solongonews
Тэмээ шинжиж хорвоог таних ухаан
2021-02-26 16:22
Тэмээ шинжиж хорвоог таних ухаан

Тэмээ шинжих

Алшаа нутагт тэмээ "таних" гэсэн үгэнд "шинжих" гэсэн утга агуулагдаж байдаг бөгөөд тэмээ сайн таньдаг хүн өөрийн хотныхоо хэдэн зуун тэмээнээс нэгийг ч алдалгүй зүслэн танихаар дуусашгүй өрөөл бусдын тэмээг ч сайн таньж, хөдөө хээр хаа газарт ганц хоёр зэлүүд тэмээ харсан ч хэний хотны тэмээ гэдгийг шинжин таних буюу ямар буурны ботго, ямар ингэний удам болохыг алдалгүй танина. Энэ нь зөвхөн тэмээ зүслэхэд сайн биш харин тэмээ сайн шинжиж чаддагаас юм. Бас энгийн үедээ айлын хотны тэмээний онцлог, өвс бэлчээрт гарах байдлыг шинжин буурны удмын онцлог, ингэний ботгоны дүр төрхийг ажиж шинжиж явсан туршлага юм. Үүнтэй адил тэмээ шинжихэд тэмээний төрх байдал, онцлог, өсөлтийн үйл явц, өссөн орчныг нь нарийн шинжихээс гадна тэмээний удам угсааг ойлгож шинжих хэрэгтэй байдаг.

Хашир тэмээчид ботго төрснөөс эхлэн шинжих бөгөөд бараг гуна хүртэл нь ажиж шинжээд тэмээ бүрийн өвөрмөц онцлог, зан, төрсөн газар, өсөлтийн үйл явцыг үндэслэн сургадаг. Нарийн танилцуулбал: 

- Шинэ төрсөн ботго газар унасан даруйд нь босож зогсохыг хөл сайн буюу тамир сайн тэмээ болох нь гэж шинжих.

- Шинэ төрсөн ботго хүн буюу бусад амьтныг хараад сүүлээ өргөж эхийнхээ цаагуур орж байвал догшин зантай буюу сэргэлэн цовоо тэмээ болох нь гэж шинжих 

- Шинэ төрсөн ботгоны таваг нь нимгэн бөгөөд эгц гишгэж байвал хурдан гүйдэлтэй тэмээ болох нь гэж шинжих

- Шинэ төрсөн ботгоны таваг нь зузаан бөгөөд сагаг шилбэ нь бүдүүн байвал ачаа тээвэрт даацтай, холын замд явахад хүчтэй тэмээ болох нь гэж шинжих

- Ямар ч шалтгаангүйгээр ботгондоо үргэлж буйлах зантай тэмээг уян зөөлөн тэмээ буюу ядар дорой тэмээ болох нь гэж шинжих

- Ботго байхаасаа таваг багатай, борви намхан, шилбэ урт, тагалцаг босоо болж хувирахыг хол гүйдэг уралдааны тэмээ болох нь гэж шинжих

- Эр ботго тором сунгуу ташаатай, цээж өргөн байвал ачиж унахад хүч чадал сайн атан тэмээ болох нь гэж шинжих

- Эм ботго тором сунгуу ташаатай, цээж өргөн байвал ботгондоо ивээлтэй, сүү сайн ингэ болох нь гэж шинжих

- Ботго байхын дөрвөн тавгаараа тэгш гишгэдэг тэмээг номхон тогтуун зантай тэмээ болох нь гэж шинжих 

- Ботго байхын дөрвөн хөлийн хумс нь бүдүүн бөгөөд малтмал хэлбэртэй байхыг ойр замын хурдан гүйдэлтэй тэмээ болох нь гэж шинжих

Ботго байхын шулуун хөлтэй, бие урт, нохой борвитой, борвины шөрмөс нь гогцоо ихтэй тэмээг онц хурдан тэмээ буюу уралдааны манлай тэмээ болох нь гэж шинжих

Тэмээ шинжиж хорвоог таних

Тэмээний элдэв янзын дуу, үйл хөдлөлөөр нь тэнгэр газрын хувирал, жилийн өнгө, тэмээний эзний хувь заяаг шинжихийг тэмээг шинжиж хорвоог таних гэдэг.

Тэмээчид үүр цайхаас шөнө орой унтах хүртэл тэрчлэн унтаж байхдаа ч хоттой тэмээнийхээ чимээ, хөдлөлийг чагнаж байдаг. Тэмээ нь цаг ямагт хол ойрын дуу, үнэр зэргийг хүнээс өмнө мэдэх төдийгүй тэнгэр газрын гай, гал усны аюул зэргийг урьдчилан мэдэх онцгой мэдрэмжтэй.

- Тэмээ дээш харж үнэртэж байвал хур бороо орох буюу алс нутагт бороо орсон гэж шинжих

- Тэмээ эзнээ харж эвшээвэл эзнийх нь ажил үйлс, бодсон санасан бүхэн бүтэмжтэй болно гэж шинжих

- Олон тэмээ нар зүг хандан хэвтвэл халуун өдөр болно гэж шинжих

- Олон тэмээ газар үнэрлэж зогсохыг нутагт нь шороо өвчин дэлгэрэх буюу газар хөдөлнө гэж шинжих

- Хаврын тэмээ салхины эсрэг амаа ангайж зогсохыг гантай жил болно гэж шинжих

- Бороонд уруудан хэвтэж байсан тэмээ босож идэшлэвэл бороо зогсоно гэж шинжих

- Унаж яваа тэмээ гэнэт чихээ дэлдгэнүүлбэл ойр хавьд ямар нэг бузар муухай зүйл буюу чоно нохой байна гэж шинжих

- Унаж яваа тэмээ гэнэт зогсвол магадгүй энэ замд ямар нэгэн муу явдал тохиолдож, бусад замаар тойрч явбал сайн гэж шинжих

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : mgyxw
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл