэдэг. Даавууны материал хичнээн элбэг байвал бүтээл төдий уран сэтгэмжтэй, бодит дүрслэлтэй гэдэг нь мэдээж.
Зүймэл даавууны өнгө тохирох нь бас маш чухал. Нар улаан, далай цэнхэр гэх зэргийн энгийн танин мэдэхүйгээс гадна, ерөнхий зохицлыг хадгалах гоо сайхан юм.
Зүймэл даавууны бүтээл урлахад юуны өмнө цаасан хавтан дээр цагаан, эсвэл өнгөлөг даавуун дэвсгэр бэлдэнэ. Бэлэн даавуугаа өөрийн төсөөлснөөр хайчилна. Энэ алхам нь мөн урлаж байгаа хүний түвшнийг шалгадаг. Цавуугаараа даавууны хэсгүүдийг урлаж цаасан хавтан дээрээ нааж тогтооно. Хамгийн сүүлд тэгш сайхан болгохын тулд индүүднэ. Ингээд үзэмжтэй бүтээл болно.
Ихэнхдээ уг материал болох даавуу ганц өнгийн биш, харин олон хээ буюу чимэглэлтэй байдаг. Үүнийг сайн ашиглаж чадвал урласан зүйл чинь маш гойд болох төдийгүй, хэрэв дээрээс нь товчлуур, зангилаа, бөмбөлгүүд зэргийг чимэглэл болговол өөрийн гэсэн маш өвөрмөц онцлогтой болдог.
Зүймэл даавуун урлалын хоёр үндсэн техник нь даавууны өөдсөө шууд цаасан хавтан дээр нийлүүлж зүйх, үүний сул тал бол гурван хэмжээст мэдрэмж төдийлэн хүчтэй биш. Нөгөө талаас уг материалаа товойлгон зүйхэд бэлэн болох. Энэ нь өөдсөө сэвсгэр хөвөнгөөр дүүргэн товойлгохыг хэлж байна. Хэрэв та даавууны хэсгүүдээр сайн бүтээл хийж урлая гэвэл даавууг оёх ба нөхөж оёх гэсэн хоёр техникийн нэр томьёог бас мэдэж байх хэрэгтэй. Даавууг оёх гэдэг нь зүйх, оёх, шигтгэх, залгах зэрэг том хэмжээний эвлүүлэг юм. Нөхөх гэж нэрлэгддэг хэсэг нь цэцгийн хээ угалзаар чимэглэсэн жижигхэн хэсэг бөгөөд даавууны нэг хэсгийг нааж, оёж, даавууны хэв маягаар шигтгэж өгөхийг хэлдэг.
Зүймэл даавуун урлал нь даавууны өөдсийг “эрдэнэ” болгож, эдийн засгийн хэмнэл болон байгаль орчиндоо ээлтэй зэрэг олон давуу талтай урлаг юм. Түүнд урт удаан хугацааны түүхтэй боловч агуулгын хувьд цаг үеийг даган хувирсаар ирсэн.
Сурахад хялбар, мэргэшихэд хэцүү урлаг
Та зөвхөн хагас өдрийн хугацаанд зүймэл даавуун урлалын хамгийн үндсэн зүйлийг эзэмших боломжтой. Гэхдээ үүн дээр мэргэжлийн зэрэгтэй болно гэдэг тийм ч хялбар биш юм. Оёх, зүйж наах, чимэглэх, товойлгох зэрэг алхам бүрт техник шаардагддаг.
- Даавуун материалын сонголт, зураг дизайн, өнгийн тохируулга гээд олон нарийн төвөгтэй үйл явц шаарддаг гэж Цүй Сүөлянь танилцууллаа.
Тэрээр иргэдэд энэ урлагийг зааж сургах төвд олон жилийн хугацаанд төлбөргүйгээр багшилсаар иржээ. Сүүлийн жилүүдэд Өвөр Монголын үзэсгэлэнгийн төв түүнд тусгай үзүүлбэрийн газар зохицуулж өгсөн бөгөөд тэндээ олон удаагийн сургалт зохион байгуулжээ. Цүй Сүөлянь маш тэвчээртэй сайн багш учир наян настай настнууд ч түүнийг зорьж ирдэг болсон байна.
Өдгөө тэрээр Хөххотын боловсон хүчний нөөцийн даавуун урлалын багийн даргаар сонгогдож, үзэсгэлэн, үзүүлбэрт уригдан очдог болжээ. Цүй Сүөлянь бас зав чөлөөгөөрөө ахмад настны асрамжийн газар, хүүхдийн асрамжийн газруудад очиж, жижигхэн даавуун өөдөсний гайхамшгийг харуулдаг.
Цүй Сүөлянь завгүй ажиллаж байхдаа мөн уран бүтээлийн замналаа үргэлжлүүлж байна. Түүний бүтээлүүдээс бид хадаг барьсан монгол охид, морин хуур тоглож буй хөвгүүд, тоглож буй хүүхдүүд гэх зэрэг олон үндэстний элементүүдийг олж харж болно. Үндэсний соёлыг дэлгэрүүлэх нь ардын уран бүтээлчдийн эрхэм зорилго юм гэж тэрээр байнга хэлдэг.
Цүй Сүөлянь мөн туршлага солилцохоор бусад орон нутгуудад байнга очдог. 2018 онд тэрээр Макао засаг захиргааны онцгой бүсэд зохиосон “Хөгжөөнт цагаан сар” цуврал үйл ажиллагаанд оролцож, Лү Ляньрүө цэцэрлэгт зүймэл даавууны урлалын үзэсгэлэн зохион байгуулж, иргэдийг төлбөргүй оролцуулсан байна. Энэхүү арга хэмжээнд Макаогийн хэдэн зуун иргэн оролцож, зарим нь арга хэмжээний дараа ч Цүй Сүөлянь дээр ирж, шавь орж байсан байна. Олон жилийн хугацаанд Цүй Сүөлянь Өвөр Монгол онцлогтой зүймэл даавуун урлалын бүтээлээ дэлхийн хүмүүст танилцуулсан бөгөөд өөрөө ч үүний дундаас ашиг хүртсэн байна.
- Бидний бүтээл хүмүүст хүүхэд ахуй насыг нь мэдрүүлж, хамгийн хялбар зугаа цэнгэл болсон бөгөөд байгаль орчиндоо ч ээлтэйгээрээ онцлог. Би сургалт эрхлэх явцдаа өөрөө ч ашиг хүртсэн. Өдөр бүр сэтгэл өндөр, баяр баясгалантай явдаг. Би өөрөө ч энэ ажилдаа маш сэтгэл дүүрэн байна. Даавууны өөдсийг хаягдал биш гэдгийг хүмүүст ойлгуулж явна даа гэж ярьж байлаа.
Зүймэл даавуун урлалыг хамтдаа урлана

Цүй Сүөлянь соёлын солилцооны арга хэмжээнд оролцож байна

“Загас”

“Өвгөн”

“Бүжиг 1”

“Бүжиг 2”

“Бүжиг 3”

“Тоглож буй хүүхэд”

“Хүүхэд шиг байя”

