Цахрын Шулуун Хөвөөт Цагаан хошууны Арван хоёрдугаар сумын Баян-Овоо багаар нутагтай Лувсанчүлтэм /1908-1974/ гэх намхан биетэй хөх банди байсныг хүмүүс “Хөх Чүлтэм” гэж хочилдог байжээ.
Тэрээр намхан биетэй, хөнгөн хүн байсан хэдийн ч дэвжээнд оронгуутаа булгиж тонгордог маш цолгин ширүүн барилдаантай хүн байсан бөгөөд гаднын сайн бөхчүүдийг шороодуулж явдгаараа “Гаднын бөхийн гарангаа” нэртэй болжээ. Хүүхэн Хазаартын овооны наадамд Гүл Хөх хошууны сайн бөх Тайранхай Пунгааг гурван жил дараалан хаяж байсан түүхтэй.
Хүйсийн сүмийн хуралд Хөх Чүлтэм явж очжээ. Түүнийг харсан Тайранхай Пунгаа “барилдъя” гэж гуйсан гэнэ. Залуу улсын явдал даа, аван барин барилдаж эхэлсэн бөгөөд Хөх Чүлтэм нь хаядгаараа хаяж, Тайранхай Пунгаа нь босоод дахиад л зуурдаг байж. Дараалж долоо хаяхад Пунгаа цөхрөнгөө барж, “Ахиж чамтай барилдахгүй би” гээд явсан гэнэ. Түүнээс хойш Гүл Хөхийн Тайранхай Пунгаа Хөвөөт Цагааны нутгаар явж барилдахдаа “Танай тэр хөх бандитай барилдахгүй, түүний оронд Самдан, Ёндонгийхоо нэгийг өгчих” гэдэг болсон гэлцдэг.
Хөх Чүлтэм 20-иод жил барилдахдаа 108 удаа түрүүлсэн гэдэг бол 1964 онд болсон Шанд сумын II удаагийн наадмаар хийморь сэргээх түүх намтраа дуудуулж, 57 настай дархлуулсан байна.
